Жүжигчин Леонардо ДиКаприо болон “Amazon”-ыг үүсгэн байгуулагч Жефф Безос нар дэлхийн хамгийн их устах аюулд өртөөд буй 100 зүйлийг хамгаалах зорилготой 200 сая ам.долларын санхүүжилт бүхий шинэ санаачилгыг эхлүүлжээ. Энэхүү төслийг “Phoenix Species Project” хэмээн нэрлэсэн бөгөөд зөвхөн нэн ховордсон амьтдын сэргээн хамгаалалтад зориулсан хамгийн том хэмжээний сан гэж зохион байгуулагчид онцолж байна.
Төслийг Леонардо ДиКаприогийн хамтран байгуулсан “Re:wild” байгууллага болон “Bezos Earth Fund” хамтран хэрэгжүүлэх юм. Энэхүү санаачилга нь 2021 онд ДиКаприо, “Re:wild”-ийн гүйцэтгэх захирал, биологич Уэс Секрест, Жефф Безос болон Лорен Санчес Безос нарын уулзалтаас эхлэлтэй бөгөөд олон орны засгийн газар, эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалагчид, уугуул иргэдтэй зөвлөлдсөний үндсэн дээр боловсруулжээ.
Хамгаалах амьтдын жагсаалтад Мадагаскарын алтлаг титэмт сифака лемур, Зүүн өмнөд Азийн панголин, Филиппиний Висаян үүтэй гахай, Галапагосын ягаан газрын игуана, Танзанийн хуушуур хэлбэрт яст мэлхий, мөн Шинэ Гвинейн Аттенборогийн урт хошуут эхидна зэрэг дэлхийн хамгийн эмзэг зүйлүүд багтаж байна.
Төслийн хүрээнд амьтдын үржүүлгийн хөтөлбөр хэрэгжүүлэх, амьдрах орчныг сэргээх, түрэмгий гаднын зүйлүүдийг устгах, шинжлэх ухаанд суурилсан урт хугацааны хамгаалалтын ажлыг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Мөн 100 гаруй байгууллага, орон нутгийн иргэд, уугуул үндэстнүүдтэй хамтран ажиллах юм.
Леонардо ДиКаприо мэдэгдэлдээ “Устах ирмэгт хүрсэн зүйлс нь дэлхийн хамгийн чухал экосистемүүдийн тулгуур болдог. “Phoenix Species Project” нь байгаль хамгаалах арга барилыг үндсээр нь өөрчилж, уур амьсгалын хямралтай тэмцэхэд бодит өөрчлөлт авчрах боломжтой” хэмээн онцолсон байна.

