Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн теартын уран бүтээлчид ирэх долоо хоногт орон нутгийг зорихоор болжээ. УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатартай ярилцлаа.
-Театрын уран бүтээлчид орон нутгийг зорихоор болжээ. Ямар бүрэлдэхүүнтэй баг явах гэж байна вэ?
-“Театрын өдрүүд 2014” хөтөлбөрийн дагуу театрын уран бүтээлчид зүүн аймгуудыг зорих гэж байна. Энэ удаагийн урлагийн бригадад 40-өөд хүний бүрэлдэхүүнтэй баг багтаж байна. Ардын жүжигчин С.Сарантуяа ахлагчтай театрын уран бүтээлчид орон нутгийг зорих гэж байна. Түрүү бригад гэж нэрлэдэг менежментийн багийг Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Отгонбат, Гавьяат жүжигчин Ж.Оюундарь нар ахална. Багийн бүрэлдэхүүнд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, жүжигчин С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Ц.Цэрэнболд, Б.Одончимэг, М.Тогтохжаргал, н.Баярмаа нарын 20-иод жүжигчид багтаж байна.
– “Театрын өдрүүд 2014” хөтөлбөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас эхэлж, Дорнод аймагт өндөрлөх нээ. Тоглолтын хөтөлбөрөөс танилцуулна уу?
-“Театрын өдрүүд 2014” тоглолт Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад энэ сарын 18-28-ны өдрүүдэд үргэлжилнэ. Аялан тоглолт есдүгээр сарын 18-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас эхлэх юм. Хэнтий аймгийн Чингис хаан хотод энэ сарын 19, 20, 21-нд, Сүхбаатар аймагт 23, 24-нд, Дорнод аймагт 26, 27, 28-ны өдрүүдэд тоглох хуваарьтай.
-Аялан тоглолтонд ямар ямар уран бүтээлүүд багтсан бэ?
– “Бүүвэй” уянгын драмын жүжиг, “Нууц амраг чинь больё”, “Эхнэрээ зээлээч” жүжгүүд багтаад байна. Мөн хүүхдүүдэд зориулсан “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжиг тоглогдоно. Дээр жүжгүүдийг хотод ямар баг, бүрэлдэхүүнтэйгээр тоглож байсан яг тэр багаараа үзэгчидэд хүргэх юм. Энэ бол хөдөө, орон нутгийн үзэгчдийн хувьд алдаж болохгүй том боломж юм.
-Уран бүтээлчдийн хувьд орон нутгийн тайзан дээр тоглоход ямар нэгэн хүндрэл гардаг уу? Тоглолтын үнийн тухайд.
-Үгүй дээ. Орон нутгуудад театр ихээр баригдаж байна. Зарим газар хотыг бодвол жижиг тайзтай газар байдаг ч жүжигчид тухайн орчноо мэдрээд тоглочихдог. Театрын хувьд өөрийнхөө тайзан дээр тоглодог тайзнаас гадна орон нутагт тоглох тайз гэж бэлтгэдэг. Мэдээж дээхнэ үед бол бригадын тоглолтууд гэж их явдаг байсан. Тэр үеэс эхлэн орон нутгийн тайз ч бас тусдаа тавигдах болсон. Тайз засалтаас эхлээд арын албанд маш олон хүмүүс ажиллаж байна. Тиймээс өргөн бүрэлдэхүүнтэй баг орон нутгийг зорих гэж байна. Тасалбарын хувьд хүүхэд 3000 төг, том хүн 6000-8000 төгрөгийн үнэтэй. “Эхнэрээ зээлээч”, “Бүүвэй” зэрэг шоу драмын жүжгүүд маань 8000 төгрөгийн үнэтэй байна.
-Тоглолтоос гадна ямар хөтөлбөрүүд байгаа вэ?
-Орон нутгийн үзэгчид маань тэр бүр Улаанбаатар хотод ирж жүжиг үзээд байдаггүй шүү дээ. Орон нутагт тоглоход хүндрэлтэй байдаг гээд бид бүхэн аялан тоглолтоо хийдэг түүчээг тасалсангүй. Тиймээс бидний аялан тоглолт үргэлжилж байна. Аймагт бүрт 3-4 хоног байна. Бид хөдөө, орон нутгийн соёл, урлагийн байгууллагуудтай хамтарч ажилладаг. Мэдээж дунд сургуулийн хүүхдүүдтэй уулзалт зохион байгуулна. Мөн аймаг бүрийн төв талбай дээр шоу арга хэмжээг зохион байгуулна. Тухайн аймаг бүрт өөр өөрсдийн санал хүсэлтийн дагуу арга хэмжүүнүүд болдог.
-Таны хувьд эдгээр аймгуудад хамгийн сүүлд хэзээ тоглож байв?
– Миний хувьд Дорнод аймагт хамгийн сүүлд 2007 онд очиж байсан юм байна. Харин Сүхбаатар, Хэнтий аймгуудад 2012 оны хавар очиж байсан. Тухайн үед бид өөр жүжиг тоглож байсан бол энэ удаа шинэ жүжгүүдээ толилуулах гэж байна. Бид бүгдийн жүжгийг үзэж, хамтдаа дуулж, уйлж, дэмжиж байдаг үзэгчтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээж байна.
– Ирэх аравдугаар сарын хуваарийг харахад театрын уран бүтээлчид их завгүй байх нээ.
-Сар 30-31 хоногтой байдаг бол урьдчилсан төлөвлөгөөнд 32 тоглолтын хуваарь байна. Тэгэхээр өдөр бүр тоглолттой гэсэн үг. Бэсрэг жүжгүүд ч ирэх сард дахин тоглогдоно. Долоон найруулагчийн долоон жүжгийн сүүлийн хоёр жүжиг болох “Буруугүй буруутан” уянгын драм, “Чөлөөт хос” жүжгүүд тавигдана. Мөн бүх долоон жүжиг хаалтын тоглолтуудаа хийх учир ирэх сард театрын уран бүтээлчид завгүй байна. Хүүхдүүдэд зориулсан жүжиг ч үдээс өмнө тоглогдоод явна.
Дашрамд дурдахад, “Театрын өдрүүд 2014” хөтөлбөр Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр суманд есдүгээр сарын 18-нд, Чингис хаан хотод 19, 20, 21-нд, Сүхбаатар аймагт 23, 24-нд, Дорнод аймагт 26, 27, 28-ны өдрүүдэд тоглох хуваарьтай аж.
Ч.БОРГИЛ