Ардын жүжигчин Л.Цогзолмаагийн нэрэмжит “Авьяас” хүүхдийн ордны захирал, багш С.Амгалантай ярилцлаа.
Тэрбээр хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлтэй нэгэн бөгөөд “Хүүхэд бидний толь” хэмээн үздэг ажээ.
-“Сурагч” сонинд ажиллаж байсан тань хүүхэдтэй ажиллахад нөлөөлсөн байх. Энэ утгаараа тэдэнтэй ажиллахад хамгийн энгийн зүйл юунаас эхэлбэл зохистой гэж боддог вэ?
-Гэгээлэг, ухаарал хайрладаг тэднээс сурах зүйл их. Тэр хэмжээгээр надад эрхэм санагддаг. Би “Сурагч” сонинд ажиллаж байсан. Нэлээд хугацаанд хүүхдийн төлөө ажиллаж, тэдэн зориулж хэвлэл гаргаж байсан нь үүнтэй холбоотой байх. Би сэтгүүлч мэргэжилтэй л дээ. Сэтгүүл зүйн салбарт олон жил ажилласан. Хүүхэдтэй ажиллахад хамгийн энгийн зүйл биеийнх нь өндөрт тааруулж сууж байгаад нүд рүү нь эгц харж ярилцах. Учир нь хүүхэд биднээс намхан учраас зогсч байгаад ярих нь тэдэнд тааламжгүй, үл тоомсорлосон мэт санагддаг. Томчууд бид ч өөрөө өндөр эсвэл хэт намхан хүнтэй ярихад дээшээ юм уу доошоо тонгоож харилцах хэрэгтэй болдог. Энэ нь бидэнд түвэгтэй санагддаг. Гэтэл тэр мэдрэмжийг хүүхдүүд өөрсдийг нь үл тоомсорлож байгаагаар хүлээж авдаг. Тэдний биеийн онцлогт тааруулж харилцах нь хамгийн чухал. Ингэснээр тэд өөрсдөдөө итгэлтэй болдог. Мөн өөрийгөө бүрэн илэрхийлэх, юу хүсч мөрөөдөж байгаагаа мэдэх, авьяасыг нь нээх зэрэг давуу талууд бий болдог.
-Авьяасгүй хүүхэд гэж байдаггүй. Үүнийг нээн илрүүлэх нь эцэг, эх, багш, тухайн хүүхдийн оролцоо хамгийн их нөлөөлдөг байх?
-Хүүхдийн төлөө чин сэтгэлээсээ ажиллана гэдэг амаргүй. Тэглээ гээд би хэзээ ч шантарч байгаагүй. Учир нь би өөрөө эцэг хүн. Хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө санаа зовдог. Ганц өөрийн хүүхэд гэхгүй бусад хүүхэдтэй ч адилхан хандахыг хүсдэг. Хүүхэд бүрт л авьяас бий. Авьяасыг нээнэ гэдэг ганц нэг сарын дотор илэрч тодроод манддаг зүйл биш. Цаг хугацаа, зүтгэл, эцэг эх, багш, хүүхдийн хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болдог. Энэ завшааныг ашиглаад нэг зүйл хэлмээр байна. Хүмүүс цэцэрлэг, сургууль, өдөр өнжүүлэх, дугуйлан, дамжаанд хүүхдээ явуулчихаад багш нар нь авьяасыг нь нээх ёстой гэж үзэх тохиолдол болон байдаг. Эцэг, эхчүүд хүүхдээ сар хүрэхгүй хугацаанд хэд, хэдэн дугуйлан дамжаа сольж өөр өөр анги руу шилжүүлдэг. Энэ буруу. Нэг дугуйланд тууштай явуулах нь хамгийн чухал. Мөн хүүхэд дамжаандаа сурсан мэдсэн зүйлээ гэртээ хариад байнга давтаж бэлдэж байхад нь эцэг, эх нөлөөлөх ёстой. Гэтэл зарим эцэг эхчүүд хүүхдүүдээ гэртээ бэлтгэл сургуулилт хийлгэдэггүй. Ингэхээр дамжаан дээр сурсан зүйлийн үр дүн гарахгүй. Улмаар хүүхдийн авьяас, чадвар хөгжихгүй шүү дээ. Дамжаан дээр сурсан зүйлийг хүүхдийн хичээл зүтгэл, эцэг эхийн тус дэмээр хөгжүүлэх нь жинхэнэ аяьяасыг нээж хөгжүүлэх хамгийн дөт зам. Ер нь бол туушдаа хандах нь зөв л дөө. Дан ганц дугуйлан дамжаа гэлтгүй цэцэрлэг, сургууль, өдөр өнжүүлэхэд явж байгаа хүүхдүүдэд энэ хамааралтай.
-Та яриандаа ерөнхий боловсролын сургуулийн боловсролын системд нэлээд том өөрчлөлт оруулах цаг болсон юм шиг надад санагддаг гэж ярьж байсан удаатай. Энэ тухайгаа тодруулбал?
-Би айхавтар сэхээтэн, мэргэжилтэн биш. Зүгээр хүүхдийн төлөө гэсэн энгийн нэгэн иргэн хүн. Хүмүүс орчин үеийн хүүхдүүд айхавтар болсон гэж ярьдаг хэрнээ яагаад, хэнээс болов, үүнд юу нөлөөлөв гэж нэг ч удаа асууж үздэггүй. Үүнд эцэг эх, сургуулийн орчин нөхцөл, бүр цаашилбал болосвролын систем буруутай гэж би бодож явдаг. Үнэнийг хэлэхэд ерөнхий болосвролын сургуулийн сургалтын системд маш олон нэр томъёо бүхий онол, туршилт заадаг. Энэ нь шинжлэх ухааны хувьд зөв байх. Гэхдээ хувь хүн буюу нийгмийн харилцаа, бие биеээ хайрлах, хүндлэх, хүүхдийн хүмүүжилд системтэйгээр анхаарах зүйлийг тусгаж өгөөгүй байдаг. Хүүхэд сургууль дээр очлоо 5+5=10 гэдгийг би зөв бодвол мундаг сайн хүн болно гэдэг ойлголтыг автоматаар тусгаад авчихдаг. Харин би ангийнхаа хэн нэгэнд тусалбал сайн хүн, хүнлэг хүн болно гэдгийг бараг хэн ч зааж өгдөггүй. Яагаад гэхээр орчин үеийн хүмүүс их мундаг хүн болох гэж дэлхийн сонгодог, уран зохиол, роман, тууж уншлаа гэж ирээд сайрхаж ярьдаг. Үнэн хэрэгтээ хүүхдийн хүмүүжил, авьяас, сэтгэхүй, зан төлөв, бие биеээ хайрлах ухаан, тэдний нас биеийн онцлогт таарсан өөрчлөлтүүдийн талаарх ном уншиж байгаа хүн ховор болсон байгаад л учир байгаа юм. Энэ бүхнийг цогцоор нь тусгасан боловсролын систем чухал. Мөн нийгмийн байдал хүмүүсийн харилцааг хөндийрүүлж байгаа юм шиг санагддаг. Хүн бүр хэн нэгэнд чин сэтгэлээсээ туслах дэмжих гэхээр хүмүүс энэ яах гэж байна, ямар бодолтой юм бол гэсэн айсан, хардсан сэтгэлээр ханддаг цаг үе ирсэн явдал юм. Энэ бүхнээс шалтгаалаад хүүхэд буруу үлгэр дуурайлал авч байгаад сэтгэл дундуур явдаг.
– Танайх хэчнээн дугуйлантай вэ?
-Би “Сурагч” сонинг эрхлэн гаргаж байгаад “Авьяас” хүүхдийн ордныг нээх санаа гаргасан. Олон хүнээс ч туслалцаа хүссэн. Гэтэл ардын жүжигчин Л.Цогзолмаа эгч маш халуун дотно хүлээж аваад ордныг маань өөрийнхөө нэрэмжит болгож өгсөн. Л.Цогзолмаа гуай бол мундаг чадвартай хүн. Ийм хүний дэмжлэг туслалцааг авчихаад энэ ажлаасаа шантарч, ухарч зүрхлээгүй юм. Үнэнийг хэлэхэд ордныхоо талаар хүмүүст танилцуулаад дэмжлэг туслалцаа хүсэхэд “Болчихсон байна шүү дээ өөр юу хэрэгтэй юм” гэдэг. Манай ордон байгуулагдаад нэг жил болж байна. Мэргэжлийн 15 багштай. Өдөр өнжүүлэхэд таван багш бий. Шатар, уран нугаралт, төгөлдөр хуур, таеквондогийн зэрэг 10 гаруй дугуйлан ажлуулж байна. Шатрын дугуйланд их мастер Ц.Батчулуун, уран нугаралтын хичээлийг эгч дүү гурван нугараачийн нэг Энхцэцэг, таеквондог Солонгосоос мэргэжлийн дасгалжуулагч авчран заалгуулж байна. Би өөрөө өдөр өнжүүлэхдээ багшилдаг. Манай ордон энэ хичээлийн жилээс эхлэн дугуйлан болон өдөр өнжүүлэхийн хүүхдүүддээ монгол бичиг заахаар болсон.
-Сая тантай уулзах гээд хүлээж байхад өдөр өнжүүлэхийн хүүхдүүдтэйгээ гүйгээд ирж байгаа харагдлаа. Өглөө болгон хүүхдүүдтэйгээ гүйдэг үү?
-Өглөө ажил хэдэн цагаас эхэлдэг билээ. Эцэг, эхчүүд нь ажилдаа явахаасаа өмнө хүүхдүүдээ авчирдаг. Би өөрөө өглөө гүйдэг. Тэгэхдээ ордонд эрт ирсэн хүүхдүүдээ дагуулаад хамт гүйдэг. Хэдэн өдөр яваад өглөө гүйдэг гэдгийг мэддэг, хүүхдүүд өглөө хамт гүйхээр бэлтгэлийн хувцастай ирсэн тохиолдол ч байна. Танхимд суулгаад “Тэг, ингэ гэхийн оронд хамт гүйх нь ядаж л хүүхдүүдийн бие бялдар, эрүүл мэндэд хэрэгтэй шүү дээ. Энэ нь нэг талаараа шүд өвдөхөд тийм эм ууна гэж сургахаас илүү гүйх нь эрүүл мэндэд тал бүрийг нь ашигтай гэдгийг л ойлгуулах юм. Хүүхдийн эрүүл мэндийн боловсролд нэмэр болно биз дээ.
-Манай улсад хүүхдийн гэх тодотголтой “Монголын хүүхдийн ордон” хотын төвд ганцхан байдаг. Хүүхдүүд нь уралдаан тэмцээнд байнга оролцдог нь дуулддаг. Харин танай орны хүүхдүүд олон нийтийн ажилд хэр идэвхтэй оролцдог вэ?
-Хүүхдүүдээ аль болох олон нийтийн ажилд идэвхтэй оролцуулахыг боддог. Мөн янз бүрийн хүүхдийн уралдаан тэмцээнд оролцуулна. Хаяа бид байгууллагын арга хэмжээнд үнэгүй тоглож өгий гэж хүртэл хүсэлт тавьдаг. Зарим нь ямар ч мөнгө авахгүй гэхээр их гайхдаг. Мөнгийг хүмүүс их чухалчилдаг болж. Энэ чинь зүгээр хүний хэрэгцээ шүү дээ. Сэтгэл байхад энэ юу ч биш. Гадна талбайд ил задгай арга хэмжээнд хүүхдүүдээ дагуулаад явдаг нэг ч төгрөг авахгүй Манай хүүхдүүд сурсан мэдсэн зүйлээ та бүхэнд харуулж болох уу гэхэд ихэнх хүмүүс дурамчхан ханддаг. Өнгөрсөн хүүхдийн баярын үеэр манай хүүхдүүд нэлээд олон арга хэмжээнд оролцсон. Их баярлацгаасан. Саяхан болсон Севол хөлөг онгоцны ослоор маш олон хүүхэд бурхан болсон. Тэр үеэр манай хүүхдүүд Солонгост очиж эмгэнэл илэрхийлсэн.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Нэргүй