Холливудын алдарт жүжигчин Брэд Питт дотнын найз Жорж Клунид түүнийг “Үнэхээр муу бүжигчин” хэмээн шоглосон мэндчилгээ илгээжээ. Тодруулбал, Венецийн олон улсын кино наадмын үеэр жүжигчин Жорж Клуни кино урлагт оруулсан хувь нэмрээ үнэлүүлж, нэр хүндтэй шагнал хүртсэн. Энэ үеэр Брэд Питтийн илгээсэн тусгай мэндчилгээг жүжигчин Лора Дерн тайзан дээрээс уншиж олныг хөгжөөжээ.
Брэд Питт захидалдаа Жорж Клуниг олон талаараа онцгой чадвартай нэгэн хэмээн магтсан бөгөөд түүнийг алиа хөгжилтэй, өгөөмөр, авьяаслаг жүжигчин, сайн аав, халамжтай нөхөр төдийгүй дэлхийн сайн сайхны төлөө санаа тавьдаг хүн хэмээн тодорхойлсон байна.
Харин захидлынхаа төгсгөлд тэрбээр найзыгаа хөгжилтэйгээр шоглож, Жорж Клуниг “Үнэхээр муу бүжигчин” хэмээн онцолсон нь ёслолд оролцогчдын инээдийг хүргэжээ.
Брэд Питт болон Жорж Клуни нар Холливудын хамгийн дотно нөхөрлөдөг жүжигчдийн тоонд ордог. Тэд өмнө нь “Ocean’s” киноны цувралд хамтран тоглож байсан бөгөөд хамгийн сүүлд “Wolfs” кинонд дахин нэгдсэн юм.

