АНУ-ын Холбооны шоронгуудыг удирдах товчооны шинэчлэгдсэн мэдээлэлд дурдсанаар, Америкийн реппер, продюсер P.Diddy буюу Шон Комбс 2028 оны хоёрдугаар сарын 5-нд шоронгоос суллагдах ажээ. Энэ тухай “USA Today” сонинд мэдээлснийг “Kazinform” агентлаг дамжууллаа.
Өдгөө 56 настай реппер Нью-Жерси муж улсын шоронд 50 сарын хугацаагаар хоригдож байгаа юм. Түүний суллагдах огноо хэд хэдэн удаа өөрчлөгджээ. Эхлээд тэрбээр 2028 оны тавдугаар сарын 8-нд суллагдах байсан бол мөн оны хоёрдугаар сарын 8-нд суллагдахаар болсон байна. Ийнхүү хугацаа өөрчлөхдөө хоригдогч зан байдлын хувьд сайн байж засарч хүмүүжсэн, хоригдсон хугацаа, дахин гэмт хэрэг үйлдэх эрсдэлийг багасгах тусгай хөтөлбөрүүдэд хамрагдсан зэргийг харгалзан үзжээ.
P.Diddy ярихдаа, сүүлийн 25 жилийн хугацаанд анх удаагаа архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис болон бусад хорт зуршлаас бүрэн татгалзаж, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж байгаагаа мэдэгдсэн байна. Мөн тэрбээр эмчилгээнд хамрагдаж,бусад хоригдлуудад зөвлөгөө өгч эхэлжээ.
2025 оны долдугаар сард тангарагтны шүүхээс “биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүмүүсийг зөөвөрлөсөн” гэх зүйл ангиар буруутган түүнд ял оноосон юм. Тэрбээр хэд хэдэн эмэгтэйчүүд, тэдний дотор хуучин найз бүсгүйчүүд болох Касандра “Кэсси” Вентура Файн болон “Жейн” гэдэг нууц нэртэй нэгэн эмэгтэйг зөөвөрлөсөн хэрэгт холбогдсон байна. Харин бэлгийн мөлжлөгт оруулах зорилгоор хүн худалдаалсан, гэмт хэрэг үйлдэх зорилгоор хуйвалдаан зохион байгуулсан гэх илүү ноцтой хэргүүдэд түүнийг буруугүй гэж үзжээ.

