Холливудын нэрт жүжигчин Гэри Олдман дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээх жүжигчин аль хэдийн сонгогдсон гэж мэдэгдсэн нь олны анхаарлыг татаж байна. Тэрбээр “Slow Horses” цувралын хамтран тоглогч Жэк Лоуден шинэ 007 болсон байгаасай хэмээн найдаж байгаагаа хэлжээ.
Олдман Канадын “The Morning Show” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Лоуден Бондын дүрд нэр дэвшигчдийн богино жагсаалтад багтсан гэх мэдээллийн талаар ярихдаа, “Тэд түүнийг сонгосон. Тэд сонголтоо хийчихсэн, гэхдээ хараахан зарлаагүй байна. Тиймээс би Жэкийн төлөө хуруугаа зөрүүлэн залбирч байна” хэмээн ярьжээ.
Ийнхүү Олдманы мэдэгдэл Жэк Лоуден шинэ Бонд болсон гэх цуурхлыг улам хүчтэй болгосон байна. Лоуден нь Олдмантай хамт “Slow Horses” цувралд тоглодог бөгөөд сүүлийн үед 007-гийн дүрд нэр дэвшиж буй гол жүжигчдийн нэгээр яригдаж байгаа юм.
Гэхдээ “Amazon MGM Studios” шинэ Жеймс Бондын нэрийг одоогоор албан ёсоор зарлаагүй байна. Мөн шинэ киноны зохиолч Стивен Найт кастингийн шийдвэрийн талаар тайлбар өгөхөөс татгалзжээ.
Дараагийн “James Bond” киног “Dune” киноны найруулагч Дени Вильнёв найруулах бөгөөд зохиолыг “Peaky Blinders” цувралын бүтээгч Стивен Найт бичиж байна. Шинэ кино 2027 онд үйлдвэрлэлд орохоор төлөвлөгдөж байгаа аж.

