“Монсудар” хэвлэлийн газраас Оросын философич, Дэлхийн утга зохиолд асар их хувь нэмэр оруулсан их зохиолч Фёдор Михайлович Достоевскийн “Цагаан шөнө” өгүүллэгийг орчуулагч Ж.Цолмонгийн орчуулгаар уншигчдын гарт хүргэх гэж байна.
“Цагаан шөнө” бол түүний “Гэмт хэрэг ба ял шийтгэл”, “Карамазовын хөвүүд” зэрэг гүн гүнзгий, жинтэй үзэл санааг дэвшүүлсэн, философийн зохиолуудаас нэлээд өмнө, зохиолчийн залуу насандаа бичсэн богино өгүүллэг юм. Бичиглэл нь гэгээлэг, хөнгөхөн өнгө аястай хэдий ч нандин хайр, үл давтагдах мартагдашгүй мөч, ганцаардал, мөрөөдөл ба бодит амьдрал зэрэг сэдвийг хөндөж, хүн бүрийн сэтгэлд байдаг тэрхүү гуниг жаргал хосолсон торгомсог мэдрэмжийг уран яруугаар илэрхийлжээ. Хэдий зохиолч бээр эл өгүүллэгээ цэл залуудаа, карьерынхаа эхэн үед бичсэн ч гэлээ одоог хэр нь алдартай байдгийн учир нь магад гол дүрүүд нь уншигчдад өөрийгөө таних боломж олгодогт байдаг болов уу. Өгүүллэгийн хэмжээ ч тэр Мөрөөдөгч, Настенька хоёрын өнгөрүүлсэн цаг хугацаа шиг богино авч хэлэх гэсэн санаа нь агуу: Хайр бол эзэмших хүсэл бус, өөрт ирээгүй сэтгэлийг ч хариу нэхэлгүй хайрлах эрмэлзэл юм. Өдөр биш атлаа гэгээн, саруул шөнө нь далдуур ганцаардал ба дотносол, итгэл найдвар ба цөхрөл гэх мэтчилэн зохиолын дүрүүдийн сэтгэл санааг илэрхийлж, хоромхон зуур үргэлжлэх ид шидийн мэт мөч, аз жаргалыг бэлгэддэг.
Санкт-Петербургийн цагаан шөнийн үеэр ганцаардмал мөрөөдөгч залуу нэгэн бүсгүйтэй санамсаргүй учирч, мартагдашгүй хайрыг мэдэрнэ.
…Хүн болгон л байгаагаасаа илүү хатуу харагдахыг хичээдэг юм шиг. Хэтэрхий хурдан дэлгэчихвэл сэтгэл гэдэг зүйл амархан гутаагдчих юм шиг бодож айцгаадаг юм болов уу…

