Зургаан жилийн хугацаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас уран бүтээлээ завсарласны эцэст Канадын нэрт дуучин Селин Дион Францын Парис хотын “Plenitude Арена” цэнгэлдэх хүрээлэнгийн тайзнаа 30 мянган үзэгчийн тоглолтоо хийлээ.
Дуулахынхаа өмнө тэрбээр нулимс дуслуулан хэлэхдээ, эргэн ирэх зам нь амаргүй байсныг дурдав. “Өнөөдөр орой би та нартаа зориулан дуулмаар байна, өөртөө зориулан дуулмаар байна, амьдралын төлөө дуулмаар байна” гэж дуучин бүсгүй хэллээ.
Концертын хөтөлбөрт “My Heart Will Go On”, “Because You Loved Me” зэрэг түүний хит дуунууд багтсан байна. Үзэгч олон түүнийг халуун алга ташилтаар угтан авсан бол хөгжмийн шүүмжлэгчид анхны концертыг нь өндрөөр үнэлжээ.
Парист тоглох концертууд бол Селин Дионы эргэн ирэлтийн чухал хэсэг бөгөөд шүтэн бишрэгчид нь түүнтэй хамт 26 үдшийг өнгөрүүлэх юм.
Тэрбээр 2024 оны Олимпын наадмын нээлтэнд Эдит Пиафын “Hymne à l’amour” гэдэг дууг дуулсныг эс тооцвол Францад бараг 10 жилийн хугацаанд тоглолт хийгээгүй юм. Түүний 27 цомгоос 15 нь франц хэлээр туурвисан уран бүтээлийн цомог бөгөөд “Парис бол миний хоёр дахь гэр орон” хэмээн дуучин бүсгүй ярьдаг.





