Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Үй Хуагийн “Ахан дүүс” роман орчуулагч Мө.Батбаярын орчуулгаар уншигчдад хүрч байна
Утга зохиол

Үй Хуагийн “Ахан дүүс” роман орчуулагч Мө.Батбаярын орчуулгаар уншигчдад хүрч байна

Урлаг Урлаг15/09/2026Сэтгэгдэл байхгүй6 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хятадын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөл Үй Хуагийн “Ахан дүүс” роман орчуулагч Мө.Батбаярын орчуулгаар уншигчдын гарт хүрч байна.

Тус бүтээл хоёр дэвтрээс бүрдэх бөгөөд тэргүүн дэвтэр нь ийнхүү хэвлэгдэн гарч буй юм.

ОРЧУУЛАГЧИЙН ЗУРВАС

  1. Дөрвөн роман нэгэн цогц болох тухай

Хоёр мянга хорин долоон он хэзээ мөдхөн гарах нь ээ. Хонь жилийн цантай халуун хошуу наашаа эргэжээ. Хорин долоон он гарснаар анхны орчуулга зохиолч Үй Хуа (зүй нь Юй Хуа. Тухайн үед хэрхэн галиглах тухай яриа өрнөж нэгэнтээ монгол хэлнээ хэвлэгдээд байсан “Хятад орныг арван үгээр” номд галигласныг дагасан билээ)-ийн “Амьдрахуй” роман монгол хэлнээ хэвлэгдээд яг арван онтойгоо золгох аж.

Саяхан зохиолч нэгэн ярилцлагандаа 32 жилийн хугацаанд тус роман 41 хэлээр 43 оронд гарсан тухай хэлээд орнуудын нэрийг Франц, Герман, Англи, Солонгос, Энэтхэг зэргээр дурдахын дотор Монгол хэмээн улсын маань нэр цохогдоход нь айлын “хүүхдүүдтэй” мөр зэрэгцэж л явна даа гэсэн шүү хөөрүү бодол төрж суув.

Мөдхөн тохиох нэгэн аравны хугацаанд түүний “Цусаа худалдсан тэмдэглэл” “Вэн хот” “Туурвих хичээл” зэрэг өөр гурван бүтээлийг мөн орчуулсан байх юм. Эргээд харжээ байхад “Амьдрахуй” утгачилсан орчуулга түлхүү барьж, зарим заримдаа аргагүй туршлага дульдаж андуурч ташаарсан явдал ч харагдах бол “Цусаа худалдсан тэмдэглэл” романы орчуулгаас үг өгүүлбэрийг яс барьж, буцаагаад эх хэл рүү буулгахад эх зохиол нь яв цав гарч ирэхээр орчуулга болгоё гэж зорьж асан маань харагдана. Харин “Вэн хот” романы орчуулга дээрх хоёр янзын арга барилыг хослуулсан гэж болохуйц орчуулга болжээ хэмээн бодогдож байв. Тийм ч биз, бас үгүй ч биз. Өөрийнхөө алдаа оноог л дэнсэлж байгаа царай маань энэ юм уу даа.

Дээрх романууд түүхэн зохиол биш ч зохиолын үйл явдал түүхэн цаг үеийн дэвсгэр дээр өрнөдгийг бид мэднэ. Тухайлбал “Вэн хот” Чин улсын төгсгөл үе, 1911 оны хувьсгал, Бүгд найрамдах улсын эхэн цэргийн эрхтнүүдийн үед өрнөх бол “Амьдрахуй” романы үйл явдал 1940 өөд оны иргэний дайн, газрын шинэчлэл, их үсрэлт, өлсгөлөн, соёлын хувьсгал, өөрчлөлт шинэчлэлийн эхлэл гээд Хятадын түүхийн зургаан том үеийг нэг гэр бүл, нэг хүний амьдрал, хувь заяагаар харуулсан бүтээл. Харин одоо таны гарт буй “Ахан дүүс” хэмээх энэ романы үйл явдал соёлын хувьсгалын үеэс эхэлж өөрчлөлт шинэчлэлийн нээлттэй бодлого, зах зээлийн нийгмийн үеийг багтаасан 1960-2000 оныг түүхэн цаг үеээ болгожээ. Өөрөөр хэлбэл өмнөх романуудад өгүүлэгдээгүй түүхэн цаг үеийг өгүүлж, он цагийг наашлуулсан гэж хэрэг. Зохиолч бээр дөрвөн романаа хорьдугаар зуун хэмээх их зэлнээс эгнүүлэн уяж зуун жилийн нийгэм түүхийн амьдралыг түүнээсээ тольдохыг зорьсон гэлтэй. Энэ дөрвөн роман тус бүр өөр өөрийн цаг үе, үйл явдал, үзэл санааг өгүүлэх болов чиг дөрвүүл нийлж баймаажин сая цогц болно. Зохиол энэ дөрвөн романаараа 1900-2000 он хүртлэх зуун жилийг ар үзэгдэл болгож хорьдугаар зууныг өгүүлэх гэсэн уран сайхны зорилго тавьсан мэт. Тиймээс тус дөрвөн роман цогцоороо байж зохиогчийн тэр зорилго бүрэн бүтэн харагдана. Иймээс “Ахан дүүс” роман хэвлэгдэн гарснаар зохиогчийн тавьсан том зорилгыг эх хэлээрээ бүтнээр мэдрэх боломж бүрдэж байна гэж мунхаглах. Нөгөөтэйгүүр эвтэй дөрвөн амьтан шиг эвлэсэн энэ дөрвөн романыг цогцоор нь орчуулъя гэсэн зорилго минь биелэж байна. Хүсэлдээ хүрэх гэсэн нэгэн аравны “аялал” энд хүрээд өндөрлөж буйг мэргэн уншигч танаа дуулгахад таатай байна. Ахиад орчуулах өдий төдий зохиол бүтээл зохиолчид бий ч цогц болгох гэсэн дөрвөн романы ард гарсан тул миний хувьд хангалттай буюу.

  1. “Ахан дүүс” романы тухай товч өгүүлэх инү

“Ахан дүүс” романыг уншаагүй бол уншаарай, уншсан бол ахин уншаарай гэсэн нөхөрсөг зөвлөгөөгөөр энэ хэсгээ эхлүүлюү. Энэ ном зохиолчийн дөрөв дэх бүрэн хэмжээний роман. Хэмжээний хувьд хамгийн урт нь. 2005 оны найм дугаар сард анхлан хэвлэгдсэн. Дээд дэвтэр нь харьцангуй богино ойролцоогоор 170 мянга гаруй ханзтай бөгөөд доод дэвтрийнхээ оршил, эхлэл гэж болохуйц бол доод дэвтэр нь 330 мянган ханзтай ингээд нийлүүлвэл 500 мянган ханзтай данагар бүтээл. Хэвлэгдээд жил гаруйн хугацаанд 1.1 сая борлуулагдаж 2005 оны хамгийн их борлуулалттай номоор нэрлэгдэж байж. Зохиогчийг Англи, Америк ертөнцөд алдаршуулж Хятадын Диккенс хэмээгдэх болсныг ч тус романтай хамаатуулдаг.

“Ахан дүүс” бас магтаал маргааныг хамгийн их дагуулсан бүтээл гэдгийг энд цохон хэлэх нь зүйтэй байх. Нэг хэсэг хэт арилжааны, хэтэрхий марзан, дэвэргэн, болхи гэх зэргээр шүүмжилсэн бол нөгөө хэсэг нь орчин үеийн нийгмийн хөрөг зураг болсон бүтээл. Соёл, ёс суртахуун, уламжлалт үнэт зүйлс өнөө цагт хэрхэн өөрчлөгдөж буйг гоц харуулсан гэх зэргээр магтсан. Зохиогч өөрийнхөө хамгийн шилдэг сайн бүтээл гэдэг бол уншигчид түүнтэй санал нийлдэггүй. Уншигчид эхний дэвтэрт өгүүлэгдэх арван жилийг өөрсдийн үзсэн туулсан туршлагатай гүнээ нийцэж байна хэмээн хүлээн авдаг бол удаах дэвтрийн болхи бүдүүлэг, утгагүйрэл давамгайлсан хэсгүүдийг төдийлөн хүлээн зөвшөөрдөггүй. Тэд тухайн үеийн нийгмийн харанхуй сүүдэртэй талыг дэгсдүүлэн, эротикжуулан харуулсныг шүүмжилдаг, бухимддаг. Гэвч эдгээр шүүмжлэл, дургүйцэл зохиогчийн хэлэх гэсэн санаа, энэ завхайрал, утгагүйрлээр дамжуулж илэрхийлэх гэсэн утгыг төдий л сайн ойлгоогүй санагддаг.

“Амьдрахуй”-н өгүүлэмж уламжлалт хэлбэртэй, хэтрүүлэг, постмодернист янз бүрийн арга барил бараг ашиглаагүй, дотогшоо хандсан, яруу найраглаг, уул усны зураг шиг хоосон орон зай ихтэй өгүүлсэн нь ажиглагддаг бол “Ахан дүүс” өөр. Эхний дэвтэр уламжлалт реалист бичлэгтэй байхад хоёрдугаар дэвтрээс Юй Хуагийн дуртай Кафкагийн авангард шинж тодорхой харагддаг. Ийм эрс тэс бичлэгийн хэлбэрээр нэг роман бүтээж хоорондын асар их ялгаанаас үүсэх илэрхийлэлийн хүчдэлийг ашиглан нийгмийн асар их өөрчлөлтийг, түүний дундах эгэл хүмүүсийн хувь заяаг тодруулахыг зорьсон мэт.

Эхний дэвтэр Ли Лань бүсгүй хүүгээ дагуулж, Сүн Фаньпин мөн хүү дагуулан Лю балгадад өрх гэр болж амьдран суугааг өгүүлэх бол хоёрдугаар дэвтэрт шинэчлэл, нээлтийн дараах цаг үед эцэг, эхээ даган ирж ахан дүүс болсон Сүн Ган, Ли Гуантоу хоёр хүүгийн хувь заяаг өгүүлнэ. Цаг хугацаа улирч, хорвоо хувьсан өөрчлөгдөхийн хэрээр ахан дүүсийн барилдлага ч сорилтод орно. Энэ сорилт тэдний эргэн тойрноос, амьдарч буй орчноос, хамгийн гол нь өөрсдийнх нь зан чанраас ирнэ.

“Ахан дүүс” роман дахь секс, ёс зүйн харилцааны хэсгүүд ихээхэн маргаан дагуулж ирсэн.

Секс, ёсзүйн харилцааны зүйрлэл, бэлгэдлийн утга миний ойлгоход романы гол санаатай шууд холбогдсон маш тодорхой бэлгэдэл. Тэр бэлгэдлийн утгыг юун түрүүнд романы хоёр гол дүр Сүн Ган, Ли Гуантоу хоёроос хайгууштай. Тэр хоёр бол хоёр өөр цаг үеийг бэлгэдэл бас төлөөлөл юм гэдгийг өөртөө сануулж байгууштай. Сүн Ган уламжлал, цагаан цайлган сэтгэл, үнэн шударга зан чанрыг агуулсан урьдын хүмүүсийн төлөөлөл. Зохиолч энэ дүрээр дамжуулан үнэн шударга, цагаан цайлган хүмүүс өнгө мөнгөний ийм нийгэмд аж төрөхөд бэрх болсныг халаглан өгүүлсэн мэт. Харин Ли Гуантоу хүсэл тачаал, эд хөрөнгө, хэрэглээ, амжилтын төлөөлсөн тахиа шиг тачаал ихтэй, гахай шиг шуналтай, үнэг шиг зальжин Сүн Ганы эсрэг туйл болсон орчин цагийн төлөөлөл дүр. Гэвч бас л учир дутагдалтай. Түүний асар их хүсэл шунал, хэрэглээ, хөрөнгө нь амьдралын элбэг хангалуун байдлыг бус орчин цагийн хамаа замбараагүй хоосон хэрэглээг илэрхийлж харуулсан бололтой байдаг. Ахан дүүсийн аль аль нь үр удмаа үлдээж чаддаггүй. Зохиолч үүгээрээ уламжлалт ёс суртахуун ч тэр, амжилт хэрэглээнд шүтсэн, хүсэл таашаалд автсан орчин үе ч өөрөөсөө ирээдүйг бүтээж бий болгож чадахгүй гэсэн санааг үүнийг цаана нууждээ гэсэн надад бодогдсон. Тиймээс зохиол дахь бэлгийн эрээ цээргүй дүрслэл өгүүлэмжээр бэлгийн амьдралын тухай бус амьдрал бүтээх чадвар, бие даасан байдлын тухай, ирээдүйг бүтээх чадварын тухай бэлгэдэл гэж ойлговол илүү оновчтой байж мэдэх юм даа гэсэн бас нэгэн нөхөрсөг зөвлөгөөгөөр энэ хэсгээ өндөрлөе.

Тус бүтээлийг “шаазан эдлэлийн дэлгүүрт дайран орсон зэрлэг гахай шиг” гэж тодорхойлсон уншигчийн сэтгэгдэлтэй “таарч” байсан. Яагаад ч юм түүнийг энэхүү зурвасаараа дамжуулан та бүхэнд дуулгах ёстой юм шиг санагдаад явчихлаа. Чухам ямар учраас ийн тодорхойлов. Хариултыг энэ романаас олно гэж найдаж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Хаан заяа” роман мэндэллээ

15/09/2026
Утга зохиол Урлаг

40 дэх удаагийн “Номын баяр” энэ баасан гарагт эхэлнэ

14/09/2026
Утга зохиол Урлаг

Ф.М.Достоевскийн “Цагаан шөнө” өгүүллэгийг уншигчдын гарт хүргэх гэж байна

14/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Үй Хуагийн “Ахан дүүс” роман орчуулагч Мө.Батбаярын орчуулгаар уншигчдад хүрч байна

15/09/2026

Зураач Ц.Цэгмэд “МОНГОЛ” бие даасан үзэсгэлэнгээ “Хаан” галерейд нээлээ

15/09/2026

Үндэсний урлагийн их театр, Пусан хотын Үндэсний урлагийн төвтэй хамтран ажиллана

15/09/2026

ФОТО: “Хараал хүрсэн хот” киноны нээлтээс

15/09/2026

Улсын филармонийн 55 дахь улирлын нээлтийн тоглолт болно

15/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.