Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Ярилцлага»Ч.Бадрал: Анх удаа хоёр монгол дуучин олон мянган үзэгчийн өмнө дуулсан нь нэгэн сайхан түүхийн хуудсыг нээлээ гэж бодож байгаа
Ярилцлага

Ч.Бадрал: Анх удаа хоёр монгол дуучин олон мянган үзэгчийн өмнө дуулсан нь нэгэн сайхан түүхийн хуудсыг нээлээ гэж бодож байгаа

Урлаг Урлаг18/09/2026Сэтгэгдэл байхгүй6 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дуурийн эх орон Италид дуурийн тэргүүн хөгжмийн зохиолч Ж.Вердийг анхлан алдаршуулсан “Набукко” дуурьд монголын таван дуурийн дуучин дуулж байна, энэ цагт. Долдугаар сарын сүүлч, наймдугаар сарын эхний өдрүүдэд Италийн дөрвөн том театрт зэрэг шахам тоглож буй энэ агуу дуурийн гол дүр Вавилоны хаан Набуккогийн дүрд Ардын жүжигчин Э.Амартүвшин, Чингис хаан одонт, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, гавьяат жүжигчин Ч.Бадрал, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Анхбаяр нар баритон хоолойгоор дуулж байгаа нь монголын дуурийн урлагийн шинэ түүх, гайхамшигт цаг үе тохиож байгааг бэлхнээ харууллаа. Мөн Сицил дэх Сиракуза задгай театрт энэ дуурийн Заккариагийн дүрд басс хоолойт гавьяат жүжигчин О.Хүрэлбаатар дуулав. Ингээд гавьяат жүжигчин Ч.Бадралтай ярилцлаа.

-Сайн байна уу. Ярилцах урилгыг хүлээн авсанд баярлалаа. Өнөөдөр манай улсын дуурийн дуучид европын өндөр босготой дуурийн театрт ээлжлэн дуулсаар байна. Та бүхэнд халуун баярыг хүргэе?

-Баярлалаа. Энэ зуны Италийн задгай театруудын фестивальд монголын дөрвөн баритон “Набукко” дуурьд тоглолоо. Мөн Сицилид дуурийн фестивалийг Ж.Вердийн “Набукко” дууриар нээхэд гол дүрүүдэд Монгол Улсын гавьяат жүжигчин О.Хүрэлбаатартайгаа анх удаа хамтран дууллаа. Бид сэтгэл хангалуун, маш сайхан байна.

-Та нэг хэсэг ОХУ-ын Магнитогорскийн театрын гоцлол дуучин байсан. Одоо хаана харьяалагдаж байна вэ?

-Тийм ээ, одоогоос арван жилийн өмнө ОХУ-д байхдаа Магнитогорскийн театрын гоцлол дуучнаар уригдан ажиллаж байсан. Харин одоо ОХУ-ын Санкт-Петербург хотын алдарт Мариинский театрт урилгаар болон гоцлол дуучнаар ажиллаж яваа.

-Та европын хэд хэдэн театрт дуулж эхэлснээс хойш олон жил өнгөрсөн санагдана. Хэд дэх жилдээ Италийн тайзнаа дуулж байна вэ?

-ОХУ болон европын театруудын тайзнаа гарч дуулаад долоон жил болсон байна.Тэр дундаа Италийн олон алдарт том театрт дуулсан байна. Тухайлбал, Италийн Верона хотын алдарт “Арена ди Верона” (Arena di Verona) задгай театр, Сициль арлын Сиракузагийн эртний Грек театр (Teatro Greco di Si­racusa) зэрэг нэр хүндтэй тайзнаа урилгаар гоцлон дуулсан байна. 2019 онд анх Арена ди Верона (Arena di Verona) театрын тайзнаа Ж.Вердийн “Аида” дуурийн Амонасрогийн дүрийг бүтээж, олон улсын тайзнаа дуулж эхэлсэн. Италийн олон төв театруудад дуулсан, одоо ч дуулсаар явна.

-Дэлхийд танигдаж яваа таван залуугаараа монголчууд бид бахархдаг. Энэ зун Сицилид дуурийн фестивалийг Ж.Вердийн “Набукко” дууриар нээхэд гол дүрүүдэд та О.Хүрэлбаатартай хамтран дууллаа. Нэгэн цагт ЦДБЭЧ хэмээх их айлд хамтдаа дуулж явсан хоёр найз хожим дэлхийн тайзнаа ийн хамтран дуулах хувь заяатай байжээ?

-Ж.Вердийн “Аида” дуурийн Амонасрогийн дүрийг бүтээж, олон улсын тайзнаа дуулсан. Энэ тоглолтууд маань маш амжилттай сайхан болсон. Италийн үзэгчид, хамтран ажилласан бүх хүмүүсийн сэтгэлд хүрч, тэр хүмүүстэйгээ маш сайхан харилцаа, хамтын ажиллагаатай болсон. Тийм ч учраас намайг энэ жил “Набукко” дуурьд дахин урьж тоглуулах санал тавьсан. Амжилттай хамтран ажиллаж байгаа учраас надаас “Энэ дүрд ямар дуучин байвал зүгээр вэ”, “Ямар дуучин байж болох вэ”, “Ямар нэгэн санал байгаа” эсэхийг асууж ярилцсан. Тэр үүднээсээ ЦДБЭЧ-аас гарсан хоёр дуучин гэж нэрлэгдэж явдаг найзыгаа бодсон. Хүрэлбаатар маань европын тайз руу карьер хийх гэж багагүй хугацааг өнгөрүүлж, маш их хичээж, бэлтгэж, хөдөлмөрлөж байсан болохоор энэ жилийн том фестивалийн тайзнаа анхлан хөтөлж гарсан байгаа. Хүрэлбаатар маань маш их хичээсэн. Маш том үүрэг хариуцлага хүлээсэн. Бид амжилттай сайхан дууллаа. Монголын дуурийн дуучид дэлхийн тайзнаа ганц нэгээрээ, эсвэл ээлжилж гарч дуулдаг байсан. Энэ удаа анх удаа хоёр монгол дуучин тэр олон мянган үзэгчийн өмнө хамтдаа дуулсан явдал нь нэгэн сайхан түүхийн хуудсыг нээлээ гэж бодож байгаа. Дэлхийн сая сая жуулчдыг татдаг эртний задгай театрын тоглолтын улирал эхэлж алдарт дууриуд эгшиглэж байгаа энэ үед бид монголынхоо нэрийг дуудуулаад эдгээр дуурьт дуулцгааж байгаадаа баяртай байгаа. Цаашдаа миний хувьд энэ намрын, ирэх жилийн, түүний дараа жилийн тоглолтууд гээд тун завгүй төлөвлөгөөгөө гаргаад явж байна. Хүрэлбаатарын маань хувьд эхний гараануудаа эхэллээ. Цааш цаашдын уран бүтээлүүд нь амжилттай байна байх аа гэж бодож байна.

-Бахархалтай сайхан байна. Дуурьт өөр хоорондоо тэмцэлдэх хоёр гол дүрд хамтран дуулсан гэсэн. Та хоёр эсрэг дүр юм уу. Дүрүүдийнхээ талаар ярихгүй юу?

-Бид хоёрын дүрийн тухайд хоёулаа хааны дүр. Алдарт Ж.Вердийн “Набукко” гэдэг бол дэлхийн гранд дүр. Товчхондоо хэлвэл бид хоёр эсрэг талын хааны дүрд тоглож, энэхүү фестивалийг амилуулсан байгаа. Бас их сайхан л даа. Хоёр монгол дуучин гэж зарлуулаад дуулна гэдэг сайхан. Миний хувьд сэтгэл өндөр байна.Тоглолтоос тоглолт руу чанаржаад тоглолтууд сайн болж өнгөрлөө. Хүрэлбаатарын маань хувьд энэ олон мянган үзэгчийн өмнө анх удаа тайзнаа гарсан. Сүрдсэн, сандарсан юм зөндөө байсан. Би Ромд үлдээд энэ зуны төлөвлөгөө болон бусад тоглолтдоо оролцоод явж байна.

-Үзэгчдийн ихэнх хувийг жуулчид эзэлдэг үү. Хамтран тоглосон уран бүтээлчид өндөр зэрэглэлийн дуурийн дуулаачид байдаг уу?

-Фестивалийн тухайд 63 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа жил бүр болдог фестиваль юм. Сициль арлын Сиракузагийн эртний Грек театр бол 8000 хүний суудалтай. Ингээд италийн алдарт төв театруудаар тоглолтоо хийгээд явдаг. Ихэвчлэн 5000-10000 хүний суудалтай театруудад тоглогддог. Мянга мянгаар тоологдох суудалтай театрын үзэгчид бол маш гайхалтай зритель байдаг. Дуулаачдын дууг даган дуулах жишээний тийм эмоци, мэдрэмж өндөртэй, урлагийн соёл өндөртэй хүмүүс байдаг. Жуулчид болон италийн иргэд дийлэнх нь байдаг. Эдгээр театруудын суудал үргэлж дүүрэн, билет нь сарын өмнө дуусчихдаг. “Набукко” дуурийн тухайд энэ жил 50 жилийн дараа эргэн ирж байгаа дуурь. Учир нь маш олон жил тоглогдоогүй байсан, энэ жил тэгш ойн жил дээрээ тоглогдож байгаагаараа онцлогтой. Бид хоёроос гадна бусад уран бүтээлчдийн тухайд гэвэл дэлхийн өндөр зэрэглэлийн мэргэжлийн дуучид дуулсан. Тухайлбал, гоцлол дуучдын нэг Элена Мозук (Elena Moșuc) гэдэг эмэгтэй дуучин байна. Тэр бол Италийн дуурийн гол дүрд гайхамшигтай дуулдгаараа алдартай Румын Швейцарийн сопрано дуучин.

-Сонгодог урлагт дурлуулсан багш нарынхаа тухай яриач?

-Намайг сонгодог урлагт хөл тавихад төдийгөөс өдий хүртэл олон сайхан хүмүүс, багш нар минь дэмжиж, зөвлөж, сургаж бэлтгэсэн байдаг. Энэ урлагт орох замыг нээж өгсөн хүн ЦДБЭЧ-ын гоцлол дуучин, МУГЖ Б.Батбаатар ах юм. Өөрөө гайхалтай сайхан уран бүтээлч, гайхалтай сайн дуучин. Бид Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд нэг гудамжинд шахуу төрж өссөн хуурай ахан дүүс. Мэдээж Хөгжим бүжгийн коллежид ороод дуурийн дуулаачаар суралцахад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат, гавьяат багш Цэрэнпилийн Ерөө гээд агуу багш минь тосч авсан. Ганцхан би гэлтгүй маш олон авьяастай уран бүтээлчдийг төрүүлсэн гайхалтай багш байгаа юм. Мөн ОХУ-ын Гнесиний нэрэмжит хөгжмийн академид магистрт суралцах үеийн мэргэжлийн дуулаачийн багш маань Оросын холбооны улсын гавьяат соёлын ажилтан, дуурийн дуулаачийн тэнхимийн багш Наталья Дмитриева юм. Энэ олон сайхан хүмүүс л миний урлагийн замыг тэгшилж, сэтгэл зүрхээрээ намайг дэмжиж, тусалж явсанд нь хязгааргүй баярлаж явдгаа хэлмээр байна.

-Саяхан нүүр номдоо “Эх орондоо удахгүй очно. Гэртээ очоод аавтайгаа хадлангаа бэлтгэнэ” гэсэн байсан. Эх орон, гэрээ их санадаг уу. Жилдээ хэд ирж байна вэ?

-Энэ жилийн зуны тоглолтууд наймдугаар сарын сүүлээр дуусна. Тэгээд богинохон хугацаагаар эх орондоо очиж амрах төлөвлөгөөтэй байна. Мэдээж хүний газар гүний хошуунд энэ олон жил энэ их урт хугацааг туулна гэдэг амаргүй зүйл. Дуртай зүйлийнхээ төлөө, хүсэл мөрөөдөл, зорилгынхоо төлөө их завгүй явах юм даа. Эх орон, нутаг ус, аав ээжийгээ саналгүй яахав ээ. Орой болгон унтахдаа, өглөө бүр сэрэхдээ эх орон, аав ээж, төрж өссөн нутаг, уул ус, энэ сайхан эх орон минь сэтгэлд минь хамт байдаг шүү.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Ярилцлага Урлаг

Ө.Ариунхишиг: Миний цаана ятга, ятгын цаана Монгол байгаа

17/09/2026
Ярилцлага Урлаг

Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Баттулга: Хүн хорвоогийн нугачааг дэргэдэх хүмүүсийнхээ дэмээр туулдаг

04/09/2026
Ярилцлага Урлаг

Г.Золжаргал: Зөв хүн төлөвшүүлнэ гэдэг бол нийгмийн хамгийн том бүтээн байгуулалт

27/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Ч.Бадрал: Анх удаа хоёр монгол дуучин олон мянган үзэгчийн өмнө дуулсан нь нэгэн сайхан түүхийн хуудсыг нээлээ гэж бодож байгаа

18/09/2026

“Норсон зүрх” дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл үзэгчдийн хүртээл болно

18/09/2026

Сүхбаатар аймгийн сумдын соёлын төвүүдэд үндэсний хөгжмийн бүрдэл олголоо

18/09/2026

Орхон аймгийн нийтийн номын сан жилд 60 мянга гаруй иргэнд үйлчилж байна

18/09/2026

Архангай аймгийн Буган хөшөөний судалгаа 1960-аад оноос эхэлжээ

18/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.