Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Ярилцлага»П.Батжав: Монголын арьсан урлаг олон арга техник, илэрхийллийг нэгэн зэрэг агуулдгаараа нэн онцлог
Ярилцлага

П.Батжав: Монголын арьсан урлаг олон арга техник, илэрхийллийг нэгэн зэрэг агуулдгаараа нэн онцлог

Урлаг Урлаг07/10/2026Шинэчлэгдсэн:07/10/2026Сэтгэгдэл байхгүй9 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Олон орны арьсан урлалд гоёл чимэглэлийн чиг хандлага давамгайлдаг бол Монголын арьсан урлал амьдралд үйлчлэх философиороо ялгардаг. Энэ ялгаа нь өнөөдөр олон улсын судлаачид, урлаачид, дизайнеруудын анхаарлыг татаж, монгол арьсан урлалыг дэлхийн урлахуйн өв соёлын судалгаанд онцгой байр суурь эзлэхэд хүргэж байна.

Иймээс энэхүү ярилцлагадаа Монголын арьсан урлалын өнө эртний түүхэн оршихуй, урлахуйн дахин давтагдашгүй онцлог, түүний цаадах эрдэм ухаан, өв уламжлал, соёлын үнэ цэнийг судлаачийн шинжлэх ухаанч дүгнэлт, амьд жишээгээр танилцуулахыг зорьсон юм. Ингээд Монголын арьсан урлагийн “Хүрэл буга” нийгэмлэгийн тэргүүн, “Монгол арт” галерейн гүйцэтгэх захирал П.Батжавын яриаг толилуулж байна.

-Нүүдэлчдийн амьдралын хэв маягтай уялдан хөгжиж ирсэн монголчуудын арьсан урлал орчин цагт ямар чиг хандлагаар баяжиж байна гэж судлаачид үзэж байна вэ?

-Орчин цагт Монголын арьсан урлаг нь энгийн хэрэглээний хүрээнээс бүрэн гарч, уламжлал ба орчин үеийн уран сэтгэлгээг холбосон бие даасан уран бүтээлийн салбар болон төлөвшиж байна. Монголчууд нүүдлийн ахуйдаа малын арьс, ширтэй хамгийн ойр амьдарч ирсэн ард түмэн учраас арьсыг давслах, элдэх, шар сүү, тараг зэрэг байгалийн гаралтай бодисоор боловсруулах уламжлалт мэдлэг бидний соёлын генд шингэсэн байдаг. Энэ нь монгол хүнийг “арьстай харьцах” төрөлхийн мэдрэмж, ур чадвартай болгосон гэж хэлж болно. Тиймээс арьсан урлал нь зөвхөн ахуйн хэрэгцээг хангах эд зүйл бус, монгол хүний ертөнцийг үзэх үзэл, байгальтай харьцах философи, гоо зүйн сэтгэлгээний илэрхийлэл болсоор иржээ.

Урьд нь хөөмөл, бүс, цүнх, түрийвч зэрэг уламжлалт эдлэл давамгайлж байсан бол өдгөө уран бүтээлчид арьсыг бие даасан “уран сайхны хэл” болгон ашиглаж, монгол зургийн дүрслэл арьсан дээр буулгах, сүлжмэл болон баримлын аргаар орон зайн бүтээл туурвих, түүхий арьсыг концепт урлагийн материал болгон ашиглах хандлага эрчимтэй хөгжиж байна. Мөн арьсыг мод, металл, эсгий зэрэг бусад материалтай хослуулснаар уламжлалт болон орчин үеийн, зөөлөн ба хатуу материалын харьцааг шинэлэг байдлаар илэрхийлэх боломж нээгдэж байна.

-Орчин үеийн хиймэл материал олширсон энэ үед арьсны орлуулшгүй чанар юундаа байдаг вэ?

-Арьс бол хүний биед ойр, дулаан, амьтай материал. Ялангуяа хонины арьсыг уран бүтээл болгон “амилуулахад” үзэгчдэд байгалийн дулаан мэдрэмж төрүүлж, анх харахад л сэтгэл татах хүчтэй байдаг. Арьсан эдлэл, уран бүтээл нь хэрэглээний явцдаа улам өнгөлөгжиж, тос даан, цаг хугацаатай хамт “нүнжиг сууж”, эзнийхээ амьдралын мөрийг шингээдэг онцлогтой. Энэ чанар нь арьсан урлагийг түр зуурын хэрэглээнээс давж, цаг хугацааг туулах үнэ цэнтэй соёлын өв, уран сайхны биет дурсгал болгон тодруулж байна.

Арьс гэдэг бол энгийн нэг түүхий эд бус, байгалийн жамаараа “амьтай”, амьсгалж байдаг онцгой материал юм. Чийгийг өөртөө шингээж, буцаан гадагшлуулж чаддаг, дулаан хадгалах, дуу чимээ болон гаднын нөлөөг зөөлрүүлэх зэрэг олон талын шинж чанартай учраас хүн төрөлхтөн эртнээс арьсыг хамгийн үнэ цэнтэй эд зүйлдээ зориулж ирсэн. Бат бөх, уян хатан, удаан эдэлгээтэй энэ чанар нь арьсыг ном судар, бичиг захидлын сав, шашин шүтлэгийн эдлэл, тансаг хэрэглээний зүйлсийн гол материал болгож байжээ.

Цаашлаад, Оросын Эрмитаж музейд хадгалагдаж буй баримт, дурсгалуудаас үзэхэд дундад зууны Европ, Оросын хаад ноёд орд харшаа арьсан обойгоор бүрж, арьсыг тансаг хэрэглээний дээд зэрэглэлд тооцож байв. Энэ нь арьс тухайн цаг үедээ зөвхөн хэрэгцээний материал бус, эд баялаг, эрх мэдэл, гоо зүйн дээд илэрхийлэл болж байсныг харуулна. Иймээс арьс бол олон соёл, олон цаг үед “үнэ цэнтэй баялаг” хэмээн үнэлэгдэж ирсэн, байгаль ба хүний харилцааг илтгэх өвөрмөц материал юм. Орчин цагийн уран бүтээлд арьсыг дахин шинээр тайлж, уран сайхны хэл болгон ашиглах нь зөвхөн материалын сонголт бус, түүх, соёл, байгалийн философийг үргэлжлүүлэн амилуулж буй үйл явц гэж ойлгож болно.

-Судлаач хүний хувьд, таныг хамгийн их гайхшруулсан, сонирхол татсан арьсан эдлэлийн баримт юу байсан бэ, монголын арьсан эдлэлүүд ер нь тухайн цаг үеийн сэтгэлгээ, үнэт зүйлийг хэрхэн илэрхийлдэг вэ?

-Нүүдэлчдийн соёлд арьсны байгалийн шинж чанарыг бүрэн ашигласан ухаалаг бүтээлийн тод жишээ бол хөхүүр юм. Хөхүүр нь зүгээр нэг сав бус, арьсны “амьсгалах”, шингээх, дотоод орчныг тэнцвэржүүлэх онцлогт тулгуурласан инженерийн шийдэлтэй бүтээл гэж хэлж болно. Айргийг хөхүүрт исгэхэд муудахгүй, эвгүй үнэр амтагдахгүй байдаг нь арьс чийг, агаарыг зохистой хэмжээнд дамжуулж, байгалийн жамаараа исэх үйл явцыг зохицуулж чаддагтай нь шууд холбоотой. Үүнтэй адил гадна талыг нь арьсаар бүрсэн авдар, хайрцагт хадгалсан эд зүйл удаан хугацаанд муудахгүй байдаг нь арьсны хамгаалах, амьсгалуулах чанарыг аухаалгаар ашигласны илрэл юм.

Түүхэн баримтаас харахад XIII зууны үед монгол цэрэг дайчид борц, ус, хүнсээ арьсан уут, дашмагт хадгалж, олон сар муутгалгүй хэрэглэж байсан нь арьсны практик үнэ цэнийг нотолдог. Энэ нь зөвхөн ахуйн хэрэгцээ бус, байгаль, материалын шинж чанарыг танин мэдсэн монголчуудын ухаалаг сэтгэлгээний илэрхийлэл байжээ.

-Орчин үеийн шилдэг уран бүтээлчид уламжлалыг хэрхэн “амилуулж” байна гэж та үздэг вэ?

-Орчин үеийн Монголын арьсан урлалын бүтээлүүдийг онцлохдоо, юуны түрүүнд монголчууд таван хошуу малынхаа онцлог шинж, чанар, шимийг нарийн танин мэдэж, арьс бүрийг зориулалт, агуулгад нь тохируулан ашиглаж ирсэн уламжлалт мэдлэгийг дурдах нь зүйтэй. Энэхүү материалтай “ярилцаж”, мэдэрч ажиллах соёл нь монгол арьсан урлал, арьсан урлагийн суурь болж, өнөөгийн уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээнд гүн суусан хэвээр байна.

Өнөөдөр “Монголын арьсан урлаг” гэх ойлголтыг дэлхийн урлагийн орон зайд таниулахын төлөө тууштай ажиллаж буй чадварлаг, мэргэжлийн олон уран бүтээлч бий. Тэд арьсны ялгааг маш нарийн мэдэрч, тухайн арьсны онцлогт нийцүүлэн хэлбэр, агуулгыг ургуулан гаргадаг нь орчин үеийн монгол арьсан урлагийн гол давуу тал юм. Тухайлбал, залуу уран бүтээлч Н.Мөнхтуул “Монголын нууц товчоо”-г арьсаар урлан, Чингис хааны дүрийг товойлгон хийсэн нь Европын арьсан хавтастай номын уламжлалыг монголын түүх, соёлын агуулгатай уялдуулсан өвөрмөц шийдэлтэй бүтээл болсон. Энэхүү бүтээл нь Америкийн хувийн цуглуулагчийн сан хөмрөгт багтсан нь монгол арьсан урлаг олон улсын зах зээлд үнэлэгдэхүйц түвшинд хүрснийг илтгэнэ.

Мөн уран бүтээлч Э.Бямбабаярын шонхор шувууны сүлжмэл баримал нь арьсыг уламжлалт бус, орчин үеийн хэлээр илэрхийлсэн, уран сайхны өндөр түвшний бүтээлд тооцогддог. Ийм жишээнүүдээс харахад бид өөрсдөө ч анзааралгүй, монголын арьсан урлаг уран сайхны болон мэргэжлийн өндөр түвшинд хүрч, уран бүтээлчдийн бүтээл гадаад зах зээлд гарч эхэлжээ.

Энэ үйл явцад уран бүтээлчдийн нэгдэл, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж байна. Манай “Хүрэл буга” нийгэмлэг гурав дахь удаагийн үзэсгэлэнгээ ХААН банкны ХААН галерейд амжилттай зохион байгуулж, уран бүтээлчдийн олон жилийн хөдөлмөр, эрэл хайгуулын үр дүн болсон арьсан урлагийн шилдэг бүтээлүүдийг олон нийтэд толилуулсан. Тус үзэсгэлэнд, тухайлбал 1999 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн арьсан урлагийн ангийг төгссөн, “Монгол шуудан” компанийн Марк, үнэт цаасны хэлтсийн зураач Г.Баттөрийн арьс болон металлыг хослуулсан модерн морины баримал онцгой анхаарал татсан. Өнгө, хэлбэрийн шийдэл, материалын уялдаа бүхий энэхүү бүтээлийг ХААН банкны галерей худалдан авсан нь арьсан урлагийг зөвхөн уламжлалт бус, орчин үеийн уран бүтээлийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөж буйг харуулсан бодит жишээ юм.

Ерөнхийд нь дүгнэвэл, арьсан урлагийн уран бүтээлчид дархан, сийлбэр, оёдол, хатгамал зэрэг олон төрлийн мэдлэг, арга ажиллагааг нэгэн зэрэг эзэмшиж, уламжлалт хээ угалз, бэлгэдэл, түүх соёлоо гүнзгий судлан бүтээлээ туурвидаг онцлогтой. Энэ суурь нь уран бүтээлчдийг олон талт, хөрвөх чадвартай болгож, арьсан урлагийг уламжлалд суурилсан атлаа орчин үеийн уран сайхны өгүүлэмжтэй, өрсөлдөхүйц салбар болгон хөгжүүлэх үндэс болж байна.

-Монголын арьсан урлалын хамгийн нарийн арга техник, түүний урлахуйн үнэ цэн нь юугаараа бахархалтай вэ?

-Арьсан дээр товгор рельеф гаргах, хөөж чимэглэх технологи нь арьсан урлалын хамгийн нарийн, хамгийн их ур чадвар шаардсан ажиллагаанд тооцогддог. Энэ нь зөвхөн техник бус, материалтай харьцах мэдрэмж, гарын хүчний нарийн тохироо, удаан хугацааны дадлага шаардсан “амьд” үйл явц юм. Арьсыг хэт их дарвал урагдана, дутуу ажиллавал хэлбэрээ барихгүй учраас уран бүтээлч арьсны зузаан, чийг, уян хатан чанарыг тухайн агшинд нь мэдэрч ажиллах ёстой болдог. Монгол гутал, гөлөм, бүс зэрэг уламжлалт эдлэлд хэрэглэдэг энэхүү хөөж, товойлгон чимэглэх арга нь өнөөг хүртэл тасралтгүй өвлөгдөн хөгжиж ирсэн нь монгол арьсан урлалын өндөр түвшнийг илтгэнэ. Ялангуяа зузаан арьсыг зүүгээр нэвт сүлжиж, нарийн эмжээр, хээг гарган урлах нь тэсвэр тэвчээр, гар ба нүдний төгс уялдаа, олон жилийн дадлага туршлага шаардсан үнэхээр үнэ цэнтэй хөдөлмөр юм.

Эдгээр технологи нь машин, үйлдвэрийн аргаар бүрэн орлох боломжгүй, уран бүтээлчийн гарын мэдрэмж, сэтгэл, хандлага шингэж байж л амилдаг гэдгээрээ онцлог. Тиймээс арьсан дээр рельеф гаргах, хөөж чимэглэх урлал нь хүн, материал, цаг хугацааны гурван хүчин зүйлийг нэгтгэсэн, монгол арьсан урлалын бахархал болсон ур чадварын дээд илэрхийлэл гэж хэлж болно.

-Дэлхийн арьсан урлалын ертөнцөд монгол урлаачид ямар шинэ өнгө төрх, дуу хоолой нэмж чадна гэж та үздэг вэ?

-Дуу хөгжим, морин хуур, хөөмийгөөрөө дэлхийд танигдсан шигээ Монгол Улс арьсан урлагаараа ч бусдаас онцгой ялгардаг. Үүнийг олон улсын харьцуулалт, хамтарсан үзэсгэлэнгийн туршлага тодорхой харуулдаг. Тухайлбал, Монголын арьсан урлагийн “Хүрэл буга” нийгэмлэг Японы арьсан урлагийн нийгэмлэгийн уран бүтээлчдийг урьж, хамтарсан үзэсгэлэн зохион байгуулахад Японд дэлгэсэн монгол уран бүтээлүүд түүхий арьсаар хийсэн гэдгээрээ үзэгчдийн анхаарлыг татаж, бусад орны бүтээлүүдээс тод ялгарч байв. Дэлхийн хэмжээнд түүхий арьсыг ийм өргөн хүрээтэй, уран сайхны олон хэлбэрт ашиглаж буй орон тун ховор байдаг.

Энэхүү ялгарал нь монголын цаг уур, байгаль орчин, нүүдэлчин ахуйтай салшгүй холбоотой. Хүйтэн, эрс тэс уур амьсгал, мал аж ахуйд тулгуурласан амьдралын хэв маяг нь арьсыг зөвхөн хэрэгцээний материал бус, амьдралын салшгүй хэсэг болгож ирсэн. Үүний үр дүнд Монголд арьсан урлагийн хэлбэр, төрөл зүйл асар олон, өргөн хүрээтэй хөгжсөн байдаг. Жишээлбэл, Орост адууны арьсаар хийдэг эдлэл харьцангуй цөөн төрөлтэй, Якутад адууны үс, арьсыг тодорхой хэрэглээний зүйлд түлхүү ашигладаг бол Монголд ногт, хазаарын сүлжмэлийг ашиглан баримал бүтээх, арьсан дээр монгол зураг, сийлбэр, хээ угалз гаргах, арьс, металл, мод зэрэг материалыг хослуулан уран бүтээл туурвих, ахуйн хэрэглээний арьсан авдар, сав суулга хийх зэрэг маш олон хэлбэр зэрэгцэн оршдог.

Мөн зарим улс арьсан дээр хээ сийлэх нэг тодорхой арга, технологиороо дэлхийд алдартай байдаг бол Монголын арьсан урлаг олон арга, техник, илэрхийллийн хэлбэрийг нэгэн зэрэг агуулдгаараа онцлог. Энэ нь арьсыг нэг чиглэлийн материал бус, уран бүтээлчийн сэтгэлгээ, соёлын санах ой, ахуйн ухааныг шингээсэн “амьд материал” хэмээн хүлээн авч ирсэн монгол уламжлалт ойлголттой холбоотой.

Иймээс Монголын арьсан урлагийн онцлог нь зөвхөн хийц, технологид бус, байгаль-ахуй-соёл-уран сэтгэлгээний цогц нэгдэлд оршдог. Энэ цогц чанар нь монгол арьсан урлагийг бусад улс үндэстний арьсан урлагаас ялгаруулж, дэлхийн уран бүтээлийн орон зайд дахин давтагдашгүй байр суурь эзлүүлэх үндэс болж байна.

– “Хүрэл буга” нийгэмлэг жил бүр арьсан урлагийн үзэсгэлэнг тасралтгүй зохион байгуулах зорилготой ажилладаг. Энэ жил тохиох 10 жилийн ойн онцлог ямар байх вэ? 

-Сүүлийн жилүүдэд Монголын арьсан урлаачид хамтарсан үзэсгэлэнгээс нэг алхам урагшилж, төрөл жанраараа нарийссан, өөрийн гэсэн өнгө төрх, уран сайхны хэлтэй бие даасан үзэсгэлэнг гаргаж эхэлж байна. Энэ нь арьсан урлаг мэргэжлийн хувьд төлөвшиж, уран бүтээлч бүр өөрийн сэдэв, илэрхийллийн хэлбэрээ тодорхойлж буйг илтгэх чухал үзэгдэл юм.

Арван жилийнхээ ойтой холбогдуулан хоёр уран бүтээлчийн бие даасан үзэсгэлэнг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Нэгдүгээрт, арьсан дээр монгол зураг урладаг уран бүтээлч Н.Мөнхтуулын бие даасан анхны үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэхээр товлоод байна. Тэрбээр монгол зургийн болон арьсан урлагийн ангийг хоёуланг нь төгссөн, хос мэргэжилтэй уран бүтээлч юм. Монгол зургийн уламжлалт арга барилыг арьсны материалтай уялдуулан, том хэмжээтэй, өнгөний шийдэл сайтай бүтээлүүд туурвидгаараа онцлог. Түүний энэхүү үзэсгэлэн байгаль, хүн, орчин үеийн хийсвэр сэтгэлгээг хослуулсан, арьсан урлагийн илэрхийллийн хүрээг тэлсэн сонирхолтой шийдлүүдийг багтаах юм.

Хоёрдугаарт, зураач Б.Нармандах Уран зургийн галерейд бие даасан үзэсгэлэнгээ гаргана. Тус галерейгаас санаачлан монголын сонгодог уран зургийн сор бүтээлүүд болох “Азарганы ноцолдоон”, “Өвгөн хуурч”, “Ажлын дараа” зэрэг зургийг арьсаар товойлгон бүтээх санал тавьсан нь онцгой ач холбогдолтой ажил болж байна. Энэхүү төслийн гол зорилго нь харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан уран бүтээлийг зөвхөн харах бус, тэмтрэн мэдрэх боломжийг олгож, урлагаас хүртэх шинэ гарцыг нээхэд оршиж байгаа юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Дэлхийн сонгодогийг дэргэдээс нь харах боломжийг бүрдүүлэв

28/09/2026
Кино Урлаг

Академийн музейд “The Horror Show” үзэсгэлэнг нээнэ

25/09/2026
Ярилцлага Урлаг

Э.Мөнхбаяр: Морин хуурч хүүгээс Урлагийн гавьяат зүтгэлтэн хүртэлх амьдралаа Бетховены IX симфонитой зүйрлэнэ

25/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Sombr шүтэн бишрэгчийнхээ өөрийн гараар хийсэн цамцыг өмсөж баярлуулав

08/10/2026

Өнөөдөр Холливудын тэргүүлэх жүжигчдийн нэг Мэтт Дэймоны төрсөн өдөр

08/10/2026

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг гуравхан удаа дахин тоглоно

08/10/2026

Казахстанд монгол уран сайхны кино ихэд үнэлэгджээ

08/10/2026

“АйТиЭм-2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 27 дахь жилдээ болно

08/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.