Цаанаа л нэг жиндүүхэн өдрийн өнгийг ганц нэгээрээ унах навчис улам тодруулна. Унахгүй хэмээн бөнжигнөн байхад даажин хийх мэт сэр сэр салхи хийсгэн одох нь уй төрүүлмээр.
Тэрхүү навчис хийсч явсаар хэн хэгний хөлд тээглэн, хүмүүний амьдралын чимээг амьсгал тасрахаасаа өмнө амжиж сонсохоор шургална.
“Хүү минь хот газар хэцүү шүү. Биеэ мэдэж номоо сайн сураарай.”
Намрын салхинаас нуугдан нөмөрт нь хоргодож зогсох навчис, хүүгээ үдэх ээжийн сэтгэлд улам уясч хорвоогоос буцмааргүй санагдана.
Навчис ч гэсэн ирэх жил өөрийнх үргэлжлэл болж цэцэглэх үндэсдээ ингэж шивнэсэн нь гэнэт санагдаж цурхиртал уйллаа.
Гэвч алхаж өнгөрөх хүмүүний хэн нь ч навчны нулимсыг анзаарах сөхөө алга. Гагцхүү энэ энэлэн, шаналанг нь чин зүрхнээсээ мэдэрч сонсдог хүмүүс “гэрэл зурагчид” болов уу? гэж гэнэт бодогдлоо.
Энэ жилийн анхны цас амралтын ням гаригийн өглөө бүжиглэн, бужигнан будрана. Дэндүү уйтгар төрүүлэм атлаа тэр уйтгараасаа гарч чадмааргүй тийм өглөө сэтгүүлч миний бие хүсэл сонирхолоороо нэгдсэн “түүх үлдээгчид”-тэй хамт аялалдаа гарахаар яаран алхана. Эргэн тойрон нам гүмхэн, хүмүүс цаснаар яаран сандран бие биенээ мөрлөх нь холгүй хөлхөлдөх их хотын амралтын өдрийн нэгэн агшнаас холдож даарч байгаа навчны үг, газарт унасан навчны нулимсыг “тэдэнтэй хамт” мэдрэхээр яваа минь энэ.
/Гэрэл зургийг Х.Түшиг/
Улаанбаатар хотоос зүүн тийш 52 км, Чингисийн хөшөөнөөс 4 км зайтай Туул голын эрэг, байгалийн сайхан цогцолсон “Уу Булан” жуулчны баазад том жижиг “аппаратан буу” барьсан 30 гаруй гэрэл зураг сонирхогчид, байгалийн энэ сайхан өнгийг улам тодотгохоор яваа модель бүсгүйчүүд, над мэтийн мэргэжлийн хүмүүсээс ганц нэг үг олоод сонсчих санаатай анхан шатны зурагчид нийлсэн 50 гаруй залуус анхны цастай хамт зочиллоо.
Фэйсбүүк дэх “Гэрэл зураг сонирхогчдын бүлгэм” хуудсаар дамжуулан цугласан гэрэл зураг сонирхогчдын энэ удаагийн аялалын сэдэв “байгальд модельтой зураг авах” байсан юм. 17 настай гэрэл зурагт хөтлөгдөн орсон н.Бөхболдоос эхлээд буурал үс, өвөрмөц стилээрээ ялгардаг, мэдээж сайхан зургаараа гэрэл зурагчид дундаа “акул”-д тооцогддог Э.Цацралт нарын зурагчид, моделууд 4 хэсэгт хуваагдан байгалийн энэ сайхан өнгийг, тэр навчны үгийг, анхны цасны баясалыг моделиудаар дамжуулан илэрхийлэх ажилдаа шаргуу орлоо.
/Гэрэл зургийг Ү.Төгөл/
/Гэрэл зургийг н.Очбилэг/
/Гэрэл зургийг Ш.Батзориг/
/Гэрэл зургийг Э.Төрболд/
Энэ аялалыг санаачилж, хүсэл сонирхолоороо нэгдсэн залууст юм сурах, хоорондоо танилцах, туршлага судлах боломж олгосон нэгэн гэрэл зураг сонирхогчтой энэ үеэр цөөн хором хөөрөлдсөн юм.
Түүнийг Р.Бямбадорж гэдэг. Сонирхол нэгтнүүд дундаа “хотын иргэн” нэрээрээ танигдсан тэрбээр Монголын гэрэл зургийг хөгжлийг дэлхий дахинд гаргах бодол мөрөөдөл өвөртлөн хичээж зүтгэж яваа нэгэн. Учир нь “гэрэл зургийн хөгжлийн Сүүн зам” холбоо байгуулан, 34 мянган залуусыг эгнээндээ нэгтгэж, гэрэл зураг авахын зовлон жаргал, түүнээсээ авах таашаал, түүх дурсамж болж үлдэх элдэв өнгийн гэрэл зургуудаар дамжуулан хоорондоо туршлага судлах тэр орон зайг бий болгож, түүнээсээ өөрөө таашаал эрч хүч авч яваа хотын иргэн. Хотын иргэн хэдий ч тэр “хөдөөний хүн”. Зав гарвал аппаратаа үүрээд уул хадаар тэнж байгальтай ярилцаж явдаг тэр “хөдөөний” хотын иргэн.
Гэрэл зураг сонирхогч Р.Бямбадорж:
-Анхны цас хаялсан амралтын энэ өдөр гэрэл зураг сонирхогчид ээлжит аялал, зураг авалтандаа гарч байна. Таны сэтгэгдэл хэр байна?
-Монголын гэрэл зургийн хөгжлийн Сүүн зам холбооноос санаачилан гэрэл зураг сонирхогчдын бүлгэм фэйсбүүк группээр дамжуулан аялалд гарья, амралтын өдрөө ая тухтай өнгөрөөе, зураг авалт хийе гэсэн хэсэг залуус нэгдэн ирж модельтой буюу хөрөг зураг авах , дадлага, туршлага солилцох зорилгоор энэ аялалыг зохион байгууллаа. Байгаль дэлхий ч биднийг харж үзэн зургийг маань улам чимж өгөх гэсэн мэт анхны цас зөөлөн бударч байна. Энэ аялалд 50 гаруй залуус ирж нэгдэн зураг авалтыг маань илүү цар хүрээтэй өргөн болгож байгаад баяртай байна.
-Гэрэл зургийн хөгжлийн Сүүн зам холбоо хэзээ байгуулагдсан бэ? Холбооныхоо үйл ажиллагааны талаар ярихгүй юу?
-Байгуулагдаад нэг жилийн нүүр үзэж байна. Холбоо болон холбооны дэргэдэх гэрэл зураг сонирхогчдын бүлгэм фэйсбүүк группээр дамжуулан гэрэл зураг сонирхогч, гэрэл зургийн чиглэлээр бизнес эрхлэгч, энэ салбарт ажиллагсдыг нэгтгэх зорилготой. Бидний хамгийн том зорилго бол Монголын Гэрэл зургийн хөгжлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, дэлхийн түвшинд гарахад үнэтэй хувь нэмрийг оруулах болно. Мөн бид холбоогоор дамжуулан уулзалт цугларалт, гэрэл зургийн сургалт, студийн үйлчилгээ зэргийг үзүүлдэг. Цаашлаад гэрэл зурагтай холбоотой оюуны өмчийн эрх ашиг хөндөгдсөн асуудлууд дээр хууль зүйн зөвлөгөө өгч, зурагчдын эрх ашигийг хамгаалах, зургийн үнэлэмжийг дээшлүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг хийдэг.
-Фэйсбүүк групп хичнээн гишүүнтэй вэ? Иймэрхүү аялал цугларалтыг хэр их зохион байгуулдаг вэ?
-Гэрэл зураг сонирхогчдын фэйсбүүк бүлгэм маань одоогоор 34 мянган гишүүдтэй. Гэрэл зураг сониорхогч залуус олширсон. Сонирхогчийн жижиг камер барьдаг байсан хүмүүс мэргэжлийн камер барьж эхэлж байна. Үүнтэй холбоотой сонирхогчид камерныхаа тохиргоог хэрхэн хийж, ямар нөхцөлд яаж зураг авахаа сайн мэдэхгүй байх зэрэг бэрхшээл тулгардаг. Гэрэл зураг авч сурахын тулд тодорхой хэмжээний хугацаа зарцуулна. Янз бүрийн орчинд гэрэлтэй гэрэлгүй гээд тэр бүрт камерийн тохиргоог хийж сурна гэдэг хэцүү асуудал. Үүнийг сонирхолтой байдлаар шийдэж, сурсан мэдсэнээ бусадтай хуваалцах, хамтдаа хөгжихийн тулд энэ аялалыг зохион байгуулсан. Бид сардаа 1-2 удаа уулзаж цугларан зураг авалт хийдэг. Өмнө нь “майхантай аялал” хийж байсан. Тэнд туршлагатай Монголын гэрэл зургийн акулууд гэж хэлж болох хүмүүсийг урьж авчран гэрэл зургийн хөгжил, цаашид юу хэрэгтэй, гэрэл зурагчдын зовлон жаргалын талаар ярилцдаг. Нэг онцгой агшинг буулгахын тулд байгалийн зураг авдаг хүмүүс уул хадаар 20-30 кг ачаа хэрэгслээ үүрээд 15-20 км алхах нь ч бий. Ганц кадр, нэг зураг авахын тулд 2 өдөр хонох тохиолдол байдаг.
-Таны хувьд гэрэл зурагт яагаад “дурлачихав”. Гэрэл зургаасаа ямар кайф, мэдрэмж авдаг вэ?
-Монгол орон маань маш хосгүй үзэмж төгс байгальтай. Би ихэвчлэн байгалийн зураг авдаг. Өмнө нь бусдын нэгэн адил автомат тохиргоо дээр тавиад зураг авдаг байсан бол сүүлийн нэг жил маш эрчимтэй мэргэжлийн түвшинд сонирхон судалж байна.Гэрэл зураг ажлын стресс тайлахаас гадна дандаа байгальд уул хадаар, цэвэр агаарт алхаж байдаг учраас биеийн тамир болж өгдөг. Сайхан агшинг буулгасны дараа эх орноороо бахархах тэр мөч хамгийн их сэтгэл хөдлөл юм даа.
-Гэрэл зурагчид хөрөг зураг, байгалийн, макро зураг гэх мэтээр нэг талыг дагнан сонирхдог. Та аль ангилалд орох вэ?
-Би байгалийн зураг түлхүү авдаг. Өвөлд хотоос ойрхон байгальд гарна. Урин дулаан үед аялал сайн хийнэ. Тэр утгаараа байгалийн зураг түлхүү авна. Мэдээж зурагчин хүн ямар ч төрлийн зургийг авах чадвартай байх хэрэгтэй. Заавал бүх төрөлд төгс байх албагүй. Аль нэг чиглэлээр төгс болоод бусад чиглэлээр яаж зураг авах мэдлэгээ олоод авчих хэрэгтэй гэж боддог. Энэ аялалын гол зорилго нь манай бүлгэмээс маш олон мундаг чадалтай зурагчид төрөн гараасай, цаашдаа дэлхийд өрсөлдөөсэй гэдэг үүднээс хүсэл сонирхол нэг залуучуудыг цуглуулж байгаа нь энэ юм.
-Мэргэжлийн камертай ч автомат тохиргооноос өөр зүйл мэдэхгүй анхан шатны сонирхогчдод хандаж зөвөлгөө өгнө үү?
-Цахим ертөнц өндөр хөгжсөн энэ цагт интернэтээс хичээлүүд үзэх хэрэгтэй. Өөрийн оролдлого хичээл зүтгэл хамгийн чухал. Аппарат камерныхаа олон янзын тохиргоонууд дээр зураг авч хоорондын ялгааг нь судлах хэрэгтэй. Анхан шатны мэдэгдэхүүн олгодог сургалтууд байдаг. Тийм сургалтанд хамрагдчихаад түүнийгээ дадлагажуулаад практикт маш их туршлага хийх нь зүйтэй. Ингэж байж үндсэн ойлголтоо олж авна. Оролдлогын үр дүнд л зураг авах чадвар сайжирдаг.
-Энэ удаад модельтой зураг авах аялал маш амжилттай боллоо. Танай холбооны зүгээс дараагийн аялалыг хэзээ хийхээр төлөвлөж байна. Магадгүй нэгдэхийг хүссэн сонирхогчид байгаа байх.
-Бидний гол цуглах цэг фэйсбүүк групп байдаг. Гэрэл зураг сонирхдог, гэрэл зураг үздэг, түүнээс таашаал авдаг хүмүүс фэйсбүүк дэх “гэрэл зураг сонирхогчдын бүлгэм”-д нэгдэж болно. Одоогоор 34 мянга орчим гишүүдтэй. Ямар нэгэн төлбөр, ашгийн төлөө бус учраас гэрэл зурагтай холбоотой зөвөлгөө, санаа оноо, шүүмж магтаал гээд мэддэг чаддаг зүйлээ манай гэрэл зурагт дурласан гишүүд маань харамгүй бие биедээ хэлж өгдөг. Бидний дундаас сонирхогчоос мэргэжлийн түвшинд шилжсэн маш олон хүн бий. Тэдгээр хүмүүсээ нэгтгээд 10 сарын дундуур мэргэжлийн гэрэл зурагчдын сургалт зохион байгуулахаар бодож төлөвлөж байна. Сургалт, аялалын мэдээллүүд тухайн үедээ фэйсбүүк дээр тавигдаад явна.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
Уншигч та бүхэндээ гэрэл зураг сонирхогч Р.Бямбадоржийн дуранд буусан намрын өнгийг хүргэж байна.
/Гэрэл зургуудыг Р.Бямбадорж/
Гэрэл зураг сонирхогчдын аялалд нэгдсэн, сэтгүүлч Г.Одонтуяа