“Үлэмжийн чанар” олон улсын II уралдааны гала тоглолт, шагнал гардуулах ёслол амжилттай болж өндөрлөлөө.
Монгол оюуны давтагдашгүй өвийн нэгэн тод илэрхийлэл болсон монгол уртын дууны өвийг хадгалан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах, авьяас төгөлдөр уртын дуучдыг нээн илрүүлэх зорилготой энэхүү уралдаанын гурван жил тутам зохион байгуулдаг.
Гала тоглолтыг тогтсон дэг уламжлалын дагуу анхдугаар уралдааны гранпри шагналтан, уртын дууч Б.Мягмардорж, шилдэг морин хуурч Х.Дамдин нар “Үлэмжийн чанар” уртын дуугаар нээлээ.
Уралдааны суралцагч ангиллын гутгаар байрт А.Хатанбаатар, дэд байрт Ц.Анужин, тэргүүн байрт Б.Цэрэнханд нар шалгарч, шалгарсан бүтээлүүдээсээ өргөн барив.
Уралдааны шүүгчид болох Гавьяат жүжигчин, морин хуурч Р.Амарбаяр, Гавьяат жүжигчин, уртын дуучин Г.Энхбаатар, уртын дуучин, урлаг судлаач, урлаг судлалын доктор М.Дорждагва нар XIX зууны Монголын их соён гэгээрүүлэгч, Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн “Өвгөн шувуу” дууг хүндэтгэл болгон өргөн барилаа.
Мэргэжлийн ангиллын гутгаар байрт С.Сүхбат, дэд байрт Г.Минжинсор, тэргүүн байрт Б.Бямбадорж нар шалгарч, шалгарсан бүтээлүүдээсээ сонордууллаа.

“Үлэмжийн чанар” уралдааныг санаачлан зохион байгуулагч, “Таван нүдэн” брэндийн үүсгэн байгуулагч Б.Батзаяа “Уг уралдааны үнэ цэн нь зөвхөн шилдгүүдийг тодруулахад бус, Монгол уртын дууны эрдэм уламжлагдаж, шинэ үеийн авьяастнууд төрөн гарч, өвийн залгамж тасралтгүй үргэлжлэхэд оршино” хэмээн онцоллоо.


