Холливудын жүжигчин Итан Хоук өөрийн амьдрал, уран бүтээлийн замналд хамгийн их нөлөөлсөн дүрээ нэрлэхдээ олон хүний таамаглах “Training Day” бус, 2001 оны бага төсөвтэй “Tape” киноны дүрийг онцолжээ. Тэрбээр уг дүрийг “Миний амьдралыг өөрчилсөн” хэмээн тодорхойлсон байна.
Өдгөө 55 настай жүжигчин BBC-д өгсөн ярилцлагадаа “Хэрэв миний амьдралыг өөрчилсөн нэг киноны дүрийг сонгох хэрэгтэй бол тэр нь “Tape” байх байсан” гэж хэлжээ. Ричард Линклейтерийн найруулсан тус драм нь 2001 оны нэгдүгээр сард нээлтээ хийсэн бөгөөд үйл явдал бүхэлдээ мотелийн нэг өрөөнд өрнөдөг.
Хоук уг кинонд тухайн үеийн эхнэр Ума Турман, мөн “Dead Poets Society” киноны хамтрагч Роберт Шон Леонард нарын хамт тоглосон.
Жүжигчин “Tape” кино түүний мэргэжлийн хувьд чухал шилжилтийн үед бүтсэн гэдгийг онцолсон байна. Тэр үед Хоук 30 нас хүрэх гэж байсан бөгөөд өөрийгөө “насанд хүрсэн жүжигчин” болох шинэ шатанд орж байна гэж мэдэрч байжээ. Үүнээс гадна кино бүтээхэд шинээр нэвтэрч байсан дижитал видео технологийг Ричард Линклейтертэй хамт туршиж үзсэн нь түүнд онцгой сонирхолтой байсан аж.
“Tape” киноны дараахан Хоук карьерынхаа хамгийн нэр хүндтэй дүрүүдийн нэг болох “Training Day” киноны цагдаа залуу Жейк Хойтын дүрийг бүтээж, Дензел Вашингтонтой хамтран тоглосон юм. Тус дүрээрээ тэрбээр анхны “Оскар”-ын шагналаа хүртсэн бөгөөд “Tape” дээрх туршлага нь “Training Day”-д тоглоход нь чухал бэлтгэл болсон гэж ярьжээ.

