Дуучин Жастин Тимберлейк “NSYNC” хамтлагийн ид үедээ тайзан дээр байнга битбокс хийдэг байсан үеэ эргэн дурсаж, тэр үеэсээ ичдэг талаараа ярьжээ.
45 настай уран бүтээлч аравдугаар сарын 5-нд контент бүтээгч Ханна Янгийн инстаграм хуудсанд нийтэлсэн Тимберлейкийн 2000-аад оны битбокс хийж байх үеийн бичлэгийн доор сэтгэгдэл үлдээсэн байна.
Тимберлейк “Тэр үеийн энэ үйлдэлдээ хэр их уучлалт гуйхаа мэдэхгүй байна. Хэтэрхий олон “boots”. Хэтэрхий олон “cats” хэмээн хошигножээ. Мөн “Намайг уучилна гэж найдаж байна. Дахиж ингэхгүй гэж амлаж чадахгүй” гэж бичсэн байна.
Тимберлейк NSYNC-ийн 2001 оны “Celebrity” цомогт багтсан “Pop” дуунд мөн битбокс хийж байсан бөгөөд тухайн үеийн тоглолтуудынхаа үеэр энэ ур чадвараа тайзан дээр мөн үзүүлдэг байжээ.
Тэрбээр 2023 онд “Hot Ones” нэвтрүүлэгт оролцохдоо мөн битбокс хийдэг байсан энэ үеэсээ бага зэрэг ичдэг гэдгээ дурссан байдаг.

