Дорноговь аймгийн Сайншанд сумын долдугаар багт барьж буй 700 хүний суудалтай “Саран хөхөө” театрын шинэ барилгын ажлын явц 80 гаруй хувьтай байна. Тус барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Болор-Аграмба” ХХК гүйцэтгэж байна.
Энэхүү барилга нь өндөр төвөгшил бүхий хийцлэлтэй барилгын тоонд ордог аж. Одоогоор орчин үеийн технологи, шийдэл бүхий тайз, 24 метрийн өндөрт хийх архитектурын нарийн хийцтэй интерьерийн заслын ажил үргэлжилж байна. Театрын хуучин барилга 1980 онд ашиглалтад орсон бөгөөд олон жил ашигласны улмаас барилгын чанар муудаж, цаашид ашиглахад хүндрэлтэй болжээ. Шинэ барилга ашиглалтад орсноор уран бүтээлчид уран бүтээлээ туурвих, иргэдэд урлаг, соёлын үйлчилгээг стандарт шаардлага хангасан орчинд хүргэх нөхцөл бүрдэх юм.
Монголын театрын урлагийн эхлэлийг нэрт соён гэгээрүүлэгч, говийн V дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаагийн 1832 онд байгуулсан “Саран хөхөө” театртай холбон үздэг. Тухайн үед тус театрт “Саран хөхөөний намтар” жүжгийг тоглож, нийгмийн сөрөг үзэгдлийг шүүмжлэн харуулдаг байжээ.


