“Gandhi”, “Groundhog Day”, “The Fisher King” зэрэг кино болон BBC-ийн “The Blue Planet”, “Planet Earth” зэрэг алдарт баримтат цувралын хөгжмийг зохиосон Британийн нэрт хөгжмийн зохиолч Жорж Фентон 76 насандаа таалал төгсжээ.
Түүний гэр бүлийнхэн Фентоныг гэнэтийн байдлаар нас барсан гэж мэдэгдсэн боловч нас барсан шалтгааныг тодруулаагүй байна. Тэрбээр кино, телевиз, театрын 100 гаруй бүтээлд хөгжим зохиож, Британийн хөгжмийн салбарт олон арван жилийн турш үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Жорж Фентон 1949 онд Кентийн Бромли хотод төрсөн. Тэрбээр эхэндээ жүжигчин, хөгжимчин болох сонирхолтой байсан бөгөөд 1968 онд Алан Беннеттийн “Forty Years On” жүжгээр “Уэст-Энд”-ийн тайзнаа гарч байжээ. Харин 1974 онд “Royal Shakespeare Company”-ийн “Twelfth Night” жүжгийн хөгжмийг зохиосноор кино, театрын хөгжмийн зохиолчийн замнал нь эрчимтэй эхэлсэн байна.
Фентон киноны хөгжмөөрөө нийт таван удаа “Оскар”-ын шагналд нэр дэвшсэн юм. Тэрбээр анх 1982 оны Ричард Аттенборогийн найруулсан “Gandhi” киноны хөгжмөөр “Оскар”-т Энэтхэгийн алдарт хөгжимчин Рави Шанкатай хамт нэр дэвшиж байв. Мөн “Cry Freedom”, “Dangerous Liaisons”, “The Fisher King”, “The Remains of the Day” бүтээлүүдээрээ “Оскар”-т нэр дэвшжээ.
Түүний уран бүтээлийн чухал хэсгийг байгалийн тухай баримтат кино, цувралын хөгжим эзэлдэг. Фентон “The Blue Planet”, “Planet Earth”, “Frozen Planet” зэрэг Дэвид Аттенборогийн алдарт бүтээлүүдэд хөгжим зохиож, “The Blue Planet”-ийн хөгжмөөрөө BAFTA, “Эмми” болон “Ivor Novello” зэрэг шагнал хүртсэн байна.
Фентон мөн найруулагч Кен Лоучтай олон жилийн турш хамтран ажиллаж, “The Wind That Shakes the Barley”, “Looking for Eric” зэрэг нийт 18 киноных нь хөгжмийг бичжээ. “The Wind That Shakes the Barley” кино 2006 онд Каннын кино наадмын тэргүүн шагнал болох “Алтан далдуу мод” шагналыг хүртсэн юм.
Түүнчлэн Фентон “Groundhog Day”, “The Fisher King”, “You’ve Got Mail”, “Hitch” зэрэг олон алдартай киноны хөгжмийг зохиож, BBC-ийн “Newsnight”, “One O’Clock News”, “Six O’Clock News”, “Nine O’Clock News”, “PM” зэрэг нэвтрүүлгийн хөгжмийн сэдвийг бүтээсэн байна.
Түүний хөгжмийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж 2023 онд CBE цолоор шагнажээ.

