Холливудын жүжигчин Сильвестер Сталлоне 1974 онд “The Lords of Flatbush” киноны зураг авалтын үеэр хамтран тоглосон Ричард Гиртэй зодолдож байсан тухайгаа дурсамж номдоо дэлгэрэнгүй бичжээ.
Өдгөө 80 настай Сталлоне “The Steps” нэртэй дурсамж номдоо тухайн үед 20 гаруй настай байсан Гиртэй анх хэрхэн зөрчилдөж эхэлсэн талаар дурдсан байна. Түүний хэлснээр тэдний асуудал киноны зураг авалт эхлэхээс өмнө, дүрийн туршилтын үеэр эхэлжээ.
Туршилтын зураг авалтын үеэр Гир сэтгэг хөдлөлдөө хэт автаж, түүний цамцнаас татаж, хумсаараа арьсыг нь маажсан байна. Тэрбээр Гирт энэ талаар нь хэлсэн ч дараагийн зураг авалтад мөн адил үйлдэл давтагджээ.
Харин тэдний маргаан үдийн хоолны үеэр улам даамжирчээ. Сталлоны бичсэнээр Гирийн идэж байсан тахианы махны тос түүний хөл дээр асгарсны дараа тэрбээр уурлаж, Гирийг цээж рүү нь тохойгоороо цохин, машинаас гарган татсан байна.
Гир зодолдохыг хүсэхгүй байгаагаа хэлсэн ч Сталлоне тухайн үед “Одоо хэтэрхий оройтсон” хэмээн хариулсан гэж дурсжээ. Найруулагч Стивен Верона тэдний хооронд орж зогсоосны дараа хоёр жүжигчний нэгийг киноноос хасах шаардлагатай болсон байна.
Эцэст нь Ричард Гир “The Lords of Flatbush” киноноос гарч, түүний дүрийг Перри Кинг бүтээжээ.
Сонирхуулахад, Сталлоне, Гир хоёрын хоорондын зөрчил үүгээр дуусаагүй гэх мэдээлэл байдаг. Элтон Жон 2019 онд гаргасан дурсамж номдоо хоёр жүжигчин 1990-ээд онд Диана гүнжтэй холбоотой асуудлаас болж дахин зөрчилдсөн тухай дурдсан байдаг.

