Жүжигчин Жош Хартнетт Холливудын том төсөвтэй кинонуудаас удаан хугацаанд хол байсан үеэ эргэн дурсаж, жүжигчний карьераа орхиогүй, харин хүмүүсийн анхаарлаас хэсэг хугацаанд хол байхыг хүссэн тухайгаа ярьжээ.
Хартнетт “Out of Order” нэвтрүүлэгт оролцохдоо 22 жилийн турш том төсөвтэй кинонд тоглоогүй тухайгаа “Би хүмүүсийн бодлоос л завсарласан байх. Нэг талаараа энэ нь эргэн ирэхдээ шинээр эхэлж байгаа мэт байх боломжийг надад өгсөн” хэмээн хэлжээ.
Хартнетт 2000-аад оны эхээр “Pearl Harbor”, “Black Hawk Down” зэрэг өндөр төсөвтэй бүтээлүүдэд тоглож, Холливудын хамгийн эрэлттэй залуу жүжигчдийн нэг болсон юм. Гэвч тэрбээр дараа нь томоохон киноны саналуудыг дараалан хүлээн авахаас татгалзаж, өөр төрлийн уран бүтээлд анхаарлаа хандуулсан байна. Учир нь тэрбээр “The Virgin Suicides” зэрэг өөр өнгө аястай бүтээлүүдэд ажиллах сонирхолтой байсан аж.
Тэрбээр өмнө нь “Superman”, “Batman” зэрэг алдартай дүрүүдийн саналаас татгалзсан тухайгаа ярьж байсан. Хартнеттийн хувьд өөрийн карьер болон амьдралын сонголтоо өөрөө хийх нь чухал байсан бөгөөд хэн нэгний хүссэнээр явж, “хүүхэлдэй” болохыг хүсээгүй гэжээ.
Харин сүүлийн жилүүдэд Кристофер Ноланы “Oppenheimer” кинонд тоглосноосс хойш Хартнетт дахин олны анхаарлын төвд ороод байна. Тэрбээр одоо “Verity” төслөөр уран бүтээлээ үргэлжлүүлж буй.

