Жүжигчин Жессика Бил “Searchlight Pictures”-ийн бүтээх “Playmates” кинонд Хью Хефнерийн эхнэрийн дүрийг бүтээхээр болжээ.
Тус кинонд Билл Пуллман Хью Хефнерийн дүрд, Лили-Роуз Депп Анна хэмээх гол дүрийн эмэгтэйн дүрд тоглоно. Харин Жессика Билийн бүтээх эхнэрийн дүр нь Хефнерийн бодит амьдрал дээрх эхнэрүүдийн аль нэгийг шууд дүрслэхгүй, кинонд зориулан бүтээсэн зохиомол дүр аж. Тус дүрийг өмнө нь “Playmate” байсан хэмээн танилцуулжээ.
“Playmates” киноны зохиол, найруулгыг Лоррейн Николсон хариуцаж байгаа бөгөөд энэ нь түүний бүрэн хэмжээний киноны зохиолч, найруулагчаар ажиллах анхны бүтээл болох юм.
Лили-Роуз Депп кинонд тоглохоос гадна продюсероор ажиллана. Харин Алекс Орловский болон Дункан Монтгомери нар “High Frequency Entertainment”-ийн нэрийн өмнөөс продюсерын үүрэг гүйцэтгэх аж.
Жессика Бил нь “The Illusionist”, “The A-Team”, “New Year’s Eve”, “Valentine’s Day” зэрэг кино, мөн “7th Heaven”, “The Sinner”, “Candy”, “The Better Sister” зэрэг телевизийн бүтээлээрээ алдартай. Тэрбээр сүүлийн жилүүдэд жүжиглэхийн зэрэгцээ продюсерын чиглэлээр ажиллаж байна.
Одоогоор “Playmates” киноны зураг авалт эхлэх хугацаа болон нээлтийн товыг албан ёсоор зарлаагүй байна.

