“Зогсоол” кино Пусаны олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийлээ. Монгол Улсаа төлөөлөн оролцож буй найруулагч С.Бямбын “Зогсоол” уран сайхны кино аравдугаар сарын 11-нд Бусаны олон улсын кино наадмын үеэр дэлхийн нээлтээ хийлээ.
Нээлтийн үзвэрийн дараа кино багийнхантай хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд олон улсын үзэгчид бүтээлийг өндрөөр үнэллээ.
Монгол, Герман, Франц, Тайланд, Камбожийн 50 гаруй уран бүтээлчийн хамтын хүчээр бүтсэн тус кино Монголын өнөөгийн нийгмийг Ковид-19 цар тахлын дэвсгэр дээр ёжлон өгүүлнэ.

Найруулагч С. Бямба бүтээлийнхээ талаар “Бид ихээхэн төвөгтэй бөгөөд тогтворгүй цаг үед амьдарч байна. Их гүрнүүд болон үндэстэн дамнасан корпорацуудын ашиг сонирхлоос үүдсэн зөрчил мөргөлдөөнөөс ангид улс орон гэж бараг алга. COVID-19 цар тахал орчин үед улс гүрнүүд хийгээд хүмүүс хоорондоо урьд өмнө байгаагүйгээр нягт холбогдсоныг ойлгуулсан. Ийм болохоор орчин үед хүмүүс эдийн засаг, мэдээлэл технологийн сүлжээгээр дамжин өөр хоорондоо хэрхэн гүнзгий холбогдсон талаар өгүүлэх нь чухал болжээ.
Би алс бөглүү нэгэн сумын төвөөр дамжуулан энэ цагийн нэг нэгнээсээ хүчтэй хамаарах болсон дэлхий ертөнцийн тухай өгүүлэхийг зорьсон. Киноны үйл явдал өрнөх тусгаарлагдсан бяцхан орон зай улс төрийн жүжиг хувь хүний амьд үлдэхийн төлөөх тэмцэлтэй эсрэгцэх утгагүй атлаа гүнээ хүмүүнлэг эсрэг тэсрэгээр баялаг нэгэн ертөнц болон хувирна. Зогсоол бол эгэл жирийн хүмүүсийн амьдралд улс төр болоод эдийн засгийн хүчин зүйлс хэрхэн нөлөөлж байдгийг өгүүлсэн түүх юм” хэмээсэн.
Пусаны кино наадмын хүрээнд “Зогсоол” кино дахин гурван удаа үзэгчдийн хүртээл болох бол Монголын үзэгчид ирэх арваннэгдүгээр сард эх орондоо хүлээн авах юм.

