“Breaking Bad” олон ангит кинонд Уолтер Уайт Жуниорын дүрээр танигдсан Америкийн жүжигчин, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн төлөө тэмцэгч Р.Ж. Митте 34 насандаа таалал төгсжээ. Түүний нас барсан тухай мэдээллийг аравдугаар сарын 12-нд нийтэлсэн байна.
1992 онд АНУ-ын Миссисипи мужийн Жексон хотод төрсөн Р.Ж. Митте бага насандаа тархины саажилттай гэж оношлогджээ. Тэрбээр өөрийн бодит амьдралын туршлагаа ашиглан “Breaking Bad” цувралын Уолтер Уайт Жуниорын дүрийг бүтээсэн юм.
Митте өсвөр насандаа жүжигчний карьераа эхлүүлж, “Breaking Bad” цувралын таван улирлын турш тоглосон байна. Түүний бүтээсэн дүр нь цувралын гол дүр Уолтер Уайтын хүү бөгөөд үзэгчдийн сайн мэдэх дүрүүдийн нэг болсон юм.
Тэрбээр “Switched at Birth”, “The Guardians of Justice” зэрэг телевизийн бүтээлүүдэд мөн тоглож байжээ.
Жүжигчний хувьд амжилт гаргахаас гадна Митте хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, тэдний нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэхийн төлөө идэвхтэй ажилласан байна. Тэрбээр “United Cerebral Palsy” байгууллагын элч төлөөлөгчөөр ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн кино урлаг дахь төлөөллийг нэмэгдүүлэхийг зорьж байв.
Р.Ж. Миттегийн уран бүтээл, нийгмийн үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулсан юм.

