-Менежмент бол мэдээллийг мэдлэг болгон мэдсэнээ капитал болгох-
Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ч.Бат-Эрдэнэ Соёлын дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан. Тэрээр СУИС, Удирдлагын академи болон Ирландын менежментийн сургуулийг тус тус төгсч ирээд ийнхүү эх орондоо урлагийн салбарт мэдсэн сурсанаа хэрэгжүүлж яваа юм. Сүүлийн жилүүдэд урлагийн менежмент дагнан судалж байгаа тэрээр энэ шинэ хичээлийн жилээс СУИС-ийн Нийгмийн түншлэл, бүтээлч үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирлын албыг хаших болсон. Ингээд түүнтэй урлагийн менежментийн талаар ярилцлаа.
-Урлагийн салбарт хамгийн их дутагдалтай байгаа зүйл бол менежмент гэдэгтэй та санал нийлэх үү?
-Соёл урлагийн салбарт маш их хэрэгтэй байгаа зүйл бол менежмент. Мэдээллийг мэдлэг болгодог, мэдсэнээ капитал болгодог зүйл шүү дээ. Ер нь бид ирээдүйг мундаг сайхнаар харж байгаа. СУИС их дээд сургуулийн боловсролын шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн хавар хөтөлбөрийн шинэчлэлийг хийсэн. Бид одоо шинэ хөтөлбөрөөр явж байна. Өмнө нь бакалаврын хөтөлбөрийг үзэж дуусаад дуучин, хөгжимчин гэдэг нөхрийг бэлтгэн гаргадаг байлаа. Харин одоо бол тийм биш дэлхийн жишигтэй нийцүүлж байна гэсэн үг юм. Ингэснээр манай сургуулийг төгссөн оюутнууд зөвхөн тайзан дээр дуулж жүжиглээд зогсоно гэдэг үзэл бодол нь алга болж байгаа юм.
-Жишээ нь ямар чадвартай боловсон хүчин болж гарах вэ?
-Багшлах, уран бүтээлээ хийх, өөрөө өөртөө менежер хийх, менежмент, маркетингийн чиг хандлагыг мэддэг, ойлгодог болсон байна. Бид зөвхөн дуучин байх л ёстой гэж оюутнуудаа хараад байгаа юм. Түүнээс биш тэд өөрсдөө том компани, продакшны захирал болох ёстой. Бид чөлөөт цагийн үйл ажиллагаа гэж хөтөлбөрийг бий болгож байна. Гараад л энэ булан дээр хүний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх нөгөө дугуйлан секц явуулж чаддаг байх мундаг дадал, чадварыг өөртөө суулгасан мэргэжилтнийг бид төрүүлэн гаргана гэж зүтгэж байгаа. Монголын соёл урлагийн салбар дахь менежментийг ойлгоход их төвөгтэй. Учир нь шинэ үе өөр зүйлийг яриад хуучнаа давтаад байгаа юм шиг зүйл яваад байгаа. Гэтэл өнөөдөр бид маш сайн төлөвлөгөөтэйгээр ажиллахгүй бол менежментийн чиг хандлага өөрчлөгдсөн шүү дээ. Өмнө нь бид ямар ч судалгаа, сурвалж, төлөвлөгөөгүй ажлуудыг гүйцэтгэсэн байсан учраас тэр нь бүтэхгүй нураад байдаг байсан. Тэгвэл өнөөдөр судалгаатай, стратегийн төлөвлөгөөгөө багаар бодоход жилийн хугацаанд төлөвлөж байж л ажил болно. Тэгэхгүйгээр өнөөдөр бид шөнө зүүдэлсэн зүйлээ сайн зүйл гэж ойлгоод маргааш өглөө нь босож ирээд байгуулж, хийх гээд байгаатай адилхан л болчихоод байна шүү дээ. Бүхнийг эхнээс нь зөв төлөвлөөд хайчин галаар шүршдэг зүйлийг л менежмент гээд байгаа. Хамгийн сайн цаг төлөвлөлт, хамгийн сайн төлөвлөгөө түүнийг хэрэгжүүлж байгаа зүйлийг л менежмент гээд байгаа юм. Бид учиргүй мундаг зүйл гэж харахаасаа илүүтэй энгийнээсээ л эхлэх хэрэгтэй. Тэгж байж үүнийг бид бүтээж, гэрэлтүүлж, гийгүүлж чадна гэж хардаг.
-Монголын уран бүтээлчдийн хувьд өнөөдөр нийтлэг харагддаг төрх бол маркетинг, менежментээ өөрийнхөө нуруун дээр үүрдэг. Гэтэл өнөөдөр тэдэнд үйлчлэх энэ чиглэлийн боловсон хүчин хэр хангалттай байгаа юм бол оо?
-Өнөөдөр бид энэ асуудлын хувьд зөвхөн театр, чуулгуудынхаа 40 хувийг нь л хангаж байна гэсэн судалгаа байна. Гэвч бид гадуур байгаа чөлөөт уран бүтээлчдэд маркетинг, менежментийн баг хэрэгтэй болоод байна шүү дээ. Одоо яах аргагүй соёл урлагийн салбарт продюссинг, менежментийн баг гарч ирнэ. Тэгээд тэдэнд мөнгөө төлөөд ажлаа хүлээгээд сууж байдаг болно.
-Өөртөө хэрэгтэй байгаа зүйлийг хүнд хэрэгтэй гээд хийвэл амжилтад хүрнэ-
-СУИС дээр энэ төрлийн боловсон хүчнийг бэлдэж байгаа юу?
-Бид соёлын менежерүүдийг бэлдэж байна. Менежментийн ангиуд байна. Аравхан жилийн түүхтэй энэ ангийг нэг жилд 20 гаруй оюутан л төгсөнө. Тэгээд нөгөө оюутнууд нь очоод маркетингийн менежер хийнэ. Байгууллага бүрт маркетингийн менежер байна. Нөгөө очиж байгаа хүүхдүүдийг маань төлөвлөгөөгүй уран бүтээл хийдэг гэдгээсээ болоод тасалбар борлуулдаг хүн болгож байна. Өнөөгийн нийгмийн хэрэглээ өөр болж байна. Жишээ нь театрын найруулагч бол том менежер, төслийн удирдагч байх ёстой. Төслөө оруулж ирэхдээ би ийм багтай ингэж ажиллана, манай маркетингийн баг ингэж ажиллаж, ийм зардал гарч, тэдэн хүн үзэн ийм орлого олно гээд бүх төлөвлөгөө гарчихсан байх ёстой. Тэгээд үүнийгээ графикийнхаа дагуу явуулаад эцсийн цэг дээр амжилт гэж зүйл дээр очно. Үүнийг л бид хийхгүй, дотроо ярьж байгаад асуудлыг шийдээд байна. Сайн төлөвлөлт сайн амжилтыг авчирдаг гэдгийг эхний ээлжид ойлгомоор байгаа юм. Соёл, урлагийн салбарыг бид гадна талаас нь харвал ямар ч зах зээлийн мэдрэмжгүй юм шиг харагдаж байгаа. Хямрал нүүрлэчихээд байхад тоглолт хийж болохгүй ээ. Тэнд байгаа хүмүүсийн халаасанд мөнгө хэцүү л байгаа шүү дээ. Өөрөө мөнгөгүй болоод л тоглолт хийж болохгүй. Нөгөө хүмүүс, үзэгчид хэн бэ гэдгийг харах хэрэгтэй. Ер нь өөртөө хэрэгтэй байгаа зүйлийг хүнд хэрэгтэй гээд хийвэл амжилтад хүрнэ гэж хэлмээр байгаа юм.
-Та нэг хэсэг уран бүтээлээ туурвиад энэ бүхний ард бор зүрхээрээ гараад явсан. Тухайн үед бүх менежментийг өөрөө хийгээд явах ямар байв. Монголын урлагийн менежмент 10 жилийн өмнө, хойно ямар ялгаатай байгаа вэ?
-Би 10 жилийн өмнө бүх зүйл амархан байсан гэж ярихгүй. Үнэхээр хүндрэлтэй байсан. Шинэ зүйл гэвэл имидж бүрдүүлэлт, хөгжмийн дуугаралтынхаа хувьд өөр болсон. Уран бүтээлийнхээ төлөө хүмүүс араас нь төлөвлөгөөтэй ажиллаж эхэлдпэг байсан. Тэр үед бид өөрсдийгөө яаж ажилааад байгаагаа мэдэхгүй байсан. Өнөөдөр менежментийн талаар судлаад ойлгох гээд явахад зарим нэг зүйлийг бид хэнээр ч заалгаагүй мөртлөө мэдрэмжээрээ хийгээд явсан байна.
Одоо бол хувийн компаниуд маркетинг, олон нийттэй харилцах асуудалд маш их анхаардаг болсон. Энэ нь өөрөө зөв удирдлагатай байна гэсэн санаа. Тэр үеийг бодвол өнөөдөр уран бүтээлд менежмент хийхэд олон гарц байна. Дээрээс нь зах зээлийн судалгааг хаанаас ч яаж ч авч болохоор нээлттэй байна. 10 жилийн өмнө гадаадад гар утастайгаа ямар мундаг юм бэ гэж ойлгодог байсан бол өнөөдөр дэлхий бидний гар дотор явж байна шүү дээ. Тэр боломж их байгаа. Үүнд өөрөө л хичээх хэрэгтэй. Саяхан сар шиг холын газар гээд Солонгосыг л ярьдаг байлаа. Гэхдээ зарим нэг зүйл дээр анзаарахгүй бол авсан мэдээлэл бүр үнэн биш байх талтай. Тэр мэдээллийг шүүдэг, тунгаадаг байх хэрэгтэй.
-Өнөөдөр уран бүтээлээ туурвиж байгаа хүмүүсийн тоо цөөрсөөр байгаа нь юутай холбоотой юм бол оо?
-Өнөөдөр уран бүтээл туурвих нь бүр нарийн болж байгаа. Илүү судалгаа хийх хэрэгтэй. Харин биднийг уран бүтээл хийх үед боломж их байсан. Уран бүтээл хийж түүний төлөө давшиж байгаа хүмүүс цөөн байсан. Гэвч өрсөлдөөн мундаг байсан. Өнөөдөр тэр үед тавьсан хэв загварын дагуу бүгд яваад байгаа юм. Тэгэхээр нөгөөх нь сонирхолгүй болж эхэлдэг. Одоо бид ямар уран бүтээл хийх ёстой вэ гэхээр стратегийн ач холбогдолтой уран бүтээл хийх хэрэгтэй. Маш сайн төлөвлөгөөтэй, хэнд зориулж юуг, яаж хэзээ гэдэг гурван асуултад л хариулах уран бүтээл байх ёстой.
-Эрсдлийг боломж болгож харж чаддаг болсон тэр үед Монголын урлаг дэлхийд гарна-
-Та зохиолын хэд хэдэн дуучидтай менежмент, маркетинг дээр нь хамтран ажилласан. Одоо уран бүтээлчидтэй хамтран ажилладаг уу?
-Өнөөдрийг хүртэл нэлээд уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна. Намсрайноров, Идэржавхлан, Түмэн-Өлзий гэх мэт уран бүтээлчидтэй ажиллаж байна. Тэднээр өөрсдөөр нь л юмыг нь хийлгэж үзэж байна. Менежментийн ангийн оюутнуудтайгаа уран бүтээлчдийг холбож өгөх гээд аль аль талдаа хэрэгтэй зүйлийг л хийж байна. Энгийн байдлаар үүнийг чинь л хэлээд байгаа юм шүү дээ гэдгийг ойлгуулахыг хичээдэг. Түүнээс биш нэг их онол яриад байвал хэцүү шүү дээ. “Соёлын урлагийн менежерт зориулсан удирдахуйн лавлах” гэж номыг багш нартай хамтраад гаргасан. Тэр номонд хурал яаж удирдах вэ, маркетинг, менежмент, стратеги гэж юу вэ гэдгийг маш энгийнээр тайлбарлан гаргасан. Миний бодлоор магадгүй эрсдлийг боломж болгож харж чаддаг болсон тэр үед Монголын урлаг дэлхийд гарна гэж би хардаг.
-Зохиолын дуучдын маркетинг өнөөдөр ямар түвшинд байна?
-Дурлан дурлан хайрламаар, гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна гээд дуу байна. Тэр дуу хүмүүст таалагдаж ч магадгүй, таалагдахгүй ч байж магадгүй. Гэхдээ энэ дууны уран бүтээл дээр туршаад үзэхэд болж байна гэдгийг хүмүүст харуулчихсан. Яг л судалгаан дээр яваад хэнд зориулах уу, яах уу гээд бүх зүйлээ төлөвлөж байгаад базаж нэг дуу болгон зах дээр гаргаж тавьсан. Энэ дуу яг л түймэр асаж байгаа юм шиг явсан.
-Нэлээд шүүмжлэл дагуулсан уран бүтээл шүү дээ.
-Шүүмжилж байгаа хүн маркетингийн үйл ажиллагаа явуулж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэг хүн шүүмжлэхээр 10 хүн сонирхоно. 10 хүн шүүмжлэхээр 100 хүн сонирхоно. Миний хувьд энэхүү дууны үгний тухайд сэрэл гэдэг зүйл бол зөвхөн бүсэлхийнээс доогуур зүйл байдаггүй юм аа. Би лам хүнээс асуусан шүү дээ. Энэ үгний анхны санааг ламаас авсан. Сэрэл мэдрэмж бол амьд байгаагийн хамгийн том илрэл. Хэрвээ сэрэл, мэдрэмжгүй бол замбуулин дээр өөрийгөө байхгүй болжээ гэж ойлгох хэрэгтэй гэж бурхны номонд байна шүү дээ. Тэр санаагаар энэхүү үгийг авчраад наахад л хүмүүс өөр санаагаар ойлгон хүлээж аваад шуурга шиг шуурлаа. Нэг талаасаа уран бүтээл нөгөө талаасаа туршилтын үйл ажиллагаа явагдаад байна гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ зөвхөн сэрэл гэхээр л хүнд хүрээд байгаа юм биш. Бүх зүйлсийг хооронд нь нийцүүлэхээр амь гэж зүйл бий болдог. Тэгж л хийж чадвал хүний сэтгэлд хүрч байгаа юм.
-Таныг гадаадад урлагийн чиглэлээр суралцаад ирэхэд тоглолтыг тань хүлээсэн хүн олон байсан болов уу. Ингэхэд та уран бүтээлээсээ түр завсарлага авсан уу, эсвэл зөвхөн менежмент тал руугаа тууштай ажиллах гэж байна уу?
-Дуу дуулах бол маргааш ч дуулж болно. Тэр бол үндсэн ойлголт. Бид цаг хугацааны хувьд хурдан явах гэж байгаа юм шиг мөртлөө их зүйлийг алдсан. Өнөөдөр цаасан дээр үлдсэн хүний өмнө үзүүлэх зүйл бага. Үүнд л их анхаарч байна. Жишээ нь бид Монголын урлаг дэлхийн зах зээл дээр гарах гээд байна л гэдэг. Гэтэл өнөөдөр тэнд очоод нөгөө оюуны өмчийн, зохиогчийн эрхийн асуудал нь яаж шийдэгддэг, Монгол Улс хаана ямар байгууллагатай холбоотой, юуг хөөцөлдвөл болох вэ гээд л. Өнөөдөр олон хамтлаг, дуучид цомгоо гаргаад байгаа ч түүнийг гадаадад гаргаад тавихаар хэний бүтээл вэ гэдэг асуудал яригддаг. Өнөөдөр би үүнийг зөвшөөрөх яах вэ. Нөгөө аранжировк хийж байгаа студи бүртгэлтэй юу үгүй юу, тэр компьютер дотор нь байгаа программ үнэн үү, худал үү гээд л өргөн ойлголтуудтай. Бид хийгээд л шууд гадагш нь гаргана гэж ойлгож байгаа бол үгүй юм. Өнөөдөр буцаж нөгөө зүйлээ эхнээс нь эхлэх болчихоод байна. Бичиг цаастай зууралдсан юм хийх дургүй болжээ. Уг нь түүнд л дуртай байж бүтээгдэхүүнээ гаргавал зах зээл дээр үнэ, цэнэтэй байх юм. Бидэнд өнөөдөр зах зээлийн асар том боломж байна. Хүнд яриад ойлгохгүй бол энэ бүхнийг өөрийн биеэр үзүүлнэ гэж бодож байгаа шүү. Бид өөрөө өөрийнхөө байгаа үйлдлээр нэг өдөр дэлхийн зах зээл дээр гарна. Магадгүй хүн бүр өөрөө өөрийнхөөрөө түүн рүү тэмүүлж байгаа. Бид өөрийгөө хэн бэ гэдгийг дэлхийн зах зээл дээр нээнэ гэж харж байгаа.
Г.Даша
Эх сурвалж: Eagle.mn