Төрийн ордны ард байрлах “Монгол төрийн тамга” хөшөөний суурь суулт өгч, нурах эрсдэл үүссэн тул шинэчлэн засварлах ажил эхлүүлжээ. Энэ хүрээнд хөшөөний суурийг буулган, бэхжүүлж, боржин чулуугаар шинэчлэхээр болсон байна.
Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, хөшөөний суурь доош сууж, эвдрэл үүссэн тул ийнхүү засварлах шаардлага гарчээ. Засварын ажлыг дуусгасны дараа хөшөөг буцаан байрлуулахаар төлөвлөсөн байна.
“Монгол төрийн тамга” хөшөө нь Монгол Улсын төрийн бэлгэдэл, тусгаар тогтнол, төрт ёсны уламжлалыг илэрхийлдэг бүтээл юм. Иймээс хөшөөний суурийг шинэчлэх ажил нь зөвхөн тохижилтын бус, төрийн бэлгэдлийг бүрэн бүтэн хадгалан хамгаалах ач холбогдолтой.
Монгол төрийн тамганы хөшөө нь Монголын төр ёсны түүх, төрийн залгамж чанарыгилэрхийлсэн түүхэн дурсгал юм. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан босгосон уг хөшөөг зураач Д.Наранжавын эх загвараар бүтээжээ.
Хөшөөний дөрвөн талд Монголын төрийн өөр өөр цаг үеийн тамгыг дүрсэлсэн байдаг. Үүнд, Их Монгол Улсын үеийн, Богд хаант Монгол Улсын, 1924 оны Үндсэн хуулийн үе, 1992 оны Үндсэн хуулиар тунхагласан Монгол Улсын төрийн тамгууд багтдаг.

