Дуучин Э.Агиймаа нэр бүхий хоёр барилгын компанид орон сууц болон зуслангийн байшингийн төлбөрийг 100 хувь төлж захиалсан боловч байр ч үгүй, мөнгөө ч буцаан авч чадахгүй залилуулаад байгаагаа мэдээллээ. Тодруулбал, тэрбээр 2024 оны нэгдүгээр сард “Brilliant apartment” төсөлд (захирал н.Булган-Эрдэнэ) гурван өрөө байр, гаражийн хамт төлбөрийг 100 хувь төлж захиалан, 2025 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орохоор гэрээ байгуулжээ. 2025 оны зургаадугаар сараас барилгын ажил доголдож, 2026 оны гуравдугаар сард бүрэн зогсон, төслийн хүмүүс оргон зайлсан байна. Уг компани 800 орчим иргэнийг хохироосон гэх асуудал яригдаж байгаа бөгөөд захирал нь одоог хүртэл эрх чөлөөтэй явж байгаад хохирогчид гомдолтой байгаагаа илэрхийлэв. Тэрбээр мөн 2026 оны хоёрдугаар сард “Mentor house” төсөл (иргэн н.Дугар)-тэй зуслангийн байшин бариулахаар RX 450 автомашинаараа бартер хийн 100 хувь шилжүүлсэн. Гэвч тус автомашиныг ББСБ-д 50 сая төгрөгийн барьцаанд тавьж, амласан хугацаандаа байшингаа хүлээлгэж өгөөгүй бөгөөд н.Дугар нь эрэн сурвалжлагдаж байгаад хоригджээ.
Дуучин Э.Агиймаа үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг өглөө. Тэрбээр “Болж өгвөл баригдаж дууссан байр, байшин худалдаж авах, хямд үнэ, яаруулсан шийдвэр, аман тохиролцоонд хэзээ ч бүү хууртах, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх, улсын бүртгэл, барьцаанд байгаа эсэх, өмчлөгч мөн эсэхийг заавал шалгах, газрын гэрчилгээ, зориулалт, эзэмших болон өмчлөх эрхийг нягтлах, гэрээ байгуулахаас өмнө хуульч, нотариатаас зөвлөгөө авч, төлбөрийн баримтаа хадгалах, нэг удаа бичиг баримтыг шалгаж нягтлаагүйгээс насан туршийн хөдөлмөрөөр олсон мөнгөө салхинд хийсгэх аюултай тул бичиг баримтыг гүйцэд шалгаагүй л бол мөнгөө бүү шилжүүлээрэй” хэмээн анхааруулсан юм.

