УДЭТ-ын уран бүтээлчид их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жил, УДЭТ-ын түүхт 95 жилийн ойд зориулан Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиол, УДЭТ-ын Ерөнхий найруулагч Ч.Түвшингийн найруулга, “Жаргаагүй нар” түүхэн, эмгэнэлт жүжгийг ирэх арваннэгдүгээр сарын 5-наас дахин олны хүртээл болгох гэж байна.
Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн энэхүү бүтээл нь нэгэн хүний хувь заяагаар дамжуулан цаг үеийн өнгө төрх, хүний сэтгэлийн эмзэглэл, амьдралын гашуун үнэнийг тайзнаа амилуулах бөгөөд гол дүрд Б.Шинэбаяр дахин тоглох юм.
Жүжигчин Б.Шинэбаяр УДЭТ-ын босгыг 2014 онд давсанаасаа хойш У.Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгийн Ромео, Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” жүжгийн Нацагдорж, С.Михалковын “Бардам туулай” жүжгийн Бардам туулай, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгийн Аравт, Б.Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан” жүжгийн Элч, Д.Равжаагийн “Саран хөхөө” жүжгийн хөтлөгч, Дэрмэ түшмэл, Д.Намдагийн “Оролмаа эх” жүжгийн олны хэсэг, У.Шекспирийн “Гамлет” жүжгийн Гильденштрен, В.Хюгогийн “Парисын Дарь эхийн сүм” жүжгийн Залуу лам, Т.Габбегийн “Үнсгэлжин” жүжгийн Түшмэл, С.Драгунсгаягийн “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжгийн Эмээ, М.Сервантесын “Кихот ноён” жүжгийн Янгус, Мөргөлчин, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийн олны хэсэг, Ч.Түвшингийн “Норовын намтар” жүжгийн Математикийн дэвтэр, Софоклын “Эдип хаан” жүжгийн олны хэсэг, Л.Н.Толстойн “Адууны түүх” жүжгийн Офицер, Жанжаа, О.Элбэгтөгсийн “Надтай үлдээч” жүжгийн Хосбаяр, Л.Н.Толстойн “Анна Каренина” жүжгийн Офицер, Б.Брехтийн “Сычуаны сайн хүн” жүжгийн Шу Фу, Н.Гоголийн “Тоглоомчид” жүжгийн Ихарев, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийн Хүчир, Л.Н.Толстойн “Анна Каренина” жүжгийн Константин Левин, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгийн Модун Шаньюйгийн дүрээр тайзнаа амьдарчээ.

