Өмнөд Солонгосын алдарт “Signal” олон ангит киноны үргэлжлэл болох “Signal 2” буюу “The Second Signal” цуврал 2026 оны арванхоёрдугаар сарын 7-нд “tvN” телевизээр нээлтээ хийхээр товлогджээ.
2016 онд үзэгчдийн хүртээл болсон эхний бүлэг цаг хугацааны өөрчлөлт, шийдэгдээгүй гэмт хэргүүд, нууцлаг рацийн холбоогоор дамжуулан үзэгчдийг байлдан дагуулсан билээ. Харин үргэлжлэлд мөрдөгч И Жэ Хан, гэмт хэрэг судлаач Пак Хэ Ён болон багийн ахлагч Ча Сү Хён нарын түүх цааш өрнөх аж.
Эхний бүлгийн төгсгөлд мөрдөгч И Жэ Хан 2000 онд амь үрэгдэх ёстой байсан ч цаг хугацааны шугам өөрчлөгдсөний улмаас амьд үлдсэн байдаг. Гэвч тэрбээр удалгүй дахин сураггүй алга болно. Харин “The Second Signal” цувралд Пак Хэ Ён болон Ча Сү Хён нар нууцлаг анхааруулга бүхий зурвасын мөрөөр “Жонхён” сувилахуйн эмнэлэгт очих бөгөөд И Жэ Хан тэнд нуугдаж байсан нь тодорхой болох юм.
Шинэ бүлэгт Пак Хэ Ён, И Жэ Хан хоёр эхний цувралын нэгэн адил цэнэглэгч шаарддаггүй нууцлаг рациар дамжуулан өөр өөр цаг хугацааны хооронд харилцана. Тэд бодит гэмт хэргүүдээс сэдэвлэсэн, олон жил шийдэгдээгүй шинэ хэргүүдийг мөрдөн шалгахын зэрэгцээ өнгөрсөнд гаргасан өөрчлөлтүүд өнөөгийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаатай нүүр тулах аж.
Өнгөрсөнд хийсэн өчүүхэн өөрчлөлт ч ирээдүйг эрс өөрчилж болох цаг хугацааны парадокс, санаандгүй үр дагавар нь цувралын гол үйл явдлын нэг хэсэг хэвээр үлдэх юм.
“Signal” цувралд мөрдөгч И Жэ Ханы дүрийг жүжигчин Чо Жин Ү, Пак Хэ Ёны дүрийг И Жэ Хун, Ча Сү Хёны дүрийг Ким Хе Сү нар бүтээсэн билээ. Шинэ бүлэгт эдгээр дүрийн түүх хэрхэн үргэлжлэх нь цувралын шүтэн бишрэгчдийн анхаарлыг татаж байна.

