Скаймедиа корпорацийн бүтээл, найруулагч Б.Тамир, зохиолч Тодко Самсон нарын хамтран бүтээсэн “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” уран сайхны кино АНУ-ын Лос Анжелес хотын Калвер-Сити хотод 2026 оны арваннэгдүгээр сарын 12–19-ний өдрүүдэд зохион байгуулагдах 12 дахь удаагийн “Asian World Film Festival” (AWFF) наадмын “Snow Leopard” төрөлд зохион байгуулагчийн онцгой урилгаар оролцохоор боллоо.
“Asian World Film Festival” нь Азийн кино урлагийн шилдэг бүтээлүүдийг олон улсын үзэгчдэд хүргэх, улс орнуудын кино уран бүтээлчдийн хамтын ажиллагаа, соёлын солилцоог дэмжих зорилготой олон улсын кино наадам юм. Тус наадмын “Snow Leopard” шагнал нь шилдэг кино, жүжигчид, шүүгчдийн тусгай шагнал зэрэг олон төрлөөр олгогддог бөгөөд Азийн кино урлагийн уран бүтээлчдийн амжилтыг үнэлэн таниулдгаараа онцлогтой.
Тус бүтээл нь Кино урлагийг дэмжих сангийн 2025 оны сонгон шалгаруулалтаар төслийн санхүүжилтийн тодорхой хувийн дэмжлэг авсан бөгөөд Монголын түүх, тусгаар тогтнолын үнэ цэнийг уран сайхны аргаар илэрхийлж, үндэсний кино урлагийг олон улсын тавцанд таниулахад чиглэж буйгаараа онцлог юм.

