Энэ удаагийн сонирхолтой зочинтой ярилцах булангаараа бид залуу уран бүтээлч, зураач Ц.Солонготой уулзсан юм. Өөрийн гэсэн өвөрмөц үзэл бодолтой, чөлөөт уран бүтээлчийн дотоод ертөнцтэй энэ удаагийн дугаараараа танилцахыг хичээлээ. Дашрамд сонирхуулахад сонирхолтой зочны ярилцлага булан маань долоо хоног бүрийн гурав дахь өдөр манай сайтаар уншигчиддаа хүрэх болно.
-Модерн зургийн онцлог ер нь юу байдаг вэ. Анхныхаа уран үзэсгэлэнгийн нээлтийг модерн зургийн төрлөөр нээсэн шүү дээ?
-Бид таньдаг хүмүүсээ гадаад төрх, нүд, царайны хэлбэрээр таньдаг бол тухайн хүний дотор хүнийг гаргаж ирэх нь миний хувьд маш чухал. Тийм ч учраас модерн зургаар тухайн хүний дотоод ертөнцийг илэрхийлэхэд модерн уран зураг илүү тохиромжтой байдаг. Миний л хувьд л даа…
-Сэтгэл, шувуу гэх хоёр үгээр үзэсгэлэнгээ нэрлэсэн нь ямар учиртай вэ?
-Ер нь аливаа зүйлсийн оноосон нэр хүнд хүчтэй нөлөөлөл үзүүлдэг шүү дээ. Нэр нь тухайн үзэсгэлэнгийн уур амьсгал утгыг гаргаж өгдөг. Бид нарын мэддэг далавчтай шувуу, сэтгэл гэх хоёр үг хоорондоо өөр боловч хүний дотоод ертөнцөд нэгддэг зүйл юм шүү гэдгийг л харуулахыг хүссэн. Сэтгэлийнхээ шувууг өөрийнхөө бүтээлээрээ нисгэж байна гэж хэлж болно. Дөрвөн жилийн өмнө яруу найрагч Сарантуяа эгчтэйгээ танилцаж яруу найраг гэдэг урлагт маш их шимтэж дурлах болсонтой ч холбоотой. Түүний нэг шүлэг их таалагдаж байсан. “Би сэтгэл хэмээх далавчаа хумьсан хун шувуу”…гэсэн мөрт байдаг. Үүгээрээ юуг хэлэх гэж байгаа вэ гэхээр хүний дотор хань шувуу, үр шувуу, ээж шувуу гэдэг зүйл бий. Миний эмзэглэдэг зүйл нь өнөөгийн нийгэмд хүмүүс олон янзын, төрлийн маск зүүх болжээ. Масктай явсаар байгаад бид дотоод мөн чанараа алдах вий дээ гэдэг бодол намайг нэлээд эмзэглүүлдэг. Нэг нэгнийгээ хайрлах, өрөвчхөн, тусч сэтгэл зэрэг хүний байгалийн мөн чанараа алдах аюултай тулгарчихсан юм шиг сэтгэгдэл хаяахан төрдөг. Тиймээс хүмүүс өөрсдийнхөө жинхэнэ дотоод, сэтгэлийнхээ шувууг нисгэх хэрэгтэй гэсэн мессежийг өөрийнхөө бүтээлүүдээр харуулахыг хичээсэн дээ. Тийм ч учраас миний бүтээлд хүмүүсийн нандин сэдвүүдийг агуулсан байгаа. Амьдралын анхны хаалга болсон ээжийнхээ энгэрээс төрсөн гэдгээ мартаж болохгүй юм шүү дээ.
-Та өөрөө маскгүй хүн үү?
-Би өөрийгөө маскгүй гэж боддог. Гэхдээ хэтэрхий маскгүй амьдрахад хүнд байдалд ордог л доо. Маскгүйгээсээ болж асуудалд орохыг ч үгүйсгэхгүй. Маск гэдэг үгээрээ юуг хэлэх гээд байна вэ гэхээр хүмүүний дотоод ёс зүйг хэлээд байгаа юм. Хүн тодорхой хэмжээнд ёс зүйтэй байх хэрэгтэй, зөв зохицуулалт хэрэгтэй. Хүнийг адгууснаас ялгаж өгдөг зүйл бол хүний дотоод мөн чанар, ёс зүй юм даа.
-Таны уран бүтээлүүдийг ажиглаж байхад эмэгтэй хүмүүст их чиглэсэн юм шиг мэдрэмж төрсөн. Жишээ нь охин хүүхэд, ээж хүн, эмэгтэй хүний зургууд их байна билээ?
-Үе үеийн дэлхийн урлагийн түүхэнд уран бүтээлчид амьдралынхаа өөрчлөлт, сэргэн мандалт руу орох, гарах эгшинд нь уран бүтээл нь эрс өөрчлөгдсөн бүтээлүүдийг туурвисан байдаг. Вангогын зурагнуудыг л харахад өвдөөд эмнэлэгт байхдаа эмч нараа зурсан байдаг ч юм уу гэх мэт…Хүний амьдралд тулгарч болох бүх өөрчлөлтүүдээс уран бүтээлч хүн сэдэв авч уран бүтээлээ туурвидаг. Миний хувьд, энэ жил ээж болсон, эх үрийн нандин учгийг мэдэрсэн, эмэгтэй хүн болсон зэрэг олон зүйлс илүү давамгайлж байгаа учраас эмэгтэй хүнийг онцолж харсан байх. Магадгүй таван жилийн дараа эрс өөр жанрын, сэдэвтэй уран бүтээл туурвиж болно шүү дээ. Хорвоо баялаг, маш олон зурах зүйлтэй. Хэзээ ч дуусашгүй ундрагатай булаг мэт ундарч байдаг учраас зураач хүний сэдэв, харах өнцөг яаж ч өөрчлөгдөж болно.
-Таныг ажиглаж байхад…Үзэсгэлэнгийнхээ нээлтэнд өмссөн таны гоёл миний анхаарлыг нэлээд татсан шүү. Тааран даашинзаар гоёсон байсан?
– Би энгийн, байгалийн нэг хэсэг болсон зүйлийг хэрэглэхийг илүүд үздэг. Хэтэрхий пластик зүйл хэрэглэвэл бие мах бодид хүртэл жаахан халтай шүү дээ. Өөрийнхөөрөө байгаа юм шиг мэдрэмжийг байгалиас мэдэрдэг учраас байгальтай шууд хамааралтай зүйлсийг хэрэглэх дуртай.
– Арьсан урлал уран зурагтай харьцуулахад хүнд юм шиг ээ?
-Арьсаар бүтээх нь бусад уран зургийн төрлөөс өөрийн гэсэн давуу талууд ихтэй. Орчин үед уран бүтээлч хүн өөрийнхөө хэлэх гэж байгаа санааг илэрхийлэхийн тулд тухайн зургандаа тохирсон техникийг сонгох ёстой гэж өөрийнхөө хувьд боддог. Тиймээс дан арьсаар зургаа бүтээгээд байхыг боддоггүй. Өөр олон техникийг ч хэрэглэж болно. Энэ удаагийн үзэсгэлэнд маань арьснаас гадна графикийн нэг төрөл болох монотипоор бүтээлээ туурвисан байгаа. Олон уран бүтээл дээрээ нилээд хэдэн техникүүдийг туршиж үзсэн шүү. Арьсны хувьд миний суурь боловсрол шүү дээ. Арьсан урлалаар хийснийхээ дараагаар олон техник рүү хувьсах оролдлогыг туршиж байна. Арьс бол туулширал биш өөр ямар ч техникрүү орж болно. Миний нэг хүсэл бий. Хараагүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст урлагийг мэдрүүлж харуулахыг хүсдэг. Яах вэ хүн тухайн хараагүй хүнд ийм зураг, ийм өнгөтэй гэж тайлбарлаж өгч болно. Гэхдээ тухайн хүн өөрөө мэдрэх нь илүү шүү дээ. Тиймээс арьсаар бүтээсэн уран бүтээлээрээ хараагүй хүмүүст зориулсан төсөл боловсруулах хүсэлтэй байгаа. Арьсаар бүтээл туурвихын тулд эхлээд сийлбэр хийж дараа нь арьсаа товойлгож бүтээдэг учраас жаахан хүнд нь хүнд. Гэхдээ дуртай зүйлээ хийж байгаа учраас хүнд гэж боддоггүй.
-Таны энэ төсөл, мөрөөдөл хэзээнээс биелэлээ олох бол. Мэдээж хамтарч ажиллах байгууллагуудад хандаж үзсэн үү?
-Хүсэх л юм бол ойрхон. Тиймээс дараагийнхаа ажлаар төлөвлөсөн байгаа. Хамтарч ажиллах хүсэлтэй байгууллагуудад нээлттэй хамтарч ажиллаад туславал мэдээж баярлана шүү дээ. Урлагийг харааны бэрхшээлтэй хүмүүст харуулж, мэдрүүлнэ гэдэг нь өөрөө маш хүнд хэрнээ гэрэл гэгээтэй ажил шүү дээ.
Э.ТЭКҮ