Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин СТА Ш.Наранчимэгийн ээжийг “Ижий” буландаа урьсан юм. “Би ихэд азтай хүн, одоо хүртэл ээжийнхээ гарын сайхан цай, хоолыг идэж хамтдаа байна” хэмээн дуучин маань хэллсэн. Тэрбээр оюутны байранд амьдардаг байсан бөгөөд бага зэрэг өлсдөг байжээ. “Амралтаараа гэртээ очоод ээжийнхээ хийсэн буузыг идэх дуртай байлаа. Хот руу буцах үеэр бууз хийдэг ч яарч сандраад олигтой идэж гардаггүй. Харин ирсэн хойноо ээжийгээ санан, нөгөө хийсэн сайхан бууз нүдэнд харагддаг байж билээ” хэмээн дурсан ярилцсан юм.
Ш.Наранчимэгийн гэр бүлийнхэн
Ээж рүү нь очих зуураа бид сайн хөөрөлдлөө. “Ээж миний тоглосон олон сайхан дуурийг үзсэн. Харин аавын хувьд цөөхөн дуурь л үзсэн юм даг. Хараа муутай болохоор охиныгоо таньсангүй, хоолойгоор нь танилаа хэмээн хэлж байсан. Манай аавын хувьд их цэвэрч нямбай хүн байсан. Хийгээрээ гэсэн зүйлсийг нь хийгээгүй байвал зэмэлж, юм хийж сурахгүй бол айл гэрээ хэрхэн авч явах юм бэ. Тийм учраас заавал хийж чаддаг байж билээ. Гэхдээ хүнийг загнадаггүй байсан ч хүний сэтгэлийн голд хүртэл хэлж чаддаг.
Ш.Наранчимэгийн аав Х.Ширмэн
Миний бие даасан тоглолтыг аав маань үзэж чадаагүй. Үзүүлэхсэн гэж их хичээсэн юм. Тэрэнд жоохон харамсдаг. Аав маань өнгөрөөд 14 хоногийн дараа тоглолтоо хийсэн. Тухайн үед хэдхэн хоногийн өмнө хийх юм яаваа гэсэн бодол төрсөн. Тэрбээр аавынхаа тухайн сайхан дурсамжуудыг хуваалцах зуураа нулимсаа арчиж байгаа харагдав.
Дуучин Ш.Наранчимэгийн ээж Л.Пагмадулам биднийг инээсээр угтлаа.
-Сайн байна уу, та. Сайхан намаржиж байна уу?
-Сайн охин минь, сайхан намаржиж байна.
-Та аль аймагт төрч өссөн. Ямар ажил эрхэлж байв?
-Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн. Айлын хоёр дахь охин, хань Х.Ширмэнтэйгээ 1973 онд нэг гэр бүл болсон. Улаанбаатар хотод 1980 онд бичээчийн дамжаанд суралцан Богд сумын Захиргаанд 34 жил бичээчийн ажил эрхэлж байгаад тэтгэвэртээ гарсан. Миний хань жолооч мэргэжилтэй, нэгдлийн даргын жолооч болон тээврийн машин барьдаг хүн байлаа.
-Та хоёр ханилаад хэдэн хүүхэдтэй болов?
-Хамгийн том хүү маань Жамбалсүрэн сумандаа ажиллаж хөдөлмөрлөж байгаа. Ганчимэг гээд охин маань гадаадад амьдардаг. Дараагийн охин маань Наранчимэг УДБЭТ-т ажилладаг. Баянгол дүүргийн Нийгмийн халамжийн хэлтэст Уранчимэг хэмээх бага охин маань ажилладаг. Миний хань 2007 онд бурхан болж, би хотод 2009 онд нүүн ирж, охидуудтайгаа хамт амьдрах болсон.
-Хөдөө амьдарч байсан хүн хотод ирэхэд цаг агаар, нийгмийн байдал гээд олон талаараа өөр байсан уу?
-Хөдөө амьдрах сайхан байдаг. Өвлийн улиралд хот утаатай байхаас бусад үед хотод амьдрах сайхан л байна. Одоо бүүр идээшээд байгаа.
-Танай гэр бүлийн удамд Ш.Наранчимэгээс өөр урлагийн авьяастай хүн байдаг уу?
-Манай ээж болон дүү нар нь их гоё дуулдаг хүмүүс байсан. Охин маань тавдугаар ангиасаа дуулж, аймгийн “Яргуй” наадамд оролцон медаль зүүгээд ирж байсан юм. Тухайн үед анги даасан багш нь урлагийн сургуульд суралцах нь зүгээр гэдэг ч охин маань бие тамирын сургуульд орох хүсэлтэй байлаа. Ингээд наймдугаар ангиа төгсөхөд аав нь охиноо хөтлөн хотод Хөгжим бүжгийн коллежид шалгуулан оруулчихаад ирсэн юм.
-Арван жилийн сургуулиа төгсөөгүй охиноо хотод сургуульд суралцуулахаар үлдээсэн ээжийн сэтгэл тавгүй байсан байх даа?
-Тэгэлгүй яахав. Тухайн үед охин маань сургуулийнхаа дотуур байранд амьдардаг байсан. Хоол ундтай байгаа болов уу хичээл сургууль нь хүнд байгаа болов уу гээд л санаагаа чилээнэ шүү дээ. Тэр үед аав нь тээврийн жолооч байсан тул сардаа 1-2 удаа хоол унд дөхүүлж өгдөг байлаа.
-Наранчимэг биеийн тамирын сургуульд суралцана гэдэг байсан гэсэн. Гэхдээ та ханьтайгаа нийлэн охиноо дуучин болгох шийдвэрийг гаргасан байна. Охин тань та хоёрт энэ замыг зааж өгсөнд баярлалаа хэмээн хэлж байв уу?
-Хэлэлгүй яахав. Нэлээд хэдэн жилийн өмнө хэлж байсан. Тухайн үед багш нь хүртэл та хоёр охиноо зөв замд нь хөтөлсөн шүү хэмээн хэлж билээ.
-Охин тань томоогүй охин байсан гэсэн үнэн үү?
-Эрэгтэй хүүхдүүдтэй тоглоод алга болчихно. Эгч дүү хоёроосоо арай илүү хөдөлгөөнтэй охин байлаа. Гэхдээ миний чихыг улайлгаж, уурлуулж байсан удаагүй.
-Та охиныхоо тоглолтыг хэзээ үзэж байв. Тухайн үед таньд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Охин маань Улсын филормонд 2002 онд оюутан байхдаа анхныхаа тайлан тоглолтоо хийсэн юм. Тэгэхэд л охиноо том тайзан дээр дуулж байхыг анх харж байлаа. Гайгүй дуулж байхаар нь сайн дуучин болох байлгүй дээ хэмээн бодсон. Дуурийн театрт ажилд орсноос хойш нь олон сайхан дуурь үзсэн дээ.
-Тэгвэл дуурийн театр тоглолт үзсэн сэтгэгдэлээсээ хуваалцахгүй?
-Бүгд л гоё дуулдаг. Өөр газар үзвэр үзэхээр нэг л дутмаг юм шиг санагддаг. Харин дуурийн театр өөр шүү. Үзэгчид нь хүртэл соёлтой, үнэхээр сайхан орчин бүрдсэн болохоор таатай байдаг.
-Охиныхоо тоглолтоос ямар дуурын хэсэг нь сэтгэлд ойрд санагддаг вэ?
-Их олон дуурь үзсэн. Айда дуурь их гоё санагдаж байсан. “Чингис хаан”, “Учиртай гурван толгой” дуурь сэтгэлд тодхон үлдсэн. “Айда” дуурийн тайзны засалт, хувцаслалт бол сүрдмээр сайхан шүү. Өөрийн хүүхэд дуулж байгаа болохоор их л дотно санагддаг.
-Охиныгоо та магтаж бас шүүмжилж хэлбэл?
-Дуугаа л их гоё дуулдаг чадалтай дуучин даг. Шүүмжлэх зүйл бараг үгүй. Заримдаа хүн шүүмжлээд байхаар нь боль гэдэг юм.
-Гэр бүл болгон хүүхдүүдээ хүмүүжүүлэх арга барилтай байдаг. Танай гэр бүлийн хувьд онцлог хүмүүжлийн арга байдаг уу?
-Аав нь жолооч болохоор гэртээ байхаасаа байхгүй нь их гэдгийг хүмүүс андахгүй. Би л дөрвөн хүүхэдтэйгээ ихэнх цагаа өнгөрөөнө. Цэвэрч нямбай, хүн чанартай байхыг сургасан даа.
-Залуу гэр бүлд таны зүгээс юу гэж захих вэ?
-Бид нарын үед гэр бүр салах ойлголт байдаггүй байсан. Одооны гэр бүлийг харахад бие биедээ итгэдэггүй, хайр халамж муутай юм шиг санагддаг. Залуудаа бор дарснаас хол яваарай гэж захимаар байна.
-Одоо та хэдэн ач, зээтэй болоод байна?
-Нийт зургаан ач, зээтэй. Хүүгийнхээ хоёр хүүхдийг өсгөөгүй. Харин гурван охиныхоо дөрвөн хүүхдийг өөрийнхөө гар дээр өсгөсөн дөө.
-Ярилцсанд таньд баярлалаа. Аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
-Баярлалаа, Та бүхний ажилд амжилт хүсье.