Их Британийн алдарт дуучин Адель “One Direction” хамтлагийн 2014 онд гаргасан “Four” цомгийн “Fool’s Gold” дууг сонсоод өөрөө дуулах хүсэлтэй байснаа дууны зохиогчдод хэлж байжээ. Энэ тухай тус хамтлагийн хит дуунуудыг зохиосон Жэйми Скотт, Мозелла нар дурсан ярьсан байна.
Дуу зохиогч Мозелла буюу Маурин Энн Макдональд, Жэйми Скотт нар хамтран нэг өдөрт хоёр дуу зохиосны нэг нь энэ бүтээл байжээ.
Мозелла уг дууг “Онцгой, үнэнч, чин сэтгэлийн, илэн далангүй бүтээл” болсон гэж дурссан байна. Жэйми Скотт эхлээд дууг Харри Стайлст сонсгоход тэрбээр ихэд таалж, “One Direction” хамтлагийнхаа нэр дээр бичүүлэхээр болсон аж.
Жэйми Скоттын хэлснээр, Адель түүн рүү утасдаж, “One Direction”-д зориулж бичсэн тэр дууг чинь сая сонслоо” хэмээн хэлсэн байна. Мозеллагийн таамаглаж буйгаар, Скотт уг дууг Адельд эсвэл тухайн үед түүнтэй хамтран ажиллаж байсан продюсер Райан Теддерт сонсгосон байж магадгүй аж. Адель дууг сонсоод маш их таалсан ч Скотт аль хэдийн “One Direction” хамтлагт өгөхөөр амласан байсан тул шийдвэрээ өөрчлөх боломжгүй болжээ.

