“Шрек” хүүхэлдэйн кино дэлгэцнээ гарсны 25 жилийн ойг тохиолдуулан тус бүтээлийн шинэчилсэн хувилбарт багтсан нэмэлт материалуудаас жүжигчин Камерон Диазын дүр бүтээх үеийн ховор бичлэгийг олон нийтэд хүргэжээ.
2001 онд нээлтээ хийсэн “Шрек” киноны гүнж Фионагийн дүрд дуу оруулсан Камерон Диаз дүрээ бүтээх явцдаа уран бүтээлчдэд ихээхэн урам зориг өгдөг байсан тухай киноны найруулагчид дурссан байна. Найруулагч Эндрю Адамсон, Вики Женсон нар “Origin of an Ogre” нэртэй тусгай нэмэлт бүтээлд жүжигчинтэй хамтран ажилласан дурсамжаасаа хуваалцжээ.
Вики Женсоны хэлснээр, Камерон Диаз бичлэгийн студид ирэх бүрдээ дүрдээ бүрэн төвлөрч, хөгжилтэй байдлаар ажилладаг байжээ. Тэрбээр Фионагийн зан чанарыг илүү сайн гаргахын тулд дүрийг янз бүрээр туршиж, өөрийнхөөрөө амилуулахад идэвхтэй оролцдог байсан гэнэ. Найруулагч Адамсоны тайлбарласнаар, жүжигчний инээмсэглэл, хөдөлгөөн, нүдний илэрхийлэл зэрэг нь Фионагийн дэлгэцэн дээрх дүр төрхөд нөлөөлжээ.
“Шрек” анх 2001 оны дөрөвдүгээр сарын 22-нд нээлтээ хийж, улмаар гурван үргэлжлэл кино болон “Puss in Boots” цувралын хоёр спин-офф бүтээлтэй болжээ. Франчайзын зургаан кино дэлхий даяар нийт 1.6 тэрбум ам.доллараас давсан орлого олсон байна.
Камерон Диаз ирэх “Shrek 5” кинонд Фионагийн дүрд дахин дуу оруулах бөгөөд Майк Майерс, Эдди Мерфи нар ч мөн Шрек, Илжигний дүрдээ эргэн ирэх юм. Тус кино 2027 оны зургаадугаар сарын 30-нд нээлтээ хийхээр товлогджээ.

