Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Жийдаан Богдын увдис” үзэсгэлэн дэлгэнэ
Үзэсгэлэн

“Жийдаан Богдын увдис” үзэсгэлэн дэлгэнэ

Урлаг Урлаг05/11/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Шүтээн зураач, лам Т.Дүгэрийн “Жийдаан богдын увдис” хэмээх шүтээн үзэсгэлэн, Монголын сонгодог орчуулгын уран зохиолын эрт ба эдүгээг холбосон нэгэн гайхамшигт бүтээл зурагт номын үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей үзэсгэлэнгийн танхимд анх удаагаа энэ сарын 8-12-ны өдрүүдэд олны хүртээл болгоно.
ССАЖЗЯ-ны “Бүтээлч сар” аяны хүрээнд Говийн ноён хутагтын музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Өвөрбаясгалант Хамрын хийд, хэвлэлийн “Жиком пресс” компани хамтран зохион байгуулах ажээ.
Жийдаан богд хэмээхүй нь: Жийдаан богд Арван найман агуйн шүтээний Хүрэн өлмийт шүтээн байсан хийгээд эрхэм язгууртан өвгөн ноён Лий Мао Чүний чухаг дээд гуравд үнэн сэтгэлээс залбирч үр гуйсны хүчинд гагц үр нь болон заяаж, бичиг соёлд нэвтрэн эцэг эхдээ элбэрэл журам гүйцэтгэж, асран сувилж, хүүр ясыг нь оршуулан дуусаж, сүмд орж хуушаан сууж ном бясалгалд мэргэшсэн байна.
Жийдаан буюу Жигүн хэмээх энэ хүн бол Монголын эзэнт Юан гүрэн тогтох үед зах залгаа оршиж байсан Өмнөд Сүн улсын үед амьдарч байсан бодит хүн юм. Тухайн цагт Хятадын Күнзийн суртал болоод Бомбын ёс нь хятадын оюун санааны гол эх ундарга, аврагч нь хэмээн үзэж байсан итгэл нуран унасан, дайн тулаан, өлсгөлөн гуйланчлалын гунигт цаг үед амьдарч байжээ. Монголчууд Жийдаан богдыг Бурхан багшийн ойр шадар 16 батад агчийн нэг хутагт хувилгаан, тарнийн мастер хэмээн асар их хүндэлдэг байв.
Монголд Энэтхэг, Төвөдийн олон хутагт, хувилгаадын хойт төрөл нь тодрон мэндэлсэн бол, Хятадад цор ганц Жийдаан богд л мэндэлжээ. Түүгээр үл барам хятадын уламжлалт шашин, соёл ахуй, хэвшмэл үхширмэл ёс заншлыг шүүмжилж, хүний санаа саванд багтахгүй шид үзүүлсээр байснаараа машид их алдаршжээ.
Жийдаан богд өдөртөө архи бадарлан ууж, нохойн мах идэн, согтуу галзуу дүрээр бэдэрч, хуушаан тойдын аманд архи цутган нохойн махаа чихэж түйвээдэг. Энэ нь даруй тэдгээр шашны жанч нөмөрсөн хуушаан, тойн нарын худал хуурмаг байдал нь түүний билгийн мэлмийд тодорхой илэрч байдгаас тийнхүү хошигнон элдэвлэдэг байжээ.
Жийдаан хутагт хэмээхүй нь: VIII богд Жавзандамба хутагт болон V, VII дүрийн ноён хутагт энэхүү намтрыг хятад хэлнээс нь эрэн сурвалжилж хайн олоод монгол хэлнээ орчуулан буулгаж шар болон улаан өнгийн торгоор баринтаглан дэвтэрлэж хадгалж байсан нь Монгол Улсын төв номын санд хадгалагдаж байна.
Ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа жил бүрийн Цагаан сарын шинэдэд энэхүү намтрыг дуудуулан сонсож өөрийн лагшин болон бусад шавь нар, ихэс дээдсийн шавданг бататгах оны заслын үйл болгож адисалж байсан юм.
Эдүгээ цагт “Жийдаан богдын намтар” нь Говийн ноён хутагтын музейн үзүүллэгийн танхим болон сан хөмрөгт “Ше Цан Хуй түүхийн тэргүүн дэвтэр”-ээс эхлэн 21 улаан хавтас бүхий монгол бичгээр хадгалагдаж байна.
Жийдааны тухайтад хэмээхүй нь: Жийдаан богдын намтар нь 100 гаруй жилийн өмнө Нийслэл хүрээний шилдэг зохиол байжээ. Их зохиолч Д.Нацагдоржийн хоч нь ”Жийдаан Хуушаан” байсан тухай олон сурвалж, найз нөхдийнх нь дурсамжид дурдсан байдаг.
Монгол оронд яагаад ингэж ихэд дэлгэрэх болов гэвэл, Ноён хутагт Данзанравжаа болоод VIII Богд хоёр ”жилийн засал ном” хийлгэхдээ “Жийдаан богдын намтар”-ыг уншуулж, эмгэнэлт инээдэмт түүхийг нь уншуулдаг байжээ.
Тэр бүү хэл Хятад руу явсан жинчид, бадарчнууд “Жийдаан богдын намтарт ороогүй аман түүх үлгэрүүдийг авчирч, өргөдөг, баясгадаг байсан учир 24 бүлэг байсан энэ намтар нь 100 хүрч дөрөв дахин их цуглажээ.
Хятад улсад өнгөрсөн зууны 60-аад онд Соёлын их хувьсгал гарахад, ”Жийдаан богдын намтар” хоригдсон бөгөөд асар олон гар бичмэл, зураг шатаагдсан байна. Өнөө ч хүртэл шашны зүтгэлтэн гэж үздэг учраас ингэж зургаар бүтээсэн нь нэн ховор.
Тиймийн тул шүтээн зураач Т.Дүгэрийн энэхүү зурагт шүтээн үзэсгэлэн, зурагт ном үзэгч, уншигч, бурхны шашинтнуудын анхаарлыг зүй ёсоор татах нь дамжиггүй юм хэмээн найднам.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Үл мартагдах өв” модон барын үзэсгэлэн дэлгэлээ

05/11/2026
Үзэсгэлэн Урлаг

“Үүр” хамтарсан үзэсгэлэн үргэлжилж байна

29/10/2026
Үзэсгэлэн Урлаг

“Чин зүрхний дэлбээ” үзэсгэлэнд 50 гаруй бүтээл дэлгэжээ

26/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Жийдаан Богдын увдис” үзэсгэлэн дэлгэнэ

05/11/2026

“Үл мартагдах өв” модон барын үзэсгэлэн дэлгэлээ

05/11/2026

Эрдэнэ Зуугийн хэрэмт суваргын бичээс

05/11/2026

Камерон Диаз “Шрек” киноны Фионагийн дүрд бүх сэтгэлээ зориулан ажилладаг байжээ

04/11/2026

Адель “One Direction” хамтлагийн “Fool’s Gold” дууг өөрийн болгохыг хүсэж байжээ

04/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.