Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ны ажлын баг Завхан аймагт ажиллаж, олимпын боловсролын сургалт зохион байгуулан, орон нутгийн спортын хөгжил болон олимпын түүхэн өвийг сурталчилжээ.
Ажлын багт МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Соёл, өв уламжлалын комиссын дарга, гавьяат хуульч Д.Энхтөр, Тамирчдын комиссын дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа, Хянан шалгах зөвлөлийн дарга, гавьяат тамирчин Д.Отгондалай нарын албаныхан ажиллав.
МҮОХ болон Завхан аймгийн “Берлин” Олимпын зөвлөл хамтран зохион байгуулсан спортын удирдах ажилтны сургалтад 10 гаруй сумын төлөөлөл, ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш нар оролцлоо.
Сургалтаар олимпын хөдөлгөөний түүх, өнөөгийн хөгжил, ирээдүйн чиг хандлага, МҮОХ-ны үйл ажиллагаа, олимпын үнэт зүйлсийн боловсролын хөтөлбөр, бие бялдрын ерөнхий хөгжлийн 12 чанарын онол, практикийн мэдлэгийг олгосон байна. Оролцогчид сургалтад хамрагдсаныг баталгаажуулсан сертификат гардан авсан байна.
Энэхүү сургалт нь олимпын боловсролоор дамжуулан хүүхэд, залуучуудад шилдэг чанар, хүндлэл, нөхөрлөлийн үнэт зүйлсийг төлөвшүүлэх, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих, багш, дасгалжуулагчдын мэргэжлийн мэдлэг, арга зүйг сайжруулах зорилготой юм.


