Өнөөдөр Улсын драмын эрдмийн театр (УДЭТ)-ын 95 жилийн ой тохиож байна. Тэгвэл энэ “их айл”-аас өрх тусгаарлаж, үүдээ өргөсөн нэгэн хамт олон бол “Мөрөөдлийн театр”. Өнөөдөр “Мөрөөдлийн театр” 15 нас хүрч байна.
Монголын тайз, дэлгэцийн урлагийн салбарт өөрийн гэсэн өнгө төрх, үзэгчдийн хайр хүндэтгэлийг бий болгосон “Мөрөөдлийн театр” өнгөрсөн 15 жилийн хугацаанд тайзнаа олон төрлийн жүжиг, инээдмийн шоу тоглолтуудыг толилуулж, мөн дэлгэцийн уран бүтээлүүдээд үзэгчдэд инээд хөөр, баяр баясал, мартагдашгүй дурсамж бэлэглэсээр ирсэн юм.
Тус хамт олон өнгөрсөн хугацаанд А.Вампиловын “Ууган хүү” жүжгээс сэдэвлэсэн “Миний нууц хүү”, “Хайртай бол эргэж хараарай”, “Гээсэн хайраа аваарай”, “Тэр чинь би”, “Амьдрал өөрөө бэлэг”, “Их ид шидтэн”, “Ээжийн дайсан”, “Хайрыг гэрчил”, “Цаг өөр болжээ”, Ц.Балдоржийн “Шөнө амталсан нулимс” зохиолоос сэдэвлэсэн “Шөнө буусан аадар”, “Тод хувцастай эмэгтэй” , “SAMSARA – Тэртээх хоёр зүрх” зэрэг уянгын, инээдмийн, драмын жүжгүүд, хошин шоу тоглолтууд, уран сайхны кинонуудыг үзэгчдэд хүргэжээ.
“Мөрөөдлийн театр”-ын хамт олонд цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт, үзэгчдийн алга ташилт, урт удаан жилийн түүхэн замнал хүсэн ерөөе.

