Монголын керамик уран бүтээлч У.Одмаа, Н.Сүхбүрэн нар Берлин хотын Шарлоттенбург-Вильмерсдорф дүүргийн 300 хүүхэд, залуустай хамтран 9.0 метр урттай “Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын өрөг урлагийн бүтээл туурвиж, олонд нийтэд дэлгэжээ.
Берлиний Шарлоттенбург-Вильмерсдорф дүүргийн Хүүхэд, залуучуудын урлагийн сургууль болон Улаанбаатар хот дахь “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” төрийн бус байгууллагын хамтарсан энэхүү төсөл нь гоо зүй, урлагийн боловсролын олон жилийн хамтын ажиллагааны үргэлжлэл бөгөөд түүний үр дүнг Берлиний олон нийтийн орон зайд уран бүтээлээрээ тайлагнаж байгаа нь энэ. Уран бүтээлч У.Одмаа, Н.Сүхбүрэн нарын удирдлагад сурагчид шавраар уулс, үүлс, бэлгэдэлт дүрсүүд урлаж, өнгө, хэлбэр, аливаа зүйлсийн гадаргуугийн бүтцийг туршин ажиллажээ. Улмаар эдгээрийг нэгтгэн Монголын байгалийг дүрсэлсэн том хэмжээний уран баримлын өрөг урлагийн бүтээл туурвисан байна. Хүүхэд, залуус хотын нийтийн орон зайг өөрсдийн уран сайхны үзэл санаа, бүтээлч оролцоонд тулгуурлан шинэчлэн баяжуулж, хамтран бүтээсэн уран бүтээлээрээ дамжуулан тухайн орчинд шинэлэг өнгө төрх, утга агуулга бүхий орон зайг бий болгожээ.

Байгальтайгаа зохицон орших Монголын нүүдлийн соёл, уламжлалаас сэдэвлэсэн энэхүү өрөг урлаг нь уулс нь мөнх оршихуй, тогтвортой байдлыг, үүлс нь хөдөлгөөн, хувьсал өөрчлөлтийг бэлгэдэж, хүн, байгаль, цаг хугацааны харилцан шүтэлцээг орчин үеийн дүрслэх урлагийн хэлээр илэрхийлжээ. Бүтээл туурвих явцад монгол уран бүтээлчид хүүхэд, залууст керамик урлагийн арга техникийг зааж, нүүдэлчдийн ахуй, байгальтай харилцах уламжлалыг танилцуулсан бөгөөд орчин үеийн урлагийн хамтын бүтээл нь соёл хоорондын харилцан ойлголцол, мэдлэг, туршлага солилцох талбар болсноороо онцлогтой. Энэхүү өрөг урлаг нь Берлиний Музейн арал дахь Жеймс-Симон галерейд нээлтээ хийсэн “Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнтэй агуулгын хувьд холбогдож байгаа аж. Түүх, археологийн өвөөр дамжуулан Монголын өнгөрсөн үеийн соёл, амьдралын хэв маягийг танилцуулах музейн үзэсгэлэнг Курфюрстендамм дахь энэхүү өрөг урлагийн бүтээл нь хүүхэд, залуусын өнөөгийн бүтээлч сэтгэлгээ, уран сайхны оролцоогоор баяжуулж буйгаараа онцлог юм.
Тус төсөл нь Берлин хотын Шарлоттенбург Вилмерсдорф дүүргийн Хүүхэд залуучуудын урлагийн сургууль болон “Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент зөвлөгөө” төрийн бус байгууллагын 2019 оноос эхэлсэн хамтын ажиллагааны үргэлжлэл бөгөөд 2026 оны уран бүтээлч солилцооны хөтөлбөр болон мэргэжилтэн солилцооны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байна. Төслийг Хүүхэд залуучуудын урлагийн сургуулийн захирал Верена Грубер-Баллер, “Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент зөвлөгөө” байгууллагын үүсгэн байгуулагч, куратор О.Оюунтуяа нар хамтран удирдав. О.Оюунтуяагийн хувьд ХБНГУ-д Монгол Улсын Соёлын элчээр 10 гаруй жил ажиллаж, Монгол, Германы соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухаан, нийгмийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр 70 гаруй төсөл санаачлан хэрэгжүүлжээ.
Курфюрстендамм, Уландштрассе гудамжны уулзварт нээсэн тус бүтээлийг 2027 оны дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл олны хүртээл болгоно.

