Анх удаа инээдмийн кино барьж авсан
-Таныг инээдмийн кино хийж байгаа гэхээр сонирхол төрж байна. Ийм төрөл жанрын кино хийх санаа хэзээ төрөв?
-Энэхүү кино төсөл өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн. Анх “Үргээлэг” киноны ажил дууссаны дараа “ТВ коктейль”-ийнхон бид ийм кинонд ормоор байна гэсэн саналыг өвлөөс эхлэн тавьсан. Тэгээд дөрөвдүгээр сараас кино зохиолоо янзлан бүх зүйлээ бэлдэж, өнгөрсөн наймдугаар сард мотор дуугарч эхэлсэн. Ерөнхийдөө 46 хоног зураг авалт хийн дараагийн ажилдаа ороод явж байна. Ирэх арваннэгдүгээр сарын 06-нд киноныхоо нээлтийг хийх гээд амьсгаа дээр явна.
-Энэ удаагийн дэлгэцийн бүтээл бол таны найруулж буй анхны инээдмийн кино гэдгээрээ онцлог байх. Энэ сэдэв танд хэр санагдаж байв?
-Ер нь би “ТВ коктейль” хамтлагтай өмнө нь нэлээд хэдэн бүтээл дээр хамтран ажиллаж байсан. Би тэднийг сайн мэднэ. Маш сайн уран бүтээлчид. Шинэ соргог зүйлүүдийг сэдэж гаргадаг, нийгэмд хариуцлагатай дуугарахыг хичээдэг хариуцлагатай групп болчихсон. Дан ганц “ТВ коктейль” хамтлаг гэхээсээ илүүтэй тэнд бүхэл бүтэн шинийг бүтээгч залуучуудын групп гэж байна. Тэр өнцгөөсөө ч тэр би “ТВ коктейль”-ийн саналыг дуртай хүлээн авдаг. “Хоёр ертөнцийн буудал” гээд тайзны бүтээл дээр ч тэд намайг сонгон авч хамтран ажиллаж байсан. Тэд их эрсдэлтэй зүйл хийж байна уу, эсвэл би их эрсдэлтэй зүйл хийж байна уу гэдэг нь сонин байна л даа. Тэд надад хэрвээ хийнэ л гэсэн бол чаддаг гээд 100 хувь итгэдэг. Би өмнө нь инээдмийн уран бүтээл дээр бараг ажиллаагүй. “Мөрөөдлийн хөлөг онгоц” гэж гэгээлэг олон ангит кино хийж байсан болохоос биш яг цэвэр инээдмийн чиглэл барьсан кино хийж байгаагүй. Тэр утгаараа нэгт сэдэл төрсөн. Миний хийсэн кинонууд мелодрам, трагеди, адал явдалт, триллер гэх мэт хүнд төрлүүд байсан. Уран бүтээлч хүн өөрөө өөрийгөө хайгаад л байдаг шүү дээ. Надад ирж байгаа кино саналуудын 100-ны ихэнх хувь нь бараг л хүнд зүгийн кино хийдэг гэсэн ойлголтоор л явдаг. Яг ийм инээдмийн киноны санал надад ирж байгаагүй. Би бол найз нөхдийнхөө инээдмийн гэнэн цагаан кинонд ерөнхийдөө тусалж дэмжих хэлбэрээр оролцож байсан. Яг өөрөө гардан барьж авч байгаагүй учраас тэр өнцгөөсөө инээдмийн кино хиймээр санагдсан. Мөн энэ зүг рүү кино хийж үзье, ард түмэн уран бүтээлчид хараг гэсэн өнцгөөс инээдмийн киноны ажилд орох сэдэл төрсөн.
-Кино зохиолыг хэн бичсэн бэ?
-“ТВ коктейль”-ийн Д.Энхбаяр бичсэн.
Аливаа инээдмийн цаана заавал ямар нэг зүйл дуугарч байх ёстой
-Энэ киногоороо та хүмүүст юу хэлэхийг хүсэв?
-Сэнгэдорж найруулагч цэвэр инээдмийн кино хийхийг хүссэнгүй л дээ. Нэгт, аливаа инээдмийн цаана заавал ямар нэг зүйл дуугарч байх ёстой гэж би боддог. Хоёрт, цаанаа энэ кинонд илэрхийлэх гэсэн санаанууд маш их бий. Бид гадаадад ажиллаж байгаа монголчуудынхаа тухай энэ кинонд дуугарч өгье. Тэнд хүний нутагт яаж зовж ажилладаг вэ, тэр хөлс хүчээ урсгасан ажлын ард чухам юу хүлээж байгаа юм. Аз жаргал гэдгийг хүний нутгаас хайгаад явах зүйл мөн үү. Эсвэл эх нутгасаа хайх нь зөв үү гэдэг зүйлийг цаана нь жижигхэн ч гэсэн дуугаръя гэсэн санаатай. Түүнээс биш яг нэг санаа барин түүнийгээ голчилж дайрсангүй л дээ. Яагаад гэвэл инээдмийн кино чөлөөт сэтгэлгээ, асар их фантаз шаарддаг болохоор зохиол дотроо нэлээд өөрчлөлт хийгээд явсан.
-Энэ удаагийн киноны зураг авалтыг БНСУ-д албан ёсны эрхтэйгээр хийсэн гэж онцолж байсан?
-БНСУ-д очиж монголчуудынхаа амьдралын тухай зураг авалт хийсэн. Манай “ТВ коктейль” хамтлагийнхан тэнд албан ёсоор консулын газартай холбогдоод урлаг, уран сайхныг хариуцсан бүх газруудтай хамтран ажиллах бүхэл бүтэн баг бий болсон. Тэр баг маань бидэнд тусалж байж зураг авалт явагдах газрын зөвшөөрөл, унаа, байр, зардал мөнгө дээр тусалсан. Ер нь нэг гайхалтай сайхан нь юу вэ гэхээр ардчилсан оронд зураг авах чөлөөтэй юм билээ. Социалист оронд зураг авах аймшигтай юм билээ гэдгийг л мэдэрсэн дээ.
Кино группийг өндөр шаардлага тавьж байж бүрдүүлдэг
-Энэ удаагийн кино багаа танилцуулахгүй юу. Том баг бүрдүүлсэн байсан?
-Манай техник талын группээс “Логик фильм”-ийн зураглаач, гэрэлтүүлэгч, ерөнхий техник талыг бүрэн хариуцан ажилласан. Тэд өмнө нь хийсэн мундаг бүтээлүүдтэй. Би ч гэсэн тэдэнтэй хамтарч кино хийж байсан. Уран бүтээлчдийн хувьд төрийн соёрхолт, гавьяатуудаас авахуулаад уран сайханч хүртэл оролцлоо. Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, соёлын тэргүүний ажилтан Б.Баатархүү, шинэ үеийн залуусыг төлөөлөн ид оргил явж байгаа залуу жүжигчдээс манай “ТВ коктейль”-ийнхон, Адьяа, Дээгий болон дөрвөн настай охин хүртэл тоглосон.
Тоглоогүй амьтан ч гэж ховор. Нохой шувуу гээд л …/инээв/ Юм болгоныг л оруулахыг хичээлээ. Манайх нэлээд нүсэр групп ажилласан.
-Таны кино хийхдээ баримталдаг зарчим?
-Би ер нь киног хийвэл яг л кино хийдэг дэлхийн стандартын хэмжээнд хийгээсэй гэдэг өнцгөөс кино групптээ өндөр шаардлага тавьж байж бүрдүүлдэг. Тэр шаардлагын дагуу ажиллаж байж цаад талд нь чанарын өндөр түвшин, үр дүн гардаг гэж боддог.
Дараагийн бүтээлээ өмнөхийгөө давах хэмжээнд л хийх хэрэгтэй
-“ТВ коктейль” хамтлагийнхан тантай хийсэн “Хоёр ертөнцийн буудал” сонгодог драмын жүжгээс хойш томоохон уран бүтээлд ороогүй. Тэр жүжиг үзэгчдийг байлдан дагуулж хэдэнтээ дахиулан тоглож, тасалбар нь хүртэл шагийн үнээр борлогдож байсан шүү дээ. Магадгүй энэ удаад хамтран ажиллах санал ч үүнтэй холбоотой юу?
-Уран бүтээлчдийн айхтар том хариуцлага байдаг. Би бүгдэд нь ялангуяа одоогийн залуу уран бүтээлчдэд тавих шаардлага байдаг. Аливаа уран бүтээлийг өөрийнхөө хэмжээнд 100 хувь сэтгэл ханатлаа хийж чадвал тэрний дараа түүнийг давтал юм хийнэ гэдэг бол аймаар байдаг. Тэгэхээр уран бүтээлчид дараа дараагийн уран бүтээлдээ орохдоо өмнөхийгөө давах хэмжээнд л хийх хэрэгтэй. Давахгүй зүйл рүү орох бол дэмий. “Хоёр ертөнцийн буудал” жүжиг бол өнөөгийн театрт сайн жүжиг тавигдвал яаж үзэж болох юм бэ гэдгийг нотлон харуулсан гайхалтай жүжиг. Үүн дээр жижигхэн жишээ татахад, тэр жүжгээр Улсын драмын эрдмийн театрын гуравдугаар бельтажийн хогийг цэвэрлүүлж байсан юм. 2012 онд УДЭТ-ын театрын гуравдугаар бельтаж дүүрдэггүй л байсан үе. Тиймээс тэр үед жүжиг үзэх хүн байгаа юм байна гэдгийг олж харсан. Үнэнийг хэлэхэд манай дундаж түвшнээс дээд түвшин хүртэлх үзэгчдэд зориулсан олигтой бүтээлүүд гарч ирэхгүй байна л даа. Тэр нь энэхүү жүжгээс их харагдсан. Тэр түвшний хүмүүс өнөөдөр очиж үзээд тархи толгойндоо таарсан хэмжээний юм үзчихмээр байдаг. Тэгэхгүй болохоор театр руу очихоор нэг бол америк кино юм уу эсвэл арилжааны кино л болчихоод байдаг. Яг тэр үед “Хоёр ертөнцийн буудал” жүжиг гарч ирэн тэр түвшний хүмүүс шуурч үзсэн. Тэр жүжгийн үзэгчдийг хүртэл харж байхад эхлээд “ТВ коктейль”-ийг үзэх гээд инээд хөөсөн хүмүүс давхиж ирж байсан бол сүүл рүүгээ костюм, даашинзаа өмсөн үр хүүхдээ орхин, хоол ундгүй барилгүй ирсэн тэр сэхээтэн үзэгчдийг харах гоё байсан. Бид ч гэсэн одоо инээдмйин кино гэхээр л залууст таарсан гэж ойлгоод тэр л залуус нь давхиж очиж үзээд байдаг. Харин дундаж түвшин, түүнээс жаахан дээд түвшний хүмүүст таарсан кино яагаад хийж болохгүй байгаа юм бэ гэдэг өнцгөөс “Ларьдма”, “Бодлын хулгайч”, “Үргээлэг” гээд миний өмнө нь барьж авсан кинонууд байгаа юм.
Жаахан нийгэмдээ хандсан, аливаа өнцөгт хариуцлагатай байх болсон тийм үзэгчдийг татсан кинонуудыг хийсэн. “Омарын эрэлд” гэж энэ киног ч гэсэн тэр дундаж түвшний үзэгчдэд үзүүлмээр санагдаад байгаа юм. Инээдмийн кино гэдэг чинь гэгээн цагаанаар маазрах биш гэдгээр тэр үзэгчид рүү тааруулахыг хичээсэн. Би инээдмийн киноны хэлбэр бөгөөд дэлхийн киноны жанр, урсгал яаж яваад байгаа юм бэ гэдгийг асар сайн судалж байж энэ киног хийж байгаа. Өнөөдөр инээдмийн кино гэдэгч чинь бидний тайзан дээр тоглож байсан зүйлээ шууд дэлгэцийн болгож ирээд нэг өрөөнд оруулаад хоёр талд нь зураг аваад ард нь гадны хөгжим дэвсээд байх ертөнц бол байхгүй болсон. Дэлхийн инээдмийн кино бүр хол тасарсан. Тэр инээдмийн кино өөрийн гэсэн хэллэгтэй. Бид ямар ч гаднын инээдмийн киног үзээд хэлийг нь ойлгохгүй ч татаж унатлаа хөхрөөд байдагтай адилхан. Кино урлаг бол хүн үзэх урлаг. Тэгэхээр хүний нүдэнд үзэгдэхээр хэмжээний инээд байх ёстой гэдэг үүднээс нэлээд барьж хийсэн дээ.
-Тайз, дэлгэцийн бүтээлийн аль алин дээр нь та ажилладаг. Тэгвэл үзэгчдийн хувьд алин дээр нь илүү хүлээлттэй байна?
-Аль алин дээр нь л цангаа байна. Тэр нь нөгөө нэг чанар, арай өөр өнцөг рүү дэлхийн урлаг явчихаад байна гэдгийг нэгт манай драмын театрынхан хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Манай кино урлагийнхан ч гэсэн яг хуучин хэлбэрээрээ л байгаад байвал одоогийн үзэгчдийн цангааг тайлж чадахгүй. Одоогийн үзэгчид чинь гайхалтай оюун ухаан нь сийрэг болчихсон сэхээтэн нь сэхээтэн болсон дундаж түвшнийх нь бүх төрлийн урсгалуудыг тодорхойлж мэддэг болчихсон тийм айхтар үзэгчид байгаад байгаа юм. Тэр айхтар үзэгчид рүү хуучныгаа түлхвэл явахгүй шүү дээ. Өнөөдөр театр урлаг, кино урлаг аль алинд нь шүүмжлэлтэй талаас нь хэлэх зүйлс байна. Одоо тэгээд хатуухан болоод ширүүхэн хэлэхээр айхтар олон дайсан гарч ирээд байдаг.
-Ямар дайснууд?
-Өөрсдийнхөө өнцөг дээр хэдэн жилээр буглаад суучихсан хүмүүс. Тэд тэр хана хэрмийг цөмлөнө гэдэг хэцүү байхгүй юу. Тэр нь өнөөдөр манай соёлын яаманд ч гэсэн яг л тэр хуучинсагаараа хандаад буглаад байж л байна. Би л гэхэд аль өнгөрсөн жил түүхэн кино хийх төслийн тендерт ялсан. Гэтэл одоо болтол би тэр киноны санхүүжилтээ авч чадахгүй л байна. Төслөө хөөцөлдөөд яам руу орохоор яг үүний цаана хуучны буглаанууд сууж байна. Магадгүй тэд хахууль нэхээд байна уу гэлтэй. Би хахуулийн ертөнцийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Хэрвээ зөвшөөрөх л юм бол уран бүтээлч гэдгээ алдах болчихоод байгаа юм. Бусад уран бүтээлчид шиг яаман дээгүүр гүйгээд хүн амьтны хормой доогуур эсэн бусын мөнгө төгрөг оруулаад л тендер авах хүсэл алга. Тэгээд авчихвал дараа нь би яах юм бэ. Тэр хүмүүсийн энэ байгаа байдалтай нь эвлэрчихээд дараа нь түүний тухай дуугарах ямар ч эрхгүй нэг ёсондоо ам руугаа цаас чихүүлнэ. Ийм буглаа одоо ч байгаа болохоор театр урлаг, кино урлаг хөгжихгүй байгаа. Зурагтаар олон гарсан хүнийг харахаараа нөгөө хэд нь далдаганаж гүйгээд л ажил үйлсийг нь сайхан бүтээгээд байдаг. Яахаараа өнөөдөр хамаг байдаг уураа бараад амьдрал ахуйгаа золиослоод байгаа уран бүтээлчдийг тэр соёлын яам нь дэмжье гэхээр яагаад тэр цаана нь байгаа буглаа нар нь гаргадаггүй юм бэ гээд л хэцүү асуудал л даа.
Миний бүхий л амьдрал тайзтай холбоотой
-Та тайзны бүтээл дахин тавих уу. “Хоёр ертөнцийн буудал” жүжгийг ч гэсэн дахин үзмээр л байна?
-Би тайзны бүтээл тавихад 100 хувь бэлэн. Ямар ч санал тавьсан би хэзээд бэлэн байдаг. Би театрт хар багаасаа өссөн. Миний бүхий л амьдрал тайзтай холбоотой. Миний аав, ахын амьдрал бүгд л тайзтай холбоотой. Тайз ярихаар нөгөө л бухимдлаа ярих гээд байна. Нэгт өнөөдөр театрын системийг солихгүй бол тэнд мянган сайхан жүжиг тавиад цаашаа хөгжихгүй. Хоёрт хүн нэг жилд дөрөв таваар нь жүжиг тавих албагүй. Тайзны бүтээл бол нэг тавигдаад олон жил амьдрах том боломж. Дэлхийд ч тийм л байдаг. Манайд ч гэсэн хүмүүс тэр жүжгийг үзээд л байна шүү дээ. “Хоёр ертөнцийн буудал” жүжгийг өнөөдөр дахин тавих гээд “ТВ коктейль”-ийнхэн хөөцөлдөөд нөгөө л тайз нь олдохгүй байгаа байхгүй юу. Үзэх хүмүүс нь асар их байгаад байдаг. Сайн жүжиг тавих юм бол тэр нь хэдэн ч жил тавигдаад л явна.
Тэгэхгүй нэг мундаг юм тавиад л тэр рүү хамаг санхүүгээ балбачихдаг. Гэтэл нөгөө мундаг жүжиг нь сар тоглогдоод буугаад байх нь хүн номын сандаа ном нэмэрлээд байгаа асуудал биш шүү дээ. Хүн уншаагүй номоо худалдаж аваад үүнийг гэртээ унших юм шүү гээд уншчихаад номын сандаа тавиад л байх асуудал биш. Уг нь тэр номыг уншсан бол түүгээрээ цааш нь өчнөөн олон хүний тархийг задлах хэрэгтэй гэдэгтэй адилхан шиг зүгээр нэг тоо гүйцээж байгаа юм шиг жүжиг тавимааргүй байна.
-Тэгвэл кино урлагийн хувьд ч гэсэн тооны араас хөөцөлдөөд байх шиг?
-Кино ч гэсэн адилхан. Үеийн үед явж байх тийм хэмжээний кино л байхгүй бол цаг хугацаа, тоо гүйцээх асуудал биш. Гэхдээ кино бол шоу бизнес болоод энэ хэлбэрээрээ хөгжөөд ирсэн юм. Дэлхийд бол арилжааны болон бүтээлийн кино гэж хоёр зүйлд л хуваагдаж байгаа.
Дэлхий хүртэл киноны урсгалаа мэдээд байна. Арилжааны кино бол байх ёстой. Хүн бүр л түүнийг үзэж байдаг бид ч гэсэн үздэг учраас байж л байх ёстой асуудал. Харин тэр арт хаус бүтээлийн чанарын кино яагаад дэлхий дээр яагаад тодорхой хэмжээний л хувь эзлээд яваад байдаг юм бэ, тэр бүтээлийг яагаад тодорхой өнцгөөс дэмжээд байлгаад байгаа гэдэг нь сонин шүү дээ. Тэр бол тодорхой улс гүрний ч асуудал байна, дэлхий нийтийн ч асуудал ч байгаад байна. Өнөөдөр Монголын кино урлаг гэж байхгүй болчихоод байна л даа.
Өнөөдөр кинонд байгаа залуус бид хэдэн сахилгагүй эцэггүй хүүхэд шиг давхиад байна. Уг нь нэг төвлөрсөн тодорхой байгууллагатай бол кино урлагт товыг нь тавьж өгмөөр байгаа юм. Жилд хэчнээн жинхэнэ бүтээл гэхээр кино хийх вэ, арилжааны кино өөрөө өөрөөсөө санхүүжиж явна аа гэдэг ч юм уу. Өнөөдөр соёлын яам язгуур урлагт асар их мөнгийг зарцуулдаг. Тэр бол хүний нүдэн дээр байгаад байгаа зүйлс. Уг нь хэдэн жилийн дараа харах юм бол нөгөө язгуур урлаг сайхан л явна. Мөн бүтээл чиглэлийн кино хийвэл яг л язгуур урлаг шиг илүү их үлдэх ёстой шүү дээ. Түүнээс биш язгуур урлаг, батаар гээд махан зүйл рүүгээ хамаг санхүүжилтээ гаргадаг юм билээ. Магадгүй монгол хүний оюун ухаанаас язгуур урлагийн сайхан кино бүтээлүүд өчнөөн төрөөд тэр нь хөөрхий ширгээд дуусч байгааг хэн байг гэхэв дээ.
Сериал гэдгийн хамгийн том мөн чанар улс эрх орны зэвсэг
-2003 онд “Мөрөөдлийн хөлөг онгоц” олон ангит киног дэлгэцнээ гаргаж байсан. “Эзэнгүй айл”-ын дараа гарсан анхны цуврал кинонуудын нэг. Одоо олон ангит бүтээл дахин хийвэл нөхцөл нь хэр байна. Олон ангит киноны санал хэр их ирж байна?
-Ирэлгүй яах вэ.
-Тэгвэл таны зөвшөөрөхгүй байгаа шалтгаан тань юу вэ?
-Үнэхээр стандартын хэмжээнд олон ангит кино хийх гэж байгаа бол болж байна. Манайхан болохоор арай өөр системээр хийдэг. Цуврал кино гэхээр бүх жүжигчдийг нь ч хямдхан оруулчих гээд. Бүрэн хэмжээний уран сайхны киноноос өөр хэмжээнд ханддаг. Харин дэлхий болохоор цуврал кинонд бүрэн хэмжээний киноноос давсан том төсөл болоод явдаг. Дандаа дэлхийтэй зүйрлэх нь хаашаа юм. Ер нь олон ангит кинонууд хийх хэрэгтэй. Би МҮОНТ-ийн “Босго тотго” кинонд дуртай байгаад байгаа. Эхлээд л шууд Монгол гээд дайраад хийх нь хаашаа юм. Тэр цуврал киног үзэж байхад цаанаа монгол драматур, цаанаа монгол хүн, цаанаа дуугарсан өнцөгтэй байж л монгол сериал гэж үнэртмээр байгаа юм. Тэгэхгүй бол монгол гэдэг элементгүй яг хуулаад байх нь хаашаа юм. Үнэр нь ханхийсэн монгол үнэргүй л хийгээд байгаа юм. Монгол хүний драматур шал өөр шүү дээ. Би кино бүртээ Монголоо гэсэн үнэрээ шингээх гээд үйлээ үзээд байдагтай яг л адилхан шүү дээ. Тэгэхгүй хэтэрхий бусдыг дагаад орчихвол гадаадын кино руу орчих гээд байгаа ч юм шиг л байдаг л даа. Сериал гэдгийн хамгийн том мөн чанар улс эрх орны зэвсэг шүү дээ. Дундаас дооших масст зориулж байна шүү дээ тэр сериал чинь. Нэг ёсондоо ард түмнийг удирдан зохион байгуулах юманд оруулж байгаа юм. Тэгэхээр үүнийг улсын хэмжээнд айхтар хөрөнгө оруулалт хийж байж гэмээнэ ард түмнээ хүртэл гоё хүмүүжүүлэх зэвсэг байгаад байна. Яваандаа сайжирна гэж би бодоод байгаа. Өнөөгийн сериалыг үзээд байгаа хүүхдүүдийг тэр солонгос киноноос юу нь илүү гаргах вэ гэдэг тэр элементийг л зөв сонгох ёстой юм болов уу гэж бодож байна.
Сериалын саналууд ирдэг ч яг таалагдсан, бариад авах санал байхгүй л байна.
-Өнөөдөр Сэнгэдорж найруулагч хаана харьяалагддаг вэ?
-Би чинь чөлөөт уран бүтээлч шүү дээ.
-Хувийн продакшн, студи байхгүй юм уу?
-Байхгүй ээ, өөрөөрөө л явдаг. “J&S” гээд продакшн, студи байгуулж үзсэн. Студи байгуулж явна гэдэг бол өөр асуудал. Бүхэл бүтэн менежмент, маркетингтай тодорхой багтай, техникийн өндөр шинэчлэл хийдэг, сардаа мөнгөний урсгал нь сайн орж ирж байж оршин тогтнодог. Найруулагч хүнд илүү их тархиа зарцуулах олон хүн авч явах, цалинжуулах, тэр студийг хоолтой байлгана гэдэг бол шал өөр ажил юм билээ. Түүнийг өөр хүмүүс хийдэг учраас би цэвэр уран бүтээлээ бодъё гээд больсон. Одоо миний систем бол яг тодорхой кинонд ажиллахаар болбол бусад багуудаас шилдгүүдийг нь сайн харж байгаад багаа сонгож, тэр багуудыг төсөлдөө оруулаад гэрээг нь хийлгээд ажилладаг.
-Дэлгэцийн шинэ бүтээл хийхэд манай кино театруудын хүртээмж ямар байна. Нэг кино ойролцоогоор хэр удаан дэлгэцэнд гарч байна?
-Үнэнийг хэлэхэд, өрөвдмөөр асар богино, бага шүү дээ. Гуравхан кино театртай. Их муухай хэлчих юм бол бараг л хоёр кино театртай шахуу. “Өргөө” кино театр нэг салбартай болсон. Манайх шиг өрөвдмөөр зах зээл гэж байхгүй шүү дээ. Яг үнэнийг хэлэхэд дэлхийн кино зах зээлийг сонсвол та нарын нүд орой дээрээ гарна. Турк гэхэд л доод тал нь 2000-аад кино театртай байна. Гадныхтай зүйрлэх ч юм биш.
Тэд удаан амьдрахаас илүүгээр доод тал нь 10 хоног гаргахад л хангалттай хэмжээний мөнгөө олно. Гэхдээ сайн хэмжээний кинонууд шүү дээ. Тэнд сайн, муу кино хийгдээд урсгалаараа л явж байгаа. Манайд шинэ кино театрууд нэмж баригдаж байгаад би их баярлаж байгаа.
Олон салбартай байж бидний зах зээл нэмэгдэн кино театруудын ажлаад байгаа хэлбэрүүд өөрчлөгдөнө. Ядаж л кино театрын авдаг 50 хувь багасна.
-Театрт нэг кино сар гарч чадах уу?
-Тухайн киноноос их шалтгаална. Муу кино долоо хоноод бууж байна. Сараас дээш гарна гэдэг бол маш том үзүүлэлт. Бүх юм чанар.
Киноны зовлон яривал бидэнд асар их юм бий. Ирэх жил Монголын кино урлагийн 80 жилийн ой болох гэж байна. Энэхүү 80 жилийн ойдоо “Омарын эрэлд” киногоо зориулж байгаа. Ерөнхийдөө гайгүй хийгдэж байгаа гэдэг утгаараа бусдыгаа 80 жилийн ойдоо уриалан дуудмаар байгаа юм. Бид чинь юуны төлөө яваа билээ. Дандаа л зовлон яриад байвал яриад л байна. Гэхдээ гарах өнцгүүд маш их нэмэгдэж байна.
Техникийн шинэчлэлүүдийг манай залуус зоригтой хийж байна
-Тэгвэл ямар сайн, ололттой талууд байна?
-Өнөөдөр манайд продюссеруудын албууд их нэмэгдэж байна. Би энэ албуудад маш их хайртай шүү. Энэ их айхтар золионы үеэр продюссерууд гарч ирж байж сайн кинонуудыг төрүүлж, сайн уран бүтээлчдийг гаргаж ирж байна. Энэ продюссеруудаа шатаачихгүйхэн шиг аятайхан байж байгаад том продюссерууд болоод Монголын кинонд мэдрэмжтэй албууд гарч ирээсэй гэж боддог. Түүнээс биш мөнгөтэй бүхэн продюссер биш л дээ. Дэлхийн том том продюссерууд ихэвчлэн дандаа жүжигчин, найруулагч, зохиолчдоос гарсан байдаг.
Тийм продюссеруудын албууд олноор нээгдвэл бид цаашдаа чанартай бүтээл хийхийн цондон л доо. Тэд маань сайхан дээшээ гарна. Мөн техникийн шинэчлэлүүдийг манай залуус зоригтой хийж байна. Өнөөдөр дэлхийн хэмжээнд авагдаж байгаа видео камеруудыг манайхан оруулж ирж байна. Тэр бол чанарын өндөр түвшин. Үүнтэй уялдан театрууд сайжрах ёстой.
-Монголын кино урлаг дэлхийн кино урлаг руу гарах боломж хэр вэ?
-Боломж байдаг. Тэр боломжийг хүн золио хийж гаргадаг. Бид мэдээж “Терминатор”, “Аватар” хийгээд хэзээ ч дэлхийг гүйцэхгүй нь тодорхой. 20 жилдээ л лав гүйцэхгүй. Яахав бид зүтгэнэ, түүний хойноос үзнэ. Үүний цаад өнцөг нь монгол философи, монгол драматур.
Энэ өнцгийг бид барьж байж л дэлхийн тавцанд гарна уу гэхээс биш арилжааны массын киногоор гарахгүй. Бүтээлийн кинонуудыг хийж байж л гарна. Манай Бямбаа ахын “Алсын удирдлага”, Хоролдоржийн “Шарга даага” шиг ийм зүгийн кино хийж гарна. Тэд өөрсдийгөө зольж бүтээл хийж байгаа. Тэд Монголоос тэдийг олно, тэр авардсаас тэдийг олно гэсэн юм байдаггүй байхгүй юу. Би өмнө нь кино наадамд явж л байсан. Тэндээс шагнал аваад өнөөдөр айхтар баяжаад гараад ирсэн хүн гэж дэлхийд ч ховор. Тэр нь асар их өндөр зэрэглэл нэхдэг. Тэр айхтар зүйл рүү өөрийгөө болон өрөөлийг золиод явж байгаа. Түүнийг хэн хийх юм бэ. Өнөөдөр Монголд наадах чинь яах юм, би хэзээ мөнгөө олж авах юм гээд хэн ч ивээн тэтгэхгүй, тийм л асуудлыг ярина. Бид урдаас нь энэ чинь бүтээл шүү дээ гэдэг асуудал өнөөдөр Монголын зах зээл дээр байгаа систем. Үүнийг гадны том пост продакшнаас төсөл болгож ирнэ гээд бөөн ажил болно.
Сая манай Бямбаа ахын үйлээ үзэж босгож ирсэн төсөл гайгүй давхиж байна. Бүтээлийн хэмжээний киног нэлээд өндөр өртгөөр хийж байж сая явж байгаа. Дэлхийн тавцанд гарахад өнөөдөр техникийн талаас айхтар дутаад байгаа зүйл алга. Өнөөдөр манайхан Оскар авчихаар болчих юм шиг юм бодоод байдаг. Оскар чинь Америкийн наадам, бидэнд хамаагүй шахуу. Канн, Берлин, ядаж л хойд хөршийнхөө “Алтан бүргэд”-ийг авмаар байна шүү дээ. Бүтээлийн кино хийхдээ өөрийгөө тодорхойлж байж л хийх болно. Түүнээс биш энэ кино дэлхийд гарах кино гээд харанхуй дайрахаасаа илүүтэй яаж түүнийг дэлхийд гаргах вэ гэхээр өчнөөн аймаар үзүүлэлт гарна. Түүнээс за би энэ зүг рүү хийвэл арай ойр юм гэж сонгож авна. Түүндээ зорьж хийнэ. Хэрвээ тэндээ унавал бүүр байхгүй болчихож байгаа юм. Дээр нь боловсон хүчний асуудал байна. Хамгийн сүүлд гадаадад төгссөн хүмүүс манай Бямбаа ах болоод дуусч байна. Зарим төгсөж ирсэн хүмүүс олигтой зүйл хийхгүй ярихаас цаашгүй болсон байна. Зарим нь PR гээд шал өөр юм хөөгөөд явж байна. Аргагүй шүү дээ тэр чинь.
Утгагүй санагдаад байгаа юм чинь. Боловсон хүчин бэлдэх энэ хөтөлбөр өнөөдөр Монголд гүйцэд хийгдэхгүй юм бол Монголын кино дэлхийд гарахгүй.
Бид хамгийн сүүлд хойд хөршдөө төгсөж ирсэн багш нарын үлдэгдэл шүү дээ. Тэдний сүүлд хэлж өгсөн “Бурхан минь” гэмээр үгнүүдийг авсан тулдаа бас нэг кинон дээр утгатай байгаад байгаа юм. Би соёлын яаман дээр чих тавиад явж байхад хойд ВГИК-ийн юм уу ГИТС-ын киноны сургуулиудын урилга ирж байна. Гэтэл нэг даргын хүүхэд юм уу, 10 төгссөн хүүхдийг явуулдаг гэсэн. Дарга цэргийн хүүхэд тэнд очихоороо өөр сургуульд хуваариа солиод харилцаа хөөгөөд явчихдаг юм байна. Яг үнэнийг хэлэхэд 10 төгссөн хүүхэд өнөөдөр киноны чиглэлээр шууд суралцах маш хэцүү. Хуучны систем үүнд байх хэрэгтэй байгаа юм. Энд кино үйлдвэрийн доор туслах, хоёрдугаар найруулагч, гэрэлтүүлэгч хийж байж дээрээс нь тэр Жигжид, Биндэр, Бунтар гээд агуу хүмүүс харж байж энэ нөхөр чинь кино найруулагч болчих хүн шүү, хойш нь явуулбал яасан юм бэ гэж шалгуурт тэнцэн 10 төгсөөд 5 жил ажиллаж байж хойшоо сургуульд явдаг байсан. Энэ систем нь байхгүй болохоор учиргүй цоо шинэ хүүхдүүдийг тэр Орос, Герман, Солонгост сургуульд явуулахаар тэр аймаар том газар сурч сурсан хүн Монголдоо хүрч ирээд ажиллана гэхээр “Пөөх, ийм нөхцөлд чинь яаж ажиллах юм бэ” гээд нөгөө хэд маань шантарч байгаа юм.
Жинхэнэ хар махаараа үзэж байгаа биднйиг тэд хараад ингэж кино хийдэггүй юм аа, нөхдүүд минь гээд шал өөр юм руу явчихаад байгаа юм. Эхлээд тэднийг кинонд дурлуулж хайртай болгож байж сая явуулж байх хэрэгтэй байна. Боловсон хүчин байхгүй бол худлаа цээжээ нүдсээр дуусна.
-“Үргээлэг” киноны хоёрдугаар ангийг гарна гэж яригдаад байсан?
-Би бол “Үргээлэг-2” дээр ажиллахгүй гэж бодож байгаа. Монголд зөндөө сайхан найруулагч нар байгаа. Аливаа юмны хоёрдугаар анги гэдэг бол өөр асуудал. Эхнээсээ бичигдэж байж л гадныхан хоёрдугаар ангиа хийдэг. За энийг тэдэн хувиас дээш үзэх юм бол хоёрдугаар ангийг нь хийнэ гэсэн шиг бараг тэр зохиол нь нэг бичих хувилбар бүхий бүтэн баг цаана нь ажиллаж байдаг. Түүнээс биш манайхан шиг нэг кино нь мундаг болохоор л өө тэгвэл хоёрыг нь үзэх юм байна гээд шууд л хийдэг асуудал биш.
Миний хувийн амьдрал нууц байг
-Та хэвлэл мэдээллээс их хол хөндий байдаг. Тэр бүр ярилцлага өгдөггүй, нэг талаараа их нууцлаг хүн. Нэгэнт таны хажууд суугаад ярилцлага авч байгаагийнх хувийн амьдралыг тань асуухгүй өнгөрч чадахгүй нь. Та гэр бүлийнхээ талаар танилцуулаач?
-Би ярилцлага өгөхөөс хэзээд зугтдаг хүн шүү дээ. Харин өнөөдөр яалт ч үгүй таньд баригдчихлаа /инээв/. Миний хийж байгаа уран бүтээл хэзээд олны нүдэнд ил байдаг. Харин хувийн амьдрал, гэр бүлийн минь нууц байг л дээ /инээв/
-Таны ах жүжигчин Жамъянсүрэнгийн бие сайн уу. Бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон гэж байсан?
-Ёстой гоё болсон шүү. Ах өнгөрсөн жил БНСУ-д хагалгаанд орж ирээд одоо уран бүтээлдээ эргэж орсон. Ерөнхийдөө хүний өөрийн гээд кино зохиолууд бичиж байгаа. Сая “Содура” кинонд тоглон Хөвсгөлийн тайгад очиж зургаа авахуулсан. Удахгүй тэр кино нээлтээ хийнэ.
Г.Даша