“Үүр шөнийн оддоос асуугаарай”, “Цахилах гөрөөс”, “Сайхан чамдаа”, “Баярлалаа”, “Рондо”, “Гэгээн хүсэл”, “Нандин хайр” зэрэг уран бүтээлээрээ үзэгч, сонсогчдын танил болсон уран бүтээлч Б.Мягмарсүрэн өдгөө Франц Улсад ажиллаж, амьдарч буй.
Тэгвэл тэрбээр ирэх арванхоёрдугаар сард “Musiques Traditionnelles de Mongolie” нэртэй тоглолтын Францад толилуулах гэж байна. Эл тоглолтыг Францын хойд хэсэгт орших Пас-де-Кале мужийн Вирвинь (Wirwignes) тосгоны түүхэн сүмд ятгачин П.Баттунгалаг, морин хуурч, хөөмийч Я.Нэмэхбаяр нартай хамтран хүргэхээрээ онцлог аж.
Тэрбээр энэ талаараа цахим хуудсандаа “Энэ удаагийн тоглолт нь Монголын соёл, уламжлалыг Францын олон нийтэд улам ойртуулж, хоёр орны ард түмний соёлын харилцааг хөгжүүлэхийн зэрэгцээ бидний хамгаалан хайрлаж буй энэхүү түүхэн сүмийн соёлын амьдралд шинэ өнгө нэмнэ гэдэгт итгэлтэй байна.
Монголын хөгжмийн гайхамшиг Вирвиний түүхэн сүмд эгшиглэх болно.
2026 оны арванхоёрдугаар сарын 12 нд Монголын уран бүтээлчдийн тоглолт Францын эртний нэгэн сүмд тоглохоор болсон. 2023 онд Вирвинь тосгоны оршин суугчдын санаачилгаар байгуулагдсан, 1901 оны хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг холбоо тус тоглолтыг зохион байгуулж байна.
Соёлын өвийг хамгаалах үйл ажиллагаа явуулахаас гадна сүмийн түүхийг судлах, түүхэн баримт бичиг цуглуулах, ном хэвлэл гаргах, сүмийн дурсгалт зүйлсийг сэргээн засварлахад хувь нэмэр оруулдаг юм байна. Үзэсгэлэн, концерт, хурал уулзалт зохион байгуулж, олсон орлого болон хандивыг сүмийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтад зориулдаг.
Үнэхээр сүмийн аккустик гайхалтай л даа. Тэсэж ядан хүлээж байна, сайхан сүмд дуулах аа” хэмээн нийтэлжээ.

