Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг дүрслэх урлагийн мэргэжлийн уран бүтээлчдийн “Тусгаар тогтнол” үзэсгэлэнг МУЭ-ийн Арт галерейд өчигдөр /2026.11.26/ нээлээ.
Энэ жилийн үзэсгэлэнгийн гранпри шагналыг Т.Баттогтохын “Хатад” бүтээл хүртсэн бол тусгай байрт Л.Гантөмөрийн “Тэмцэл”, Ш.Баатарын “Богд хаант Монгол Улс”, Д.Ганзоригийн “Хархорум хот”, А.Ууганбаярын “Айсуй” бүтээл тус тус шалгарлаа.
Үзэсгэлэнд дүрслэх урлагийн бүхий л төрлийн 70 шилдэг бүтээлийг дэлгэн толилуулж байна. Үзэсгэлэн нь дүрслэх урлагийн бүтээлээр дамжуулан Монголын үндэсний онцлог, өвөрмөц мөн чанарыг илэрхийлэх, соёлын, оюун санааны тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, олон нийтийн тусгаар тогтнолын талаарх ойлголт, ухамсрыг бэхжүүлэх зорилготой юм. Энэхүү үзэсгэлэнг таван жилийн өмнө Төрийн соёрхолт, Ардын зураач Ш.Чимэддорж анх санаачлан зохион байгуулж байжээ.
“Тусгаар тогтнол” үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл олны хүртээл болно.


