Эх орныхоо нэрийг чамгүй олон жил дэлхийн алдартай театруудын тайзан дээр цуурайтуулсан уран бүтээлчдийн нэг гэвэл яахын аргагүй С.Саянцэцэг. Ахлах, дунд сургуулиа ОХУ-д дүүргэж улмаар Испани улсад 23 жил амьдарч өөрийн нэрийн тэмцээн, олон улсын хөгжмийн наадмыг зохион байгуулах болсон мэргэжлийн төгөлдөр хуурч түүнтэй уулзаж ярилцлаа.
Түүнтэй утсаар холбогдож цаг товолсон бөгөөд тэрээр гэртээ намайг урьсан юм. Мундаг хүний гэрт очих санал авсан надад ч тун сонирхолтой санагдсан төдийгүй миний төсөөлөлд их л “айхтар” орчин намайг угтах мэтээр төсөөлж байлаа. Харин очиход түүний гэрт мэдээж төгөлдөр хуур эгэл айлуудын нэгэн адил гал тогоо, том өрөөнөөс бүтсэн байсан юм. Харин төгөлдөр хуурч С.Саянцэцэгийн хувьд гэрийнхээ халаадтай гал тогоондоо “эгч нь нүүрээ ч будаж амжихгүй, тоглолт хийх тун их ажилтай юм” гэсэн шиг ээ сууж байсан нь “том” хүн хэмээн сүрдэж байсан айдсыг маань арилгалж, түүнтэй ярилцахад дөхөм байсныг хэлэх нь зүйтэй биз ээ.
-Гадаадад олон жил сонгодог урлагийн тайзан дээр ажилласан уран бүтээлчийн хувьд эх орондоо ирээд уран бүтээл хийж байхад хэр өөр санагдаж байна вэ. Манай залуучуудын хувьд сонгодог урлаг тэр болгон сонирхоод байдаггүй шүү дээ.
-Манай орон бол харьцангуй залуу улс гэж би боддог. Гадаадаар явж байгаад эх орондоо ирэхэд энэ зүйл их ажиглагддаг. Бүх зүйл нь дөнгөж эхлэж байгаа орон шүү дээ. Мэдээж сонгодог урлагийн хувьд ч гэсэн залуу гэж хэлж болно. Гадаад байдаг Монголчууд маань ч уулзаж энэ зүйлийг ярилцаж, аль болох дэмжихийг хичээдэг. Манай сонгодог урлаг хөгжиж байгаа. Гэхдээ европын орнуудтай харьцуулах хэрэггүй болов уу. Европт сонгодог урлагийн хөгжил ярьвал бүтэн зуунаар ярина. Тэр газраас дэлхийн сонгодог хөгжмийн шилдэгүүд төрсөн шүү дээ. Тэдний бүтээлээр дэлхийн сонгодог урлаг яригдаж байгаа учраас харьцуулах хэрэггүй байх гэж бодож байна. Манай орны хувьд хоёр хүчтэй гүрний дунд оршидог. ОХУ бол сонгодог урлагаараа тэргүүлэгч орны нэг БНХАУ-ын хувьд ямар ч газар очсон хятадгүй тэмцээн, хятад хөгжимчингүй тоглолт гэж байдаггүй болчихсон. Хятад оюутангүй хөгжмийн сургууль гэж дэлхийд байхгүй болчихсон байна шүү дээ. Мэдээж ийм хоёр орны дунд байгаа учраас харьцангуй манай сонгодог урлаг нилээд эрчимтэй хөгжиж байна.
Яг залуу хүмүүс сонгодог урлаг сонирхох нь бага байна гэвэл бас шууд хариулахад хэцүү. Гэхдээ шавь нарыгаа аль болох болж байгаа гоё тоглолтуудаас хоцролгүй үзэхийг захьдаг. Шавь нар маань ч миний хэлсэнээр үздэг шүү. Харин манайд гадаад оронтой адил системтэй тоглолт гэж байдаггүй. Систем гэж юуг хэлэх гээд байна вэ гэхээр төлөвлөгөө байхгүй ажиллаж байгаа юм л даа. Жишээ нь дэлхийн театруудын төлөвлөгөө ирэх онуудынхаа тоглолтын хувиарыг гаргачихсан тасалбар нь борлуулалтанд ороод эхэлчихсэн байдаг. Манай Дуурь бүжгийн эрдмийн театрынхан жилийн төлөвлөгөө хийж эхэлсэн байна лээ. Энэ нь бас нэг урагшаа хөгжилрүү алхаж байгаагын шинж шүү. Магадгүй нөгөө талаараа хүн ам цөөтэй орон. Улаанбаатар хотод байдаг хүн амын ихэнх нь ямар хүмүүс байна вэ. Сонгодог урлагийн тоглотын тасалбарыг худалдаж авах чадвар байна уу. Одоо хүйтэрчихсэн болохоор бас л асуудлууд ундарч эхлэнэ. Ирээд хоёр жил болох хугацаанд ажигласан нь иргэдэд ар гэрийн болон хувийн гэсэн хүндрэл харьцангуй өндөр байх шиг ажиглагдсан.
Харин нас тогтсон хүмүүс үзээд байгаа зүйл биш л дээ социализмын үеийн хүмүүс л байх гэж бодож байгаа. Бид нар чинь өөр нийгмийн системтэй байх үед байгууллагаараа, ангиараа кино концерт үздэг байсан учраас тухайн үеийн хүмүүс их үздэг юм байсан болов уу. Одоо үед залуучууд маань чөлөөтэй сэтгэж шоуны талын зүйлсийг илүү сонирхож байгаа юм шиг ажиглагдсан. Рок попын тоглолт, шоу тоглолтууд байдаг ч юм уу. Сонгодог урлагт тийм зүйл бараг байдаггүй. Сонгодог урлаг хүний оюун бодол, соёл руу их чигэлсэн байдаг учраас залуучууд маань илүү бага сонирхож болох юм.
-Таныг олон улсын сонгодог урлагийн наадмын шүүгчээр ажилладаг гэх мэдээлэл бий. Гэхдээ яг тодорхой мэдээлэл тэр болгон байдаггүй?
-Олон улсын тайзан дээр тоглоод 25 жил болж байна. Тэгээд хажуугаар нь шавь нартаа багшилдаг байсан л даа. Тэр болгон гадаад оронд сургуулиа төгсөж, ажиллаж байхад олон улсын наадмыг шүүж ажиллах саналыг баталгаагүй уран бүтээлчид гадаадын айхтар хүмүүс ази тэр дундаа Монгол хүнд өгөхгүй. Сургуулиа төгсчихөөд 10 жил олон улсын тайзан дээр уран бүтээлээ туурвиж, тоглож байж 1999 онд амьдарч байсан хотын захиргаанаасаа анх олон улсын наадмыг хийж өгөөч гэсэн үүргийг миний хань бид хоёр авсан. Тэрнээс бид хоёр хувиараа зохион байгуулсан зүйл биш. Уг наадам нь хөгжмийн олон улсын залуучуудын наадам л даа. Зуны сүүлээр жил бүр зохион байгуулагддаг. Наадам гэдэг бол маш том баяр энэ наадамд маань Монголчууд маань ч байнга оролцдог. Ер нь Испанийн хөгжмийн урлаг Монголын хөгжмийн урлагийнханы дунд их гоё үерхэл үүссэн шүү. Энэ дашрамд хэлэхэд Хөгжим бүжгийн коллежийн хийлийн чуулга хүртэл хоёр жилийн өмнө очиж оролцож байсан гэдгийг хэлэх нь зүйлтэй болов уу. Мөн байнга ирдэг залуу шавь маань нар бий. Харин тэмцээн нь жил бүр нэгдүгээр сард болдог. Залуу уран бүтээлчид, манай шинэ залуу хөгжимчид их оролцдог.
-Та өөрийнхөө шавь нарыг хэрхэн шалгаж авдаг вэ. Мэдээж тодорхой шалгуур байдаг байх?
-Миний зохиосон хичээлийн програмыг л даах юм бол их дээд сургуулийн оюутан биш хувиараа сурдаг авьяастай хүүхэд ч байж болно. Сүүлийн үед хувиараа төгөлдөр хуур суралцдаг хүүхдүүд олон гарч ирж байгаа. Мэргэжлийн хүүхэд төгөлдөр хуур сайн тоглодог хувиараа суралцдаг хүүхэд муу тоглодог гэсэн зүйл байхгүй. Өнөөдөр нийгэм хөгжиж байгаа учраас энэ хоёрын ялгаа бараг л арилчихсан.
-Олон жилийн хугацаанд гадаад орны том тайзан дээр тоглолт хийгээд Испани гэдэг оронд байр сууриа олчихсон хэрнээ тэр бүхнээ орхиод эх орондоо ирж амьдрах шийдвэр гаргах болсон шалтгаан юу байсан бэ?
-Мэдээж буцаж эх орондоо ирэхэд маань аавын маань амьддаа захидаг байсан захиас нь их нөлөөлсөн. Өөрийнхөө эрдэм мэдлэгээ залуу үеийнхэндээ хуваалцах ёстой шүү. Миний охин Монгол гэдэг нэрийг зүүгээд дэлхийн олон тайзан дээр тоглосон учраас нутаг гэдэг зүйл чамаас салахгүй зүйл юм шүү гэдгийг ярьж байсан л даа. Тэгэж ярьснаас нээг их удалгүй аав маань бурхан болсон. Тэгээд л эх орондоо ирэх шийдвэрийг гаргасан даа. Энэ удаагийн тоглолт маань ч гэсэн аавдаа зориулж хийж байгаа тоглолт.
Би өөрөө их тогтворгүй хүн л дээ. Москвад 10 жил суралцаж Испанид 23 жил амьдарсан. Өөр орнуудаар тоглолтоор их явдаг байсан ч нөлөөлдөг байж болох юм. Ер нь тоо гаргах их дургүй. “Та хэдэн оронд, хэдэн хотод тоглолт хийсэн бэ” гэх асуултанд хариулт өгөх их дургүй. Яахав зөөлрүүлээд хариулвал “хэрэв би тоо хэлэх юм бол миний тоглолт зогсоно” гэж л хариулдаг юм. /Инээв/. Саяхан манай нөхөр миний хийсэн тоглолтуудыг тоолоход 300 дөхсөн тоо хэлсэн л дээ. Тухайн үед бодсон шүү “би бас хөөрхөн тоглочихсон юм байна” гэж баярлаж л байлаа. Яг анх гадаадын тайзан дээр гарч тоглосон гэвэл 14 настайдаа Балгарын дуурь бүжгийн театрт тоглож байсан. Харин яг ганцаараа тайзан дээр тоглолт хийгээд 25 жил болж байх шиг байна.
-Нэг газар олон жил амьдрахад дасах нь ойлгомжтой. Дассан газрын даавуу зөөлөн ч гэж манай Монголчууд ярьдаг?
-Мэдээж нэг газар олон жил ажиллаж амьдрана гэдэг дасах нь ойлгомжтой. Дасна гэдэг чинь миний нутаг болно гэсэн үг биш л дээ. Мэдээж амьдрах орчин, хүмүүсийн харилцаа, хоол унд, дөрвөн улирал нь харьцангуй дулаахан, өдөрт хийх бэлтгэлийн цаг, нөхцөлийн хувьд өндөр боломжтой. Гэхдээ эх орон төрсөн нутаг гэдэг зүйл хүний элгэнд, санаад, сэтгэл зүрхэнд оршиж байдаг зүйл шүү дээ. Хэдийгээр эх орондоо ирээд тоглолтын тоо багасаж амьдралын хэв маяг маань өөрчлөгдсөн ч гэлээ эх орондоо байгаа маань сайхан байна.
-Олон улсын сонгодог урлагийн ертөнцөд шүүмж гэдэг зүйл тухайн уран бүтээлчийн чансааг тодорхойлдог. Таны хувьд өөрийнхөө шүүмжийг авсан болов уу?
-Мэдээж чамгүй олон жил тоглосон учраас үр дүн, ашиг гэдэг зүйл бий. Түүний маань нэг нь яах аргагүй шүүмж л дээ. Шүүмж гэдэг зүйлийн утга нь муулах биш шүү дээ. Тухайн уран бүтээлчийн чадвар, тоглолтынх нь чанартай нь үнэлдэг зүйл. Өөрийнхөө шүүмжийг бичүүлж, гаргаж чанар, чадвараа тогтоолгосон нь миний бас нэг үр дүнгийн нэг юм болов уу гэж боддог. Багшаасаа хүртэл “Одоо миний хэрэг чамд байхгүй” гэх үнэлгээг авах хүртлээ шүүмж бичүүлсэн. Тоглогч, уран бүтээлч хүн хийчихсэн баталсан гэж хэлж болдоггүй гэж боддог. Хийсээр байх ёстой үргэлж үргэлжилсэн цагаар амьдрах ёстой юм болов уу гэж ойлгодог.
-Тун удахгүй өөрийн тайлан тоглолтоо хийх гэж байгаа шүү дээ. Бэлтгэл ажил хэр байна вэ?
-Тоглолтын бэлтгэл ажил ер нь хангагдаж байна. Гадаадаас ирэх хөгжимчид маань тус тусдаа бэлтгэл хийж байна. Одоо удахгүй ирээд бүгдээрээ нийлсэн бэлтгэл ажилдаа орно доо. Энэ тоглолтыг өнгөрсөн зунаас төлөвлөж байгаад хийж байна. Сайн болох болохгүйг нь харж байж тоглолтынхоо ард гарч байж л хэлнэ шүү дээ.
-Испанид өөр оронд тоглолт хийх эх орондоо тоглолт хийх хоёр хэр ялгаатай байна вэ?
-Испанид тоглолт хийх энд тоглолт хийх өөр шүү дээ. Энд тоглолт хийх болоход өөрөө бүх зүйлээ хийдэг юм байна. Харин Испанид өөр оронд тоглолт хийхэд хүрвэл зөвхөн бэлтгэлдээ анхаарлаа хандуулах боломжтой байдаг. Жишээ нь билетийн загвар гарахад хүртэл өөрөө бүх зүйлийг нь хариуцаж ажиллах хэрэгтэй болдог юм байна.
-Ивээн тэтгэгч байгууллагын хувьд ямар байгууллагатай хамтарч ажиллаж байна вэ?
-Ивээн тэтгэгч байгууллагаар “Мөнхийн үсэг”, “Урлагийн зөвлөл”, “Төгөлдөр сан”, “Шөнийн зах” зэрэг байгууллагууд ивээн тэтгэж ажиллаж байгаа. Ивээн тэтгэгч байгууллага дундаас “Төгөлдөр сан” маань нилээд их дэмжлэг үзүүлж ажиллаж байгааг онцлох нь зүйтэй болов уу.
-Хариуцсан менежертээ бүх ажлаа даатгавал яах бол?
-Хариуцсан менежер ажиллаж байгаа. Гэхдээ намайг таньдаг мэддэг хүмүүс манай менежерлүү биш надруу ярих нь элбэг байна л даа. Гэхдээ хүмүүсийн надруу залгахыг буруутгаж болохгүй шүү дээ. Саяан багшаа, найзаа, эгчээ ч гэдэг юм уу. Ямар учиртай тоглолт вэ ямар учиртай юм бэ ойлгохгүй зүйл байна гэж ирээд л асуухад миний хувьд тайлбарлаж хэлж, хийхээс өөр аргагүй байдалд ордог юм байна. Тийм учраас бүх зүйлд л гар бие оролцоод хийх хэрэгтэй болж байгаа юм.
-Миний анхаарлыг нэг зүйл их татаж байна л даа. Хоёр хэсгээс бүтсэн тоглолт хийхээр зэхжээ. Хоёр дахь нь клубт чөлөөтэй хүмүүс бүжиглэж өнгөрүүлнэ гэж байгаа шүү дээ. Магадгүй тоглолтын дараах парти гэж ойлгож болох уу?
-Эхний арваннэгдүгээр сарын 21-нд болох тоглолт маань дан ганц Спани хөгжим гэхгүйгээр ОХУ-ын зохиолчдын хөгжим, Польшын хөгжмийн зохиолчийн хөгжим мөн тоглолтон дундуур маань дан хөгжмийн зохиол эгшилнэ гэдэг ч юм уу. Ер нь эхний өдөр миний дуртай сонгосон бүтээлүүд эгшиглэх юм даа. Холимог тэр битгий хэл жазз хөгжим хүртэл тоглогдоно. Мэдээж хүрэлцэн ирсэн хүмүүсийгээ уйдаахааргүй л хийхийг хичээж байгаа. Миний сонсох дуртай, сонгосон зохиолууд их урт үргэлжилдэг, гүн агуулгатай хөгжим байдаг учраас зарим хүмүүс маань ойлгоно, зарим нь ойлгохгүй шүү дээ. Сонгодог урлагийг үздэг хүн бүр 100 хувь ойлгож хүлээж авдаг гэвэл хэцүү. Тэглээ гээд буруутгаж болохгүй. Тиймээс аль болох хүн бүр ойлгох, хүлээж авч, уйдхааргүй нэгэн үдшийг өнгөрүүлэх байх.
Харин хоёр дахь өдрийн тоглолт бол цэвэр манай менежрийн санаа байгаа. Менежер маань өөрөө Спанид очиж үзсэн юм. Энэ үндэстний амьдрал их өвөрмөц үндэстэн юм байна гэдгийг манай менежер харж танилцсан л даа. Манайхан их өвөрмөц, халуун цустай үндэстэн гэдгээр нь сайн мэднэ шүү дээ. Тиймээс манай менежер өөрөө энэ зүйлтэй, Испани соёлтой, өвөрмөц ертөнцтэй нь Монголчуудыгаа танилцуулья гэдэг үүднээс хоёр дахь өдрийн тоглолтыг сэдэж гаргасан юм. Ер нь эхний өдөр бол классик тоглолтын үдэш байх бол хоёр дахь өдөр нь Испаний соёлтой, уур амьсгалтай танилцсан өдөр болно гэдэгт итгэлтэй байна.
-Хоёр дахь өдрийн тасалбарын үнэ нь 100, 150, 180 мянган төгрөгийн үнэтэй байсан. Хоёр дахь өдрийн арга хэмжээндээ зориулаад винонууд Испаниас авчирсан тухай та өөрийнхөө фейсбүүк хуудсандаа оруулсан байсан…?
-Тийм шүү. Испаничууд ямар соёлтой ард түмэн бэ. Ямар хоолон дээр ямар виног хэрэглэдэг юм. Испаниуд хоорондоо яаж ярьдаг юм, биеэ хэрхэн авч явдагийг хүртэл харуулахыг хичээж байгаа. Ер нь их олон талаас нь харж байгаад энэ хоёр дахь өдрийн арга хэмжээг хийхээр болсон. Мөн Испани тогооч яг үндэснийхээ хоолыг гал тогоонд хийж түүнтэй нь зохицсон виног бид ширээн дээр тавьж өгнө. Испани сонгодог урлагаас гадна Испани DJ-г хүртэл авчирч байна. Испани диско яаж болдог юм гэдгийг хүртэл уг арга хэмжээндээ оруулж өгсөн байгаа.
-Тэгэхлээр таны тоглолтонд чамгүй олон Испани хүн байх хэрэгтэй болох нь ээ дээ.
-Испаничууд маань ирнэ. Манай найзууд өөр Монголд байгаа Испани иргэд хүртэл оролцох байх. Мөн дан Испани үндэсний хөгжим явахаас гадна зарим Монгол уран бүтээлүүдийг оруулж өгсөн байгаа. Энэ өдөр дан ганц Испани соёлтой танилцах биш тоглолтонд маань зочилсон Испаничууд ч гэсэн Монгол хөгжимтэй, соёлтой танилцана. Монгол морин хуураар Испани хөгжим тоглож үзүүлнэ. Мэдээж Испаничуудад энэ зүйл маань нилээн том гэнэтийн бэлэг болох байх аа. Энэ тоглолт маань гоё болох юм бол ирсэн зочид ч гэсэн цаашаа өөрсдийнхөө эх оронд очоод Монголчууд ийм сайн зохион байгуулдаг чадварлаг ард түмэн юм байна гэж ярих болно шүү дээ.
Э.ТЭКҮ
www.URLAG.mn