Худалдах, худалдан авахын тухайд бидний олонхи нь материаллаг эд зүйлийг багтаан ойлгодог. Тэгвэл бидний хамгийн ихээр орхигдуулдаг зүйл бол өөрийгөө “худалдах” урлаг юм. Ажлын ярилцлага, бизнес уулзалт гээд хамгийн чухал мөчид өөрийгөө бүрэн ойлгуулж чадалгүй, боломжийг алдах үе ч цөөнгүй тохиолддог билээ. Харин бид танд 30 секундэд багтааж хэрэгтэй хүндээ бусдаас илүү давуу нэгэн гэдгээ эвлэгхэн ойлгуулах өөрөөр хэлбэл “алттай авдар” гэдгээ илэрхийлэх найман аргыг танилцуулж байна.
1. Хаана хүрэхийг хүсэж байгаагаа тодорхойл
Та юу хүсэж, хаана хүрэхийг зорьж байгаагаа мэдэхийн тулд, Би хэн бэ, Би юу хийж чадах вэ, Би юуг эрэлхийлж байна вэ гэсэн гурван асуултанд үнэнчээр хариулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тавьсан зорилгодоо хүрэхийн тулд юу хүсэж буйгаа мэдэх нь хамгийн эхний алхам юм. Хэрэв та одоогоор ажил эрхлээгүй байгаа бол яаран сандран дурын компанийн хаалгыг татахаасаа өмнө эцсийн эцэст би юу хүсч, хаашаа тэмүүлж байна вэ гэдгээ дахин нэг тунгаагаарай.
2. Гол зүйлдээ төвлөр
Хэрэв та ажлын ярилцлагад орох гэж байгаа бол дөрвөн зүйл дээр л төвлөрөх хэрэгтэй. Үүнд: ажлын намтар, туршлага, ур чадвар мөн цаашдын зорилго багтдаг. Сэдвээсээ хазайж олон зүйл нуршихын оронд дээрх дөрвөн зүйлийг хэдхэн өгүүлбэрт багтаан илэрхийлсэн байхад та ажил олгогчид өөрийнхөө талаарх үнэ цэнэтэй мэдээллийг богино хугацаанд хүргэлээ л гэсэн үг юм.
3. Тэдэнд түүх ярь
Түүх гэхээр хайр дурлал, анхны учрал гээд хэт хувийн чанартай зүйл биш шүү. Харин ажлын ярилцлагад орсны дараа ч тэд таныг мартахааргүй, сэтгэлд нь хоногшин үлдэх богинохон түүхийг ярианыхаа завсарт хавчуулан ярих хэрэгтэй. Хүмүүс хэн нэгэн хүнийг гэхээсээ ямар нэгэн түүхийг хамгийн сайн санаж байдаг тухай Дэйл Карнеги дурьдсан байдаг.
4. Мэргэжлийн хэллэг хэрэглэхгүй байх
Өөрийнхөө юу хийж чаддаг, юунд зорьж байна вэ гэдгээ илэрхийлэхдээ товчилсон үг, ердийн хүмүүсийг ойлгохгүй мэргэжлийн үг хэллэг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Энэ нь нягтлан бодох бүртгэл, санхүү, технологийн салбарт ажилладаг хүмүүст хамгийн ихээр хамааралтай юм.
5. Харилцан ярь
Таны яриаг сонсох явцад тухайн хүнд тодорхой хэмжээний “зай” үлдээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ярилцлагын үед нөгөө хүний юуг хүсэж байгааг тандах үүднээс харилцан ярих нь хамгийн оновчтой гэнэ. Иймээс ярихын зэрэгцээ чихээ сайн “ажиллуулах” зарчимыг баримтал.
6. Цагаа тооцоол
Аливаа ярилцлага, уулзалтанд орохоос өмнө тодорхой хэмжээний бэлтгэл шаардлагатай. Яриандаа юу юу оруулах, ямар дэс дарааллаар ярих вэ гэдгээ төлөвлөхөөс гадна хамгийн гол нь 30 секундэд багтааж чадаж байгаа эсэхээ заавал шалгаарай. Хэрэв төлөвлөсөн хугацаанд багтахгүй байгаа бол товч CV-гээ дахин нягталж, оновчтой богино үгээр илэрхийлэх боломжийг эрэлхийл.
7. Видео бичлэг хий
Бусадтай ярилцаж байхдаа ямар харагддагаа мэдэх нь бас нэг чухал алхам юм. Тиймээс богино хэмжээний видео бичлэг хийж өөрийн харц, биеийн хэлэмж, ярианы өнгө аяс гээд нарийн зүйлсийг ажиглахаас гадна өөрийнхөө тухай ярьж байхдаа хэр итгэл үнэмшилтэй байгаагаа анзаараарай.
8. Бусдаас шүүмж хүс
Дээрх долоон алхамын дараа та өөрийгөө 30 секундэд багтааж “худалдах” арга барилыг эзэмшсэн байх болно. Харин сүүлийн алхам бол бусдаас “шүүмж” сонсох явдал юм. Өөрийнхөө товч CV-ийг найз нөхөд, ажлын хамтрагчдадаа ярьж өг. Дараа нь үүнийгээ илүү сайжруулах, засах зүйл байгаа эсэхийг тэднээс асуугаарай.
Б.Саруул