Монголчууд хавар болохоор хаврын синдром, намар болохоор намрын синдром эхэллээ гэдэг. Өвөлжин “бүгсэн” эсэргүүцэгчид хаврын уринаар “эчээнээсээ” гарч, зунжин амарсан идэвхтэнүүд "нойрноосоо" сэрэн их ажилдаа ордог нь ийм нэр томьёолол аваад байгаа. Яг өдийд манайд хаврын синдром дээр улс төрийн синдром нэмэгдэн нийгэм нэлээд халуухан “буцалж” байна. Гэхдээ энэ жилийн синдром нэг л өөр.
Ер нь энэ синдромыг нийгмийн халдварт өвчин гээд нэрлэчихэд буруудахгүй болчихож. Уг нь энэ өвчинг ганцхан улс төрд байдаг үзэгдэл гэж бодож байлаа. Гэтэл үгүй юм. Хамгийн цэвэр ариун урлагт хүртэл халддаг юм байна. Манайд сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа урлагийн нэг төрөл бол яах аргагүй кино урлаг. Бараг долоо хоног тутам нээлтээ хийх эдгээр кинонуудад хайран мөнгө гэж халаглахаар нэг байхад сэтгэлд юм бодууллаа гэх ч бий. Хэд хоногийн өмнө “Бурхан өршөөг” нэртэй кино театруудад нээлтээ хийж үзэгчдээс яг өнөөгийн нийгэм хэмээх богинохон ч гэсэн чамгүй үнэлэлт аваад байсан. Гэвч энэ киног үзэгчдэд үзүүлэхийг хоригложээ.
Өөрөөр хэлбэл “Өргөө кино” театрыхан энэ киног монголын хамгийн муу кино болсон тул гар хөлийн үсгээрээ баталгаажуулсан гэрээгээ үл тоон хаасан гэнэ. Өнөөгийн кино театрууд ашиг олж л байвал ямар ч хамаагүй гаргадаг. Даан ч дээ гэмээр киног "үхтэл нь" сурталчилж, гоё сайхан үгээр мунхруулж байгаад үзүүлдэг нь тэдний өнөөгийн төрх шүү дээ. Бас болоогүй тэд өнөөг хүртэл хэрэглэгчдийн эрх ашгийн өмнөөс гээд зоригтойхон юм дуугарч байсан удаагүй. Нөгөө талаар кино театр үзвэрийн газар болохоос киног сайн муу гэдэг газар биш… Хамгийн сонирхолтой нь мэдээж тэдний шалтгаан бол зөвхөн шалтаг. “Өргөө” кино театр “Содмонгол”-оор овоглосон Ц.Анандбазарынх гэдгийг цөөнгүй хүн мэднэ. Хотын Парламентын гишүүн тэрбээр МАН-ын нөлөө бүхий гишүүдийн нэг. Гэвч өөрийн намынхаа киног гаргахын тулд эгэл жирийн уран бүтээлчдийн киног гаргуунд гаргасан нь өнөөдөр нэгэнт ил болжээ.
Чөлөөт нийгэмд чөлөөтэйгээр сэтгэж, өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн киног хааж, өөрсдийн сонгуулийн сурталчилгааны нэг хэлбэр болох "Долоон бурхан харвадаггүй" киногоо гаргахаар болсон нь үзэгчдийн ч бас эрх ашгийг хөндөөд байх шиг. Бас зарим нэг эх сурвалжуудын хэлж байгаагаар энэ киног улс төрийн захиалагт хэмээн үзэж нүд үзүүрлэсэн гэнэ. Бид урлагийн бүтээлд цензур тавьдаг цаг үеэ аль өнгөрөөчихсөн улс. Харин энэ шийдвэр тэрхүү цаг үеийн ул мөр одоо ч арилаагүй байгаагийн том нотолгоо болж байна.
Сонгууль бол аль намын төрд гарах гэсэн санаархал. Харин энэхүү бузар санаархалаа ард түмний оюуны ундраа болсон урлагаас тэр дундаа кино урлагаас хол байлгаач Улс төрчидөө.