Людвиг Ван Бетховен (Ludwig van Beethoven)
1770 оны 12 сарын 16 – 1827 оны 3 сарын 26) нь Германы хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч байжээ. Барууны хөгжмийн урлагийн сонгодог ба романтизмын үеийн хоорондох шилжилтийн үеийн маш чухал хүн байсан бөгөөд одоо ч гэсэн хамгийн нөлөө бүхий, нийтэд таашагдсан хөгжмийн зохиолчдын нэг хэвээр байна.
Түүний залуу нас
Хөгжмийн суут зохиолч Людвиг ван Бетховен Германы Бонн хотод төржээ. Авьяас билэг нь багаасаа тодорсон Бетховен 10 насандаа даралтат хөгжим, бадралт бишгүүрээр тоглодгоороо Бонн хотод алдаршиж эхэлжээ. 17 настайдаа Вена хотноо очиж хэдийнээс мөрөөдсөн алдарт В. Моцартын хөгжимдөхийг сонссон төдийгүй дотно танилцсан нь түүнд асар их урам зориг нэмжээ. Хоёр их хүний анхны учрал Бетховены ирээдүйг төгс тодорхойлж өгсөн юм. Гэвч энэ уулзалт төд удсангүй Л.Бетховены эх нас барж хүнд гарз тохиолдсон бас амиа бодогч эцэг нь орон гэрээ орхиж одсон тул Бетховенд хоёр дүүгээ асарч тэтгэх үүрэг ногдсон байна. Энд Бетховен дуурийн театрын эрдүү хийлчээр ажиллаж чөлөө завандаа концертод хөгжимдөж, хөгжмийн хичээл заадаг болов. Л.В.Бетховен ховор олддог амралтынхаа цагийг үзэсгэлэнт байгальтай Бонн хотын захад өнгөөрөх дуртай бөгөөд Рейн мөрний хөвөө тэгшхэн тал хөндий, ой модон дотор байгалийн сайхан авиа эгшиг сонсон сууж зовлон зүдгүүрт амьдралаа мартагнадаг байлаа.
Энэ үеэс Бетховен өөрийн болон өргөн олны сэтгэл санаа, зовлон жаргалыг зохиол бүтээлдээ аль болох тод тусгахыг эрхэмлэж анхныхаа сонат, эгшиглэнт аялгуу, дөрвөл, гурвалыг туурвижээ. 1789 онд Францын хөрөнгөтний ардчилсан хувьсгалын нүргээнт жилүүд эхлэв. Эл нүргээн Герман орныг нэг адил хамарчээ. Энэ үед философийн салбарын сонсогч байсан Л. Бетховен бусад нөхдийн нэгэн адил ах дүү ёс, тэгш эрх, эрх чөлөөний тухай мөрөөдөж хувьсгалын үзэл санаанд үнэнч байхаа тангараглажээ. Оюутнууд түүний <<Чөлөөт хүн гэдэг>> дууг нууцаар дуулж байлаа. Л.Бетховен ийнхүү хувьсгалын үзэл санаагаар хүүмүүжсэн нь түүний хосгүй авъяас билгийг тэтгэх хур, ивээх нар болж өгсөн билээ.
Бүтээл туурвилын үеүүд
Л. Бетховен нийтдээ 32 эгшиглэнт аялгуу (сонат) бичсэн юм. Дор бүрийдээ хэн нэгэн хүнд зориулагдсан эдгээр бүтээлд суут хөгжмийн зохиолчийн дотоод сэтгэл, зориг эрмэлзэл, зовнил, дуртгал нэвт шингэсэн байдаг. Л.Бетховен есөн симфони бичсэний анхныхыг Вена хотноо тогложээ. Чин сэтгэлийн баяр баясгаланг илтгэсэн эхнийхээ хэсгээс төгсгөл хүртлээ хүний нинжин сэтгэл, хүсэл тэмүүллийг илэрхийлсэн нь энэ симфонийн гол онцлог байв.
Хөгжмийн суут зохиолчийн авъяас билэг ийнхүү ид ундарч алдар хүнд хүлээсэн боловч хэдэн жилийн өмнө эхэлсэн чихний дүлийрэл нь улам даамжирчээ.Гэвч тэр туурвих тэмцэх, аз жаргалыг хүсэх мөрөөдлөө орхисонгүй. <<Би түүнд дурлаж тэр ч намайг хайрлалаа>> гэж багын найздаа бичиж байсан Жулетта Гвиччарди гэдэг бүсгүйтэй тэр тааралдаж 1802 онд түүнд зориулсан алдарт <<Сарны сонат>>-аа бичжээ. Сонатын эхний хэсэгт цөнийн чимээгүй, сэтгэлийн зовнил дүрслэгдэж, хоёрдугаар хэсэгт шаламгай, сэвэлзүүр аальгүй байдал илэрнэ. Бетховены дурлал бүтэлгүй болж, биеийн зовлон дээр сэтгэлийн зовлон нэмэн даржээ.
Энэ үедээ хоёрдугаар симфонио зохиосон бөгөөд түүнд залуу насных нь хайр дурлал хүсэл тэмүүлэл шингэжээ. 1804 онд тэмцэл, ялалтын билэгдэл болсон гуравдугаар симфонио бичив. Хөгжмийн дүлий зохиолч хэдийгээр концертод тоглох, удирдаач хийхээ бараг больсон боловч гайхамшигт симфониуд, дуртгал ая, сонат, дөрвөлүүдээ туурвисаар байлаа. 1812 онд долоо, наймдугаар симфонио хэдэн сарын дотор бичжээ. 1816 оноос 1823 он хүртэл олон янзын өвчин эмгэг тусч бас ахуй амьдралын хувьд ихээхэн гачигдмал байсан боловч тэр тэсвэрлэсээр, туурвисаар байв. Бетховены 9-р симфони бол түүний уран бүтээлийн оргил юм. Энэ бол симфонийн түүхэнд анх удаа дуучид дуулж, түүний хөгжилд шинэчлэл хийсэн алдарт бүтээл байлаа. Бетховен уг алдарт симфонио бичиж байхдаа таг дүлий байсан юм. 1824 оны 5-р сард энэ суут бүтээлээ удирдан тоглуулж дуусаад, эргэж ёслохдоо сонсогчдын алга ташилтын нижигнээнийг огт сонсохгүй гагцхүү нулимс мэлтгэнэсэн нүдээр баяр бахдалдаа дэвэрсэн сонсогч олны дахин сонсохыг шаардсан гар яралзаж байхыг харж, тэдэнд юу бүтээж өгснөө ойлгожээ. 1826 онд Л. Бетховен амьдралынхаа сүүлчийн бүтээл болох чавхдаст хөгжмийн дөрвөлийг дуусгаад байх үедээ салхинд цохиулжээ.
<<Би мянга дахин амьдрахыг хүсэж байна>>, <<өөр бас хэд хэдэн том бүтээлээ ертөнцөд бэлэглэнэ>> гэж бодож явсан хөгжмийн их зохиолч таалал төгсөв. Зовсон тэмцсэн хэн бүхний үлэмж дотно нөхөр, агуу сод хүний нэг Л.Бетховений амьдрал ийнхүү 57 дахь жилдээ тасарчээ. Суут хөгжмийн зохиолчийн бүтээлүүд ялангуяа алдарт <<Сарны сонат>>- ыг В.И.Ленин өндөр үнэлж <<Аппасионат- аас илүү сайхан зүйлийг би мэдэхгүй. Гайхамшигт сайхан, ер бусын аялгуу юм. Хүн ямар их гайхамшигийг бүтээдэг юм бэ?>> гэж бичсэн билээ
www.urlag.mn