-Хоёулаа яриагаа Яргуйгийн дүрийг бүтээх болсон тэр үеийн сэтгэгдлээс тань эхлэх үү?
-Миний анхны дэлгэцийн бүтээл болоод тэр байх л даа. Би киноныхоо талаар яриа өрнүүлэхдээ үргэлж баяртай байдаг. Анх пробонд орооч гэж кино багийнхан надад санал тавьсан юм. Анх удаа болохоор их айсан ч, санасныг бодоход пробонд гайгүй тэнцсэн. Тухайн үед СУИС-ийн олон оюутантай хамт шалгуулаад тэнцсэндээ баяртай явдаг.
-Дэлхийн хамгийн анхны мэргэжил “янхан” гэдэг шүү дээ. Хамгийн анх кинонд тоглохдоо янхны дүр бүтээнэ гэхээр ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-Пробонд орохдоо жүжиглэнгээ, бүжиглэсэн маань Урнаа эгчид их таалагдсан юм шиг билээ. Яргуйгийн дүрд илүү тохирсон болоод намайг сонгож авсан байх. Анх дүрийнхээ тухай сонсоход эвгүй санагдаж байсан. Биеэ үнэлэгчийн дүрд тоглоно гэхээр нэг л эвгүй. Тэгээд яг зохиолоо уншсан чинь миний дүрд биеэ үнэлж байгаа хэсэг ч юм уу, тийм хэсгүүд байгаагүй учраас зөвшөөрсөн.
-Энэ дүрээрээ юу илэрхийлэхийг хүссэн бэ?
-Хүний дотоод гоо сайхныг харуулахыг зорьсон дүр л дээ. Хичнээн гаднаа гоё сайхан харагддаг ч дотроо муу энергитэй бол нэмэргүй. Тиймээс гадна галбир төрхөөс илүү хүний дотоод мөн чанарыг энэ дүрээрээ тод харуулахыг хичээсэн. Хүн бүхэн гаднаа харагдаж байгаа шигээ биш гэдгийг давхар харуулахыг зорьсон. Хүн мөн чанараа алдаагүй байхад хайрлаж, дурлаж зөв зам руу орж чаддаг юм ойлгуулахыг зорьсон дүр.
-Дүрээ бүтээхдээ хаанаас судалгаа хийсэн бэ?
-Киноны хамт олон болон жүжигчин У.Уранчимэг, Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар тусалж дэмжсэн. Би мэргэжлийн жүжигчин биш болохоор бэрхшээлтэй зүйл их гарсан. Судалгааны хувьд бол топ модель Э.Одгэрэл эгч шиг эмэгтэйлэг, ялдам байхыг хичээж дүрээ бүтээсэн. Э.Одгэрэл эгчийг дууриаж тоглохыг найруулагч маань зөвлөсөн юм. Бүжигчний мэргэжил маань ч дүр гаргахад их тус болсон л доо. Өөрийн мэдэлгүй үг хэлэхдээ гараа хөдөлгөж, яагаад ч юм бүжиглэчих гээд л байсан. Үүнийг МУГЖ У.Уранчимэг эгч маань зөвдсөн гэж хэлсэн шүү.
-Бүжигчин М.Бямбаа, Яргуй хоёр хүний хувьд хэр ойр вэ?
– М.Бямбаа гэдэг хүн Яргуйн дүрээс тэс өөр хүн байхгүй юу. Амьдрал дээрээ би эсрэгээрээ. Миний ойр дотны найз нөхөд, гэр бүлийнхэн маань киног үзчихээд чамайг ерөөсөө танихгүй байна гээд байсан.
-Мэргэжлийн биш хэрнээ дүрээ сайн гаргаж, үзэгчдийн таашаалд хамгийн их нийцсэн хүн гэвэл Яргуй гэх байх. Чамд өөрт чинь Яргуйн дүр таалагдсан уу?
-Ер нь бол гэгээлэг дүр. Хичнээн биеэ үнэлж, амьдрал үзсэн ч цаанаа хүнээрээ үлдсэн цагаахан тийм бүсгүй. Дараа нь өөрөө өөрийгөө олоод, ухаараад зөв амьдралдаа ороод төгсдөг болохоор надад бол мэдээж таалагдсан.
– Дахиад кинонд тоглох санаа байгаа юу?
-Тоглоно гэж бодож байгаа. Олон киноны пробонд орсон. Санал ч ирсэн. Гэвч ажлын хуваарь давхцаад тоглож чадахгүй байгаа. Манай ҮДБЭЧ саяхан “Монголын их хатад” бүжгэн жүжиг тавьсан юм. Мөн “Хувьсал” продакшн шинэ кинондоо орчихоод явж байгаа. “Хувьсал” продакшнд гэрээт жүжигчнээр ажиллаж байгаа юм л даа. Хэрэгтэй үед нь очиж тоглодог. Шинэ жилийн үеэр бясалгалын багшийн жижиг дүр бүтээсэн.
– Ялдам Яргуйг залуус хэр эргүүлж байгаа бол…?
-Яргуйн дүрийг бүтээснээс хойш олон хүн утасдаж, санал тавьдаг болчихсон. Өмнө нь бол тэгдэггүй байлаа. Ер нь намайг Яргуйгаар төсөөлдөг юм шиг байна лээ. Нэг их уулзаж учраад яваад байх зав гардаггүй юм.
-Бүжигчин мэргэжилдээ дурлаж ажилладаг гэлээ. Гэхдээ хэцүү мэргэжил байх аа?
-Хичнээн хүнд, хэцүү ч гэсэн би ажлаасаа эрч хүч, аз жаргал, таашаал гээд бүхий л сайхан зүйлийг авдаг. Бүтэн сар, жилээр бэлдэж бэлдчихээд нэг л удаа тайзан дээр бүжиглээд л тоглолт маань дуусдаг. Тэгэхдээ үзэгчдэд таалагдаад, алга ташилт сонсоод маш их эрч хүч, урам зориг авдаг. Хэцүүгийн хувьд хэцүү л дээ. Гэсэн ч би мэргэжилдээ дэндүү хайртай.
-Бүжиглээд хэдэн жил болж байна. Хэдэн настайгаас эхэлж бүжиглэсэн бэ?
– ҮДБЭЧ-д ороод одоо арав дахь жилдээ ажиллаж байна. ХБК-ийг 2004 онд төгссөн. Мөн 2007 онд МУИС-ийг урлаг судлаачийн ангийг төгссөн. Бүжигчин мэргэжил залуу насных. Тиймээс сонирхлоо дагаад урлаг судлаачийн мэргэжлээр суралцаж төгссөн. Би хар багаасаа л бүжигчин болно гэж мөрөөдөж байсан тэр мөрөөдөлөөрөө л бүжигчин болсон. Бараг нэгдүгээр ангиасаа эхэлж бүжиглэсэн болохоор хориод жил болжээ.
– Бүжигчин байхын гоё, сайхан нь юу вэ?
– Миний мэргэжил хичнээн залуу насны ч гэлээ хамгийн сайхан мэргэжил гэж би хэлнэ. Орчин үеийн хүмүүс хөдөлгөөний дутагдалд орох нь ихэссэн. Харин миний мэргэжил хөдөлгөөний илүүдэлд хүргэдэг гэж болно. Мэргэжил минь биднийг үргэлж залуу, эрч хүчтэй байлгадаг. Хөгширсөн ч гэсэн эрч хүчтэй хэвээр байдаг. Ахмад үеийн мундаг бүжигчид маань хичнээн нас нь ахьсан ч гэсэн одоо хүртэл бүжиглээд л эрч хүчтэй харагддаг. Бүжигчин хүмүүс илүүдэл жинтэй байдаггүй. Мөн дээрээс нь биеэ их сайхан авч явдаг. Мэргэжилийн онцлог сайхан онцлог юм даа.
– Бүжигчнээрээ тэтгэвэртээ гартал ажиллах уу?
– Бүжигчин хүн улсад 20 жил ажиллаад тэтгэвэртээ гардаг. Би одоо ажиллаад арван жил болчихсон. Одоо тэгэхээр арван жил үлдсэн байна. Мэдээж, тэтгэвэртээ гартал ажиллана гэж боддог. Гэхдээ хүүхэдтэй төрүүлээд, галбир форм алдагдах юм бол гэртээ суухаас өөр аргагүй байдалд ороод л гарсан тохиолдол байдаг. Хэрвээ хувь хүн өөрөө формоо алдахгүй, бие галбираа сайхан авч явах юм бол хүүхэд гаргасан ч ажиллаад байж болно л доо. Би тэтгэвэрт гарлаа ч урлаг судлалын чиглэлээрээ эрчимтэй явна гэж бодож байгаа. Одоо чуулгадаа тавигдаж буй шинэ уран бүтээлүүдийг нь алдалгүй ажиж судлан, давхар тэмдэглэгээ хийдэг. Тэмдэглэл минь их арвижиж байгаа. Ажлынхаа хажуугаар хүмүүсийг ажиглаж судалгаа хийгээд явж байгаа.
– Урлаг судлаач их гоё мэргэжил. Манайдаа бол их ховордсон мэргэжил тийм үү?
– Тийм ээ. Урлаг судлаач их ховор байдаг юм билээ. Тэтгэвэртээ гарсны дараа урлаг судлаач мэргэжлээрээ түлхүү ажиллана гэж төлөвлөж байгаа.
– Та зөвхөн ардын бүжиг бүжиглэдэг үү?
– Хүмүүс тэгж ойлгодог байх. Зөвхөн ардын бүжигчин гэхээр ардын бүжгээ л бүжиглэдэг гэж. Харин би бүжгийн бүх төрлөөр сонирхон хичээллэдэг. Хип хоп, жазз, орчин үеийн шинэ урсгалын бүжгүүдийг судалж, сурахыг хичээж, боломж гарвал сургалтанд явдаг. Бидэнд үлгэр дууриалал болсон МУГЖ Одонтуяа, Хулан, Ууганбаяр, Батчимэг гээд мундаг эгч нар бий. Тэднээрээ нараараа бахархаж, шүтдэг.
– Таны гэр бүлд урлагийн хүмүүс бий юу?
– Эмээ, өвөө нар маань цам харайдаг хүмүүс байсан юм билээ. Гэхдээ аав, ээж маань өөр мэргэжилтэй. Эгч маань ХБК-ийг хийлийн ангиар бас төгссөн, хуучир хөгжим тоглодог. Бид хоёр л гэрээсээ урлагийн хүмүүс.
– Гэр бүлийхээ хүнийг танилцуулахгүй юу?
– Найман настай Энгүүн гэдэг охинтой. Одоохондоо ганц бие ээж. Охиныхоо ааваас салаад удаж байна. Урлагийн хүнийг ойлгох хүмүүс ховор шүү дээ. Манай ажил цаг наргүй байнгын л бэлтгэл сургалттай. Заримдаа өглөө эрт, бүр орой дуудах тохиолдол гарна. Тэгээд 23 цагаас хойш гэртээ харих үе олон. Баяр наадам, шинэ жил гээд баяр ёслолын үеэр гэрийнхэндээ үзэгдэж харагдахгүй шахам. Шинийн нэгний өглөө ч гэсэн энд тэнд очоод бүжиглэдэг болохоор урлагийн хүнийг ойлгох хүн ховор. Тэгээд одоо охинтойгоо хамт амьдарч байна даа.
– Охиноо бүжигчин болгох уу?
– Охинд минь авьяас бий. Сургуулийнхаа дуу, бүжгийн аварга болоод алтан медаль авсан. Гэхдээ би охиноо урлагийн хүн болгохыг хүсдэггүй. Эмэгтэй хүн юм чинь өөрт нь амар ажил хийлгэхийг хүсдэг. Урлаг хэцүү шүү дээ.
– Охиндоо хэр цаг зав гаргаж чаддаг уу. Хэр сайн ээж вэ?
– Ер нь бол хэцүү дээ. Гэхдээ зав гарах юм бол охиндоо зарцуулдаг. Охин хүүхэд юм болохоор илүү анхаарал тавихгүй бол болохгүй. Эмэгтэй хүн ажил ихтэй гэр бүлээ орхиж болохгүй. Би олон охин дүүтэй болохоор гэр бүлдээ цаг зав их гаргах шаардлагатай болдог. Миний охин гуравдугаар сарын 20-нд төрж байсан. Тийм болохоор миний машины дугаараас эхлээд бүх зүйл маань 0320-ын тоотой холбоотой.
– Бүжиг дэглээч, СУИС-ийн багш Т.Төгсөөтэй гэр бүл болж байсан гэж дуулсан. Таны охиныхон аав биш юмуу?
– Биш биш. Нэг хэсэг хамт амьдарч байсан. Одоо бол харилцаа холбоо байхгүй. Надад багшилж, зааж сургадаг хүн. Миний хүндэлж явдаг хүмүүсийн минь нэг. Бүжгийн бүхий л зүйлийг зааж сургасан хүн.
– Ямар эр хүнийг хүнийг “сайхан эр хүн” гэх вэ?
– Надад бол шалчигнасан эрчүүд таалагддаггүй. Харахад дөлгөөхөн, сайхан намбатай, дулаахан харцтай эрчүүд сайхан эр хүн юм болов уу гэж харагддаг. Зарим нэг бөхчүүд нүдэнд дулаахан, дөлгөөхөн харцтай байдаг. Тийм л хүмүүс монгол эр хүн юм болов уу гэж бодож хардаг шүү дээ.
– Бөх гэсэнээс бөх сонирхдог уу. Өөрөө ямар спорт сонирхдог бэ?
– Бөх сонирхдоггүй монгол хүн гэж байдаггүй байх. Би өөрөө бол сагс, усан спортоор хичээллэдэг. Ер нь бүх спортоор хичээллэж, сонирхдог.
– Та хамгийн анх “Пинки” хамтлагт дуулж, бүжиглэдэг байсан. Рок попоор дуулж, бүжиглэх, ардын бүжгээр бүжиглэх хоёрын ялгаа юу байна?
– Бүр ХБК-д байхдаа “Амор” бүжгийн хамтлагт байсан. Түүнийхээ дараа “Пинки” хамтлагийг байгуулсан. ТВ5-ийн хөтлөгч Ганбаяр ах бид нарыг “Та нар дуулбал яасан юм бэ?” гэж санал тавьснаар гурван хүний бүрэлдэхүүнтэй “Пинки” хамтлаг байгуулагдсан. Тэгэхэд ХБК-оо дөнгөж төгсчихөөд ,чуулгадаа ороогүй байлаа. Тухайн үедээ хэд хэдэн дуутай, клип гаргаж үзсэн. Гэвч бүжигчин болох багын хүсэл минь хамтлагаасаа гарахад хүргэсэн. Бүжиглэхээс гадна клип, дуулна гээд явахад надад хэцүү болж ирсэн. Би мөрөөдлөөсөө холдчих гээд байсан юм. Үүнийгээ хамтлагийнхандаа хэлээд гарсан. Мэдээж, үндэсний урлаг маань хамгийн гоё. Ийм том чуулгад орно гэдэг бол тэр бүр хүмүүсийн хүсээд хүрээд байдаг зүйл биш шүү дээ.
– Таныг гарсны дараа хамтлаг нь яасан бэ?
– Би хамтлагаасаа гараад л бүгд тарсан. Хоорондоо ярилцаж байгаад хамтлагаа тараахаар шийдсэн юм. Бид тус тусынхаа мөрийг хөөж, гэр бүлтэй болох нь болоод, хүүхэд гаргах нь гаргаад л явсан.
– Аз жаргалыг хаанаас, хэнээс илүү мэдэрдэг бэ?
– Миний хамгийн их аз жаргал мэдэрдэг зүйл бол ажил минь. Тийм болохоор хоногийн 24 цагийн бараг 15-16-т нь ажил дээрээ өнгөрүүлдэг. Хувийн амьдралд ямар нэг асуудал гарах юм бол ажил дээрээ ирээд л мартчихдаг. Чуулгынхаа хамт олонтойгоо нийлээд бүх зүйлээ мартаад, аз жаргалтай болчихдог.
– Хамгийн сүүлд хэзээ болзсон бэ?
– Таньдаг найз нөхдөөрөө кино үзээд, уулзаж явдаг л даа. Түүнээс биш болзоонд уригдалгүй уджээ. Хамгийн сүүлд хэзээ гэдгээ мартчихсан байна.
– Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ. Ямар ямар дүрийг бүтээж байсан бэ?
– Сая “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжигт “Цуутын цагаагч гүү”-ны дүрд тоглосон. Өөрөө ээж болохоор ээжийн дүр бүтээх амар, гоё байсан л даа. Гэхдээ үрдээ үхлээ харуулна гэхээр хэцүү юм билээ. Би ээжийгээ алдчихсан болохоор тэр хэсэг хэцүү байсан. Жүжгийн дууг сонсонгуутаа л өөрийн мэдэлгүй тайзны хажууд уйлаад суучихаж байсан. Мөн “Нарны домог”-т Алунгоо эхийн дүрд тоглосон. Мөн Сорхугтани хатны дүрийг бүтээсэн. Ихэнхдээ эхийн дүрийг их бүтээсэн байдаг юм. Гадаад төрх маань зөөлөн болохоор эхийн дүрд илүү тохирно гээд өгдөг юм. Ирэх жил манай чуулгад мюзикл тавигдана. Мөн “Монголын Их хаадын туульс” гээд шинэ шинэ уран бүтээлүүд тавигдах гэж байгаа.
– Зун юу хийж амрах вэ?
– Саяхан ээлжийн амралтаа өнгөрүүлсэн болохоор одоо ажиллана. 6-10 дугаар сар хүртэл өдөр бүр 18 цагаас тоглолттой байдаг. “Монгол урлагийн гайхамшиг” бүжгэн жүжгийн бэлтгэл сургалтаа хийнэ . Одоо бол жуулчдад зориулсан тоглолтод бэлдэж байна.