Монголын балетын урлаг Азидаа төдийгүй дэлхийд үнэлэгдэж яваа. Үүний тод жишээ нь Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, Б.Ганчимэг, Ц.Цолмонбуд, Х.Гэрэлчимэг, н.Баасансүрэн, Х.Мөнгөнхөлөг нарыг олон авьяаслаг бүжигчдийг дурдаж болно. Монголын балетын урлагийн түүчээг залгуулан залуу хойч үеийг бэлтгэж буй нэгэн сургуулийн үйл ажиллагаатай уншигч та бүхнийг танилцуулья.
“UB Ballet School” хэмээх балетын сургууль нь анх 2007 онд УДБЭТ-ийн дэргэд МУГЖ Х.Гэрэлчимэгийн үүсгэл санаачилгаар байгуулагдаж байсан бол өдгөө биеэ даасан сургалтын төв болж үйл ажиллагаа нь өргөжин анхныхаа төгсөлтийг хийх гэж байна.
Нэгдүгээр сургуулийн урд байрлах Модун цахмагын 3 давхарт байрлах “UB Ballet School” хэмээх балетын сургуулийн хаалгаар ороход шил толь болсон, том өрөө тасалгаа бүхий урлагийн нэгэн сайханд орчинд өсвөр насны 3 охин дасгал сургуулилтаа хийж байгаатай таарсан юм.
Байгуулагдаад 8 жилийн нүүр үзэж байгаа тус сургуулийг 1981-1995 онд УДБЭТ-ын гоцлол бүжигчин, 1995-2014 онд УДБЭТ-ын дасгалжуулагч багш, туслах найруулагч, ерөнхий балетмейстер хийж байсан МУГЖ Х.Гэрэлчимэг үүсгэн байгуулжээ.
Өдгөө тус сургалтын төвд МУГЖ Х.Гэрэлчимэг, Ч.Ганчимэг, Х.Баярманлай, МУСТА Ш.Оюунтуяа, А.Ганбат нар мэргэжлийн болон сонирхогч, насанд хүрэгчдийн ангид багшилж байна.
“UB Ballet School” хэмээх балетын сургуулийг үүсгэн байгуулагч, МУГЖ Х.Гэрэлчимэгтэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр ОХУ-ын Санкт-Петербург хотын Вагановын нэрэмжит Оросын балетын академийг төгссөн.
1981-1995 онд УДБЭТ-ын гоцлол бүжигчин
1995-2014 онд УДБЭТ-ын дасгалжуулагч багш, туслах найруулагч, ерөнхий балетмейстер
2007 оноос UB Ballet School-ыг үүсгэн байгуулж, мэргэжлийн балетын ангийг удирдан явуулж байна.
-Өдрийн мэнд. Балетын сургуулийнхаа талаар товч танилцуулна уу?
-“UB Ballеt school” сургууль нь мэргэжлийн балетын бүжигчид бэлдэх сургууль юм.
Монголын балетын урлаг Азидаа дээгүүрт ордог. Монголд мэргэжлийн балетчин бэлтгэдэг ганцхан Хөгжим бүжгийн коллеж байна. Үүний хажуугаар мэргэжлийн ур чадвартай багш нарынхаа сурсан мэдсэн мэдлэг, туршлагыг ашиглан сурах хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүдийг заавал гадаадад сургах бус дотооддоо боловсон хүчин бэлтгэх зорилгоор 2007 онд УДБЭТ-ийн дэргэдэх балетийн институт гэж байгуулагдаж байсан. Өдгөө сургууль маань биеэ даасан сургууль болж сургалтын үйл ажиллагаагаа улам өргөтгөн саяхнаас шинэ байрандаа үйл ажиллагаагаа явуулж байна. Манайд урьд нь 5-6 хүүхэд хамрагддаг байсан бол энэ жилээс тоогоо нэмж хэд хэдэн чиглэлээр элсэлт авсан. Бидний хэтийн зорилго мөрөөдөл маш их байна.
Зөвхөн мэргэжлийн балетын бүжигчид бэлдээд зогсохгүй театр байгуулах зорилттой байна. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд өөрийн гэсэн боловсон хүчнээ бэлдэх шаардлагатай. Бодсон төлөвлөснөө хэрэгжүүлэхийн тулд хичээвэл биеллээ олох байх.
-Суралцах орчин нөхцөл, багшлах боловсон хүчний тухайд?
-Мэргэжлийн балетын бүжигчид бэлтгэж байгаа нөхцөлд нэн тэргүүнд бүжгийн заал танхим стандартын дагуу байх ёстой. Энэ шаардлагыг биелүүлж саяхан шинэ байран үйл ажиллагааг явуулж суралцах орчин нөхцлийг бүрэн хангалаа. Бээжингээс зориулалтын хулдаас, тулгуур модыг авч ирж суурилуулан стандарт заал танхим ямар байх ёстой тэр шаардлагыг хангасан.
Энэ сургуулийг үүсгэн байгуулагчийн хувьд өөрөө мэргэжлийн ангид багшилж байна. Надаас гадна УДБЭТ-ийн гоцлол бүжигчин, МУГЖ Ц.Ганчимэг 2007 оноос хойш багшилж ирсэн. Мөн МУГЖ Х.Баярманлай, СТА Ш.Оюунтуяа, А.Ганбат нарын мэргэжлийн балетчид хичээл зааж байна.
-Сургалтын төвд хичнээн ангид хичнээн хүүхэд хичээллэж байна вэ?
-Мэргэжлийн ангид 7, 8 хүүхэд суралцаж байна. Тэд маань энэ жил төгсөнө. Саяхан шинэ байрандаа ороод 2 мэргэжлийн анги шинээр нээсэн. Ц.Ганчимэг багш бид 2-ын санаа нэгдсэн нэг зүйл нь анги дүүргэлтийг 10-аас хэтрүүлэхгүй байх. Яагаад гэвэл хүүхэд бүртэй тулж ажилладаг учраас маш их хөдөлмөр, цаг хугацаа, энерги зарцуулдаг. Нэг үгээр хэлбэл бид нарын гарт баримлын шавар байна. Түүнийг яаж маш сайхан бүтээл болгох вэ гэдэг нь багш, суралцагчийн аль алины хөдөлмөр зүтгэлээс хамаарах учраас мэргэжлийн анги дүүргэлтийг хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Нэг ангид 5-6, нөгөө ангид 8 хүүхэд байх жишээтэй. Сонирхогчийн ангид 15-20 хүүхэд авч хичээллүүлэх боломжтой. Элсэлт, бүртгэл явагдаж байгаа.
-Мэргэжлийн ангид мэдээж багаасаа балетчин болохоор шийдсэн, зорилгоо болгосон хүүхдүүд имрэх байх. Харин сонирхогчийн болон насанд хүрэгчдид танайхыг зорих гол шалтгаан юу вэ?
-Бага, өсвөр насны болон насанд хүрэгчид сонирхож ирж байна. Хамгийн гол шалтгаан нь хөдөлгөөний хомсдол. Хөдөлгөөний хомсдолд орж байгаа хүмүүсийн нас залуужиж байгааг сая сургуулиа өргөжүүлээд үйл ажиллагаагаа явуулж эхлэхдээ анзаарлаа. Эцэг эхчүүд ярьж байна. Өглөө босоод хүүхэд сургуульдаа машинаар хүргүүлнэ, сургуульдаа очоод 5-6 цаг суугаад буцаж машинаар гэртээ ирнэ. Идэж уух зүйлийг нь бэлдэж тавиад компьютерын урд хүүхдээ орхино. Ийм байхад тэр хүүхэд яаж хөдлөх билээ.
Үүнээс улбаалаад бага насны хүүхдүүдийн биеийн хөгжил буруу явагдаж байна, хөдөлгөөний дутагдалд орж байна.
Гэвч хамгийн сайшаалтай тал нь эцэг эхчүүд болон хүүхдүүд өөрийн бие галбир, хөдөлгөөнд маш их анхаарч манайхыг зорьж ирж сонирхож хичээллэж байгаагийн шалтгаан нь энэ. Мэдээж мөрөөдөл зорилго болоод мэргэжлийн түвшинд хичээллэж байгаа хүүхдүүд байна.
-Балетын урлаг зөвхөн урлаг гэдгээс гадна ёс зүй, биеэ авч явах байдал зэрэг сургалт хүмүүжлийн олон давуу талыг өгдөг юм шиг надад санагддаг. Энэ талаар?
-Тэгэлгүй яахав. Балетын урлаг өөрөө тэр чигтээ гоо зүй шүү дээ. Зөв биеэ авч явах, эмх цэгцтэй байх, уян хатан байдал, урлагийн мэдрэмжтэй болох гээд бүх зүйл хосолсон байдаг учраас эцэг эхчүүд хүүхдүүддээ хөрөнгө оруулалт хийж багаас нь суурийг нь өгч байна. Хамгийн чухал нь хүн хөгжмийг маш их мэдэрч, ойлгож чаддаг болдог. Хөгжмийг ойлгож, биеэрээ мэдэрч, уярч байна гэдэг өөрөө урлагаар хүмүүжих гол суурь болдог.
Өнөөдөр дуурийн театрт ирж байгаа үзэгчид тэр гоё дэлхийн сонгодогуудыг сонсоод, тавилтуудыг хараад, мундаг бүжигчдийг үзээд урлагийн гоо зүйг бүрнээр нь мэдэрч чаддаг. Манайд бага насны хүүхдүүд хичээллэдэг. Ялангуяа хүүхдүүд их хөөрхөн. Эхний хичээлүүд дээр хөгжим ойлгохгүй тэс дундуур явж байгаад нэг 2 сарын дараа хэмнэлийг ойлгож эхэлдэг. Хүнийг багаас нь урлагтай ойртуулж байгаа нь хүмүүжлийн асар том хичээл болдог.
Хүн бүр заавал мундаг мэргэжлийн бүжигчин болох албагүй, Яагаад гэвэл энэ маш нарийн мэргэжил. Хүн заяагддаг. Энэ мэргэжлийг хүн бүр эзэмшиж чадахгүй. Гэхдээ хөгжим бүжиг зэрэг урлагийн гоо зүй, уян хатан, тэсвэр тэвчээр зэрэг спортын чанаруудыг багаасаа зах зухаас нь мэдрэх нь хамгийн чухал давуу тал юм.
-Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Ийнхүү Монголын балетын урлагийн ирээдүй хойч болон нийслэлчүүдийн эрүүл мэндэд маш том хөрөнгө оруулалт хийж буй “UB Ballet School”-д сургуулийн өмнөх нас /4-6 нас/, сургуулийн нас 1 /7-12 нас/, сургуулийн нас 2 /13-16 нас/ болон Бямба, Ням гарагийн болон насанд хүрэгчдийн сургалтанд хамрагдан суралцах боломжтой юм.
“Сард 4 удаа хичээллэхэд ямар үр дүн гарах вэ?” гэсэн эцэг эхчүүдийн асуултанд хариулт болгож “UB Ballet School” дараах тайлбарыг өгч байна.
1. Зөв зогсолт. Эгц зөв зогсох /суулт, явдал мөн адил хамаарна/ зогсох нь нурууны тэгш байдал, бие махбодын өв тэгш хөгжлийн үндэс суурь юм. Хичээл хийхдээ аль нэг тийш хазайж суудаг бол багана нуруу тухайн тал руу хазайн тогтдог бөгөөд булчин ч үүнтэй зэрэгцээд харилцан адилгүй байна. Энэ байдал цааш даамжирсаар байвал багана нуруу хоорондын диск аль талдаа нимгэрэх, иврэх хортой үр дагавартай.
2. Хөдөлгөөний эмх цэг, анхаарал төвлөрөлт. Багшийн зааварчилгааны дагуу бүжгийн элементийг хөгжмийн аянд тохируулан хийх үйл явц хүүхдийн анхаарал төвлөрөлтийг сайжруулна. Эмх цэгцтэй, уян налархай хөдөлгөөн урт хугацааны явцад төлөвшин тогтох боловч хөдөлгөөний мэдрэмж бага насанд томчуудтай харьцуулахад хурдан сайжирдаг.
3. Хөдөлгөөний дутагдал арилах. Орчин үеийн амьдралын хэв маяг хөдөлгөөний хомсдлын сөрөг үр дагавар бүх насныханд илэрч байна. Хүүхдүүдийн дундах хөдөлгөөний хомсдлын талаарх дэлгэрэнгуй судалгаа хийгдээгүй боловч энэ чиглэлээр ажилладаг бидний хувьд илрэхий байна. Хичээлийн бус үед олон цагаар телевиз үзэх, компьютерийн ард удаан суух, гар утас, I-Pad-аар тоглох зэрэг нь хөдөлгөөний дутагдлын үндсэн шалтгаан болохын сацуу хөдөлгөөн хийгдэж байх ёстой үе, булчин, шөрмөсийг хөшингө байдалд оруулан, хэвлийн эрхтний үйл ажиллагааг удаашруулдаг.
4. Хөгжмийн сонсгол, мэдрэмж. Сонгодог бүжгийн хөдөлгөөнийг хөгжмийн аянд тохируулан хийх нь зөвхөн сонсгол сайжруулах төдийгүй ой тогтоолтод давхар эерэгээр нөлөөлнө.
Дашрамд дурдахад балетийн сургуулийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/UBBalletSchool фэйсбүүк хуудаснаас авах боломжтой юм.
Эх сурвалж: Ugluu.mn