“Чи энэ хорвоод ээж болох гэж төрсөн юм шүү. Алуурчин биш” аавынх нь хэлсэн энэ л хатуухан хирнээ үнэн үгс үр хөндүүлэх гэж байсан охинд нь ихийг ухааруулав. Энэ бол УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэгийн дэлгэцийн анхны бүтээл юм. Анхны бүтээл хэмээн онцолсны учир нь бид түүнтэй тайз, дэлгэцээр олон сайхан дүрээр нь уулздаг байсан бол энэ удаад тэрээр дэлгэцийн бүтээлийн арын албанд ноён нурууг нь түшин ажиллажээ.
Анхны юм бүхэн сайхан, бас хариуцлага өндөртэй байдаг. Тиймээс үзэгчид түүнээс ихийг хүлээж байсан юм. Өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийсэн “Аав” киноны үг, үйлдэл бүр охид, бүсгүйчүүд, залуусын зүрхэнд нь шивэгдэн үлдэх биз ээ. Эцэг, эхийн хариуцлага, үр хүүхдээ хайрлах хайрын тухай өгүүлэх “Аав” бүтээл цаг үеэ олон мэндэлжээ хэмээн үзэгчид нээлтийн үеэр ам сайтай байлаа.
Мөн 1990-ээд оны үе явдлыг харуулсан энэхүү киноны зураг авалт тун ч сайн байсныг онцлох хэрэгтэй болов уу. Түүнчлэн киноны үйл явдлын өрнөл, зангилаа бүхэн үзэгчдийг байлдан дагуулж тэдэнд ухаарал, уярал хайрлан эцэг хүнийг бахархах хайрлах сэтгэлийг төрүүлж байлаа.
УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэгийн найруулсан анхны дэлгэцийн бүтээлийн гол дүрд жүжигчин Ц.Цэрэнболд, Б.Шинэбаяр, Б.Мөнхдэлгэр, Ардын жүжигчин С.Сарантуяа, Гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий, Соёлын тэргүүний ажилтан М.Эрдэнэ-Очир нар тогложээ.
Ингээд “Аав” киноны найруулагч, жүжигчин Г.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.
-Анхны найруулсан уран бүтээлээ өлгийдөн авч буйд тань баяр хүргэе. Яагаад заавал “Аав” хэмээх сэдвийг хөндөж дуугарав?
-Манай “Аав” уран сайхны кино цаг үеэ олж чадсан бүтээл болсон гэж ам дүүрэн хэлмээр байна. Сүүлийн үед гадуур сэтгэл сэртхийлгэм мэдээ дуулдах болсон. Гэхдээ уран бүтээлч бид үүний эсрэг байр суурьтайгаар, хэлье гэсэн санаагаа уран бүтээлээрээ дамжуулж, энэ нийгэмд байгаа муу муухай бүхний эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байгаа. Уран бүтээлч хүн шинэ уран бүтээлийн төрүүлэн гаргана гэдэг бол хүнд хэцүү даваа байдаг. Ард нь маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн байдаг. Үзэгчдээр шинэ уран бүтээлээ цэгнүүлэх гэж байгаадаа сэтгэл маш өндөр байна.
-Хамтран ажилласан уран бүтээлчдийн тухайд?
-“Black Zebra” студийнхэнтэй бид олон уран бүтээл дээр хамтран ажилласан. Хамгийн сүүлд “Үргээлэг” кинонд хамтран ажиллаад бие биенийгээ илүүтэй ойлголцсон. “Аав” кинон дээр ч бид гар нийлж, сайхан баг болж ажиллаж чадсан. Жүжигчин Ц.Цэрэнболдын хувьд зохиолч маань ерөнхийдөө түүнийг харж бичсэн учраас зохиолчтойгоо санал нийлсэн. Цэрэнболд манай кинод илүүтэй тохиросон аав болж чадсан болов уу гэж бодож байгаа.
-Таныг үзэгчид тайз, дэлгэцийн олон дүрээр тань мэднэ. Харин найруулагчийн ажлаа нэлээд хожуу эхлүүллээ шүү дээ?
-Би 1999 онд СУИС-ийг жүжигчин, найруулагчийн мэргэжлээр төгссөн. Гэхдээ найруулагчийн ажлаасаа зүрхшээгээд хойш тавьсаар явсан ч ер нь нэг найруулж үзэхсэн гэсэн бодол дотроос хатгаад байдаг байсан. Харин ийнхүү “Аав” кино дээр тэр хүсэл минь биелэлээ оллоо. Сэтгэл өндөр байна.
“Аав” кинонд найруулагч Эбитэй гар нийлэн найруулагчаар ажиллан гол дүрийг бүтээсэн Ц.Цэрэнболд киноны нээлтийн үеэр “Эби бид хоёрын гар нийлэн ажилласан “Аав” кино нээлтээ хийж буйд сэтгэл өндөр байна. “Аав” кино маань эцэг, эх хүн ямар байх вэ гэхээсээ илүүтэй тэдний хайр, үр хүүхдийн хайр, эмэгтэй хүн болохын мөн чанар гээд амьдралыг олон өнцгөөс дандаа сайн сайхнаар үзүүлсэн байгаа. Хүмүүс энэхүү бүтээлийг минь үзээд бие биедээ хайраа түгээх эерэг мэссэж болсон бүтээл гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьсан юм.
Киноны нээлтийн дараа Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайхантай ярилцлаа.
-“Аав” уран сайхны кино нээлтээ хийн үзэгчдийн хүртээл боллоо. Киноны дараах сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Би мэргэжлийн талаасаа яримаар байна. Энэхүү кинонд найруулагчийн уран чадвар болон жүжигчний ур чадвар, зураг авалт, зураачийн ажил, зураглаачийн ажил сайн байна. Гол дүрд тоглож байгаа охин анх удаа кинонд тоглож байгаа гэхэд маш сайн байна. Энэ бүхэн бол найруулагчийн уран чадвар юм. Тэрээр бүхнийг л базаж шийддэг шүү дээ. Манай ангиас Эби, Боогий, Ялалт гурав найруулагчийн ангиар төгссөн юм. Үнэхээр Эби маань ирээдүйтэй, мундаг найруулагч гэдгээ харууллаа. Би олон найруулагчтай хамтран ажиллаж үзсэн. Найруулагч бол тухайн бүтээлийн гол ноён нурууг хоёр тал руу нь хазайлгахгүй донжийг нь олж барьж явдаг. Жүжигчдийн баг, дуу, шуум сайн байна. 1990 оны үйл явдлыг харуулж байгаа гэхэд хэтрүүлээгүй донжийг нь олж, хийсэн байна. Би Эбитэй амьдрал дээр илүү дотно найз ч анхны киногоо яаж хийх бол хэмээн шүүмжлэгч талдаа орж ирсэн. Эхнэрийнхээ хажууд арай л уйлсангүй. Сая би кино дундуур гүйж гарч сальфетка авчирч эхнэртээ өгч үзлээ. Сайхан уран бүтээл болсон байна. Ирж үзээрэй. Одоо үед гарч байгаа бүтээл дунд цахиур хагалсан сайхан кино болжээ.
-Киноны сэдэв цаг үеэ олсон байлаа шүү дээ?
-Тийм шүү. Сэдэв нь маш гоё байна. Кинонууд эсвэл их хошин шог, хөнгөн инээд, эсвэл алаан хядаан харуулаад байсан бол энэхүү кино нь хүнд их ухаарал өгсөн, залууст ихийг бодогдуулсан, өнөөгийн нийгэмд маш ихээр ярьж буй гэр бүлийн хүчирхийллийн эсрэг маш том сэдвийг хөндөж чадсан. Энэ киног хийсэн бүх уран бүтээлчдэд монголын киноны мянга мянган үзэгчдийн өмнөөс өөрийнхөө өмнөөс халуун баяр хүргэе.
-Найруулагч Г.Эрдэнэбилэгтэй хамтран уран бүтээл хийх талаар ярьж байсан байх. Энэ хэзээ биелэлээ олох бол?
-Ярилгүй яах вэ. Би түүний найруулсан кинонд нэг шил вискигээр тоглож өгнө хэмээн амласан. Тэгэхээр бид хамтран уран бүтээл хийнэ. Би түүнд өртэй тийм л найзууд даа.
Г.Даша Эх сурвалж: Eagle.mn