Хайр хязгааргүй хүчтэй, бас төгсгөлгүй. Төрөхөөс үхэх хүртэл, бүр түүнээс ч цааш үргэлжилж болох сэтгэлийн хамгийн нарийн утсыг хөндсөн хайрын тухай сэдэв, түүхүүд ч төгсгөлгүй. Тийм л учраас Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 52 дахь жилийн үзвэрийн улиралдаа "Төгсгөлгүй" танго балетийг багтааж, мөнхийн хайрын түүхийг энэ сарын 29-ны өдөр тайзнаа дахин амилуулах гэж байна.
"Төгсгөлгүй" танго балетийн хөгжимд саксофон, гитар, найраг баян хуурын аялгуу чухал байр суурь эзэлдэг. Та бүхэн симфони найрал хөгжимтэй эдгээр зэмсэг хэрхэн нийцдэгийг шинэ тоглолтоос үзэж сонирхох боломжтой. Энэхүү балетийн хөгжмийг , хөгжмийн залуу зохиолч Х.Алтангэрэл бичиж, цэнгээнт бүжгийн улсын уралдааны тэргүүн шагналт, УДБЭТ-ын гоцлооч Э.Эрдэнэжаргал дэглэн найруулж байна. Ерөнхий зураачаар Г.Ганбаатар, хувцасны зураачаар Г.Оюун ажиллаж, тус театрын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва тэдэнд зөвлөж буй. Симфони найрал хөгжмийг Ц.Мөнхболд удирдаж, гол дүрүүдэд О.Анужин, А.Эрдэнэболд, А.Билгүдэ нар тоглох юм. Энэ зууны Монгол Улсын нийслэл хотын амьдрал, мөн төсөөлөлдөө бий болгосон "урлагийн гудамж"-ны тухай энэ бүтээлд өгүүлнэ.
Дурлалт хосууд бие биедээ тэмүүлж байгаа тэр сэтгэлийг соронзтой л зүйрлэмээр. Энэ танго балетийн гол дүрийн баатар Галт ядуу тарчиг амьдралтай хэдий ч баян сэхээтний охин Сүндэрт дурладаг. Сүндэр ч дурлалдаа мөнгөөр хориг тавихыг хүссэнгүй. Галтад дурласан цэцгийн худалдагч бүсгүйгээс эхлээд Сүндэрийг хайрлаж явдаг Төмөр гээд энэ дурлалыг эсэргүүцэх хүн олон байсан ч тэд эцэстээ хамтдаа байж чаддаг. Харин бодит амьдрал диваажин хоёрын алинд нь тэд хамтдаа байгааг үзэгч өөрөө тунгаах эрхтэй юм. 'Төгсгөлгуй" танго балетын цомнолыг тус театрын захирал Ч.Мөнхзул бичжээ.
Энэ балетийн үйл явдлын ихэнх нь "урлагийн гудамж"-инд өрнөх юм. Өндөр хөгжилтэй болон Европын соёлыг хөрсөндөө буулгасан ихэнх улсад урлагийн тодотголтой гудамж байдаг аж. Тэр гудамжинд зарим нь зураг зурж, нэг нь дуулж, нөгөө нь бүжиглэн уран бутээл ид өрнөж байдаг. Тиймээс 'Төгсгөлгүй" танго балетийг бүтээхдээ Улаанбаатар хотын урлагийн гудамжийг бий болгож, циркийн жүжигчин, зураач, оёдолчин бүсгүйг хамтад нь багтаахаар болжээ. Энэ жил УДБЭТ-ынхан үндэсний сонгодог уран бүтээлийг үзэгчдэд хүргэх зорилготой ажиллаж байгаа учраас тэр зарчимд нь нийцсэн том бүтээлийн нэг нь "Төгсгөлгүй" болох юм. Өлмий дээрээ зогсож, өөдөө тэмүүлдэг балетын жүжигчид хэрхэн халуун цустай, аргентин бүжигтэй ижилсэж, Монгол тангог амилуулахыг эндээс л үзэх боломжтой.
"ТӨГСГӨЛГҮЙ" танго балетын тухай нэвтрүүлгийг хүргэж байна
www.Urlag.mn