Нийслэлийн Улаанбаатар чуулга XX зууны дэлхийн суут бүтээл “Ариун хаврын тахилга” бүжгэн жүжгийг үндэсний хөгжимд хөрвүүлсэнээр 4-р сарын 24,25-нд 19:00 цагт өөрийн тайзнаа тоглох гэж байна. Симфони найрал хөгжимд зориулсан уг бүтээлийг ихэвчлэн 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тоглодог ч, энэ удаад Улаанбаатар чуулгын “Хангарьд” үндэсний найрал хөгжим тоглох юм.
Хамгийн гол нь уг бүтээлийг дан үндэсний хөгжмийн зэмсгүүдээр тоглохоор бэлтгэж байгаа нь нэн сонирхолтой бөгөөд, бүжгийг бүжиг дэглээч СТА Д.Энхгэрэл, хөгжмийн хөрвүүлгийг хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл гүйцэтгэлээ. Үндэсний хөгжмийн “Хангарьд” найрал хөгжмийг МУУГЗ Н.Туулайхүү удирдах юм.
“Ариун хаврын тахилга” этно балетын уран бүтээлчид:
Бүжиг дэглээч – Д.Энхгэрэл /МУСТА/
Хөгжмийн хөрвүүлгийг хөгжмийн зохиолч – Х.Алтангэрэл
Удирдаач – Н.Туулайхүү /МУУГЗ/
Уран сайхны удирдагч – Р.Мөнхсайхан /МУСТА/
Найруулагч – Олег Юмов /ОХ-ны Буриад улсын төрийн шагналт/
Туслах найруулагч – П.Урнаа /МУСТА/
Хувцас, дизайн – Б.Баярцэцэг
Дизайнер – А.Дөлгөөн
Тайзны зураач – Д.Одгэрэл
Уран сайхны удирдагч – Р.Мөнхсайхан /МУСТА/
Менежер – Л.Одгэрэл, Х.Болорбат
“Улаанбаатар” чуулгын “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал хөгжим
“Улаанбаатар” чуулгын бүжигчид
И.Ф.СТРАВИНСКИЙ
Оросын нэрт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинский бол XX зууны дэлхийн хөгжмийн урлагт шинэчлэл хийсэн гайхамшигт хүн юм. Хөгжмийн зохиолч, удирдаач, төгөлдөр хуурч тэрээр 1882-06-17-нд Санкт-Петербургийн ойролцоо Ораниенбаум хотноо (одоогийн Ломоносов хот) Марийн театрын гоцлол дуучин Фёдор Стравинскийн гэр бүлд төржээ. Багаасаа хөгжмийн театрын урлагт ойр байсан нь түүнд ихээхэн нөлөөлж хожмоо алдарт балетуудаа туурвисан байна.
И.Ф.Стравинский 9 настайгаасаа төгөлдөр хуур заалгаж эхэлсэн бөгөөд 1904-1906 онуудад (зарим эх сурвалжаар 1902-1908) Оросын нэрт хөгжмийн зохиолч, багш, сурган хүмүүжүүлэгч Н.А.Римский-Корсаковоор хөгжмийн зохиомж, найралжуулгын ухааны хичээл заалгасан байна. Чухам энэ хүний ачаар тэрээр хөгжмийн зохиомж, найралжуулгын ухаанд төгс суралцсан гэж үздэг.
“АРИУН ХАВАР” балет
И.Ф.Стравинскийн уран бүтээлд чухал байр суурийг эзэлдэг бүтээл бол ”Балар эртний Оросын зураглал” гэсэн тайлбартай “Ариун хавар” балет юм.
Түүний санаанд гэнэт балар эртний онгон шүтэх зан үйлийн дүр зураг орж иржээ. Хайр ивээлийг нь хүртэхийн тулд хаврын бурханд өргөл болгон өгөх гэж буй бүсгүйн үхлийн бүжгийг ахмад мэргэдүүд нь тойрон сууж, ажиглацгааж байгаагаар төсөөлсөнөө И.Ф.Стравинский “Дурьдатгал”-даа өгүүлсэн байдаг. Эртний Славяны сэдвийг дагнан судалдаг зураач Н.К.Рерих болон С.П.Дягилев нартай хөгжмийн зохиолч өөрийн энэ санаагаа хуваалцав. Тэд шинэ балет бүтээх санааг нь дэмжсэнээр “Ариун хавар”-ын удирдвар 1912 онд бэлэн болж, 1913 оны 6-р сард Парист анхны тоглолт нь боллоо. Анхны тоглолт нь дийлэнх үзэгчдийн зүгээс ширүүн эсэргүүцэлтэй тулгарав. Ер бусын хөгжмийн хэллэг нь эхний тактаас л шоолсон инээд, дургүйцлээ илэрхийлсэн орилоон хашгираан болж эцэстээ, энэ их үймээн шуугианд хөгжим ч сонсогдохоо больж бүжигчид будилж гүйцэв.
…Уг балет “Газар шороогоо үнсэх нь”, “Агуу их тахилга” гэсэн хоёр хэсэгт үзэгдлээс бүрдэнэ. Найрал хөгжмийн “Эхлэл хэсэг” хаврын байгаль сэргэн аажмаар цэцэглэж буйг зурагладаг. Бүжиг, тоглоом наадам, зан үйлийн ёслолууд ээлжлэн улмаар, үхэх тавилан оногдсон бүсгүйн “Агуу их, ариун бүжиг”-ээр төгсөнө.