Монгол улс, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд, Ж.Бизе “Кармен” дуурийг 2015 оны 05-р сарын 16-ны 17 цагт буюу УДБЭТ-ын тайзнаа тоглогдох гэж байна
Францын удирдаач Шарль Барбие нь Бретаний консерватур, Реннийн 2-р Их сургуульд сурч байгаад Парис хотын Үндэсний хөгжим, бүжгийн дээд консерватур, Сибельюсийн Академийн удирдаачийн ангийг Профессор Лейф Сегерстамын удирдлаган доор мастер зэрэгтэй төгссөн.Тэрээр Олон талын авъяастай бөгөөд Либанаар дамжин Колумбаас Филиппинь хүртэл, 2005 онд Японы Айчигийн үзэсгэлэн гээд дэлхийн 24 оронд дуу хоолойгоо сонсгож явжээ.
Тэрээр дундад зуунаас орчин үе хүртэлх бүхий л цаг үеийн баялаг урын сантай аж. Шарль Барбие нь Монгол улсад анх удаа ирж байгаагаараа онцлог юм.
“Кармен” дуурийн Ерөнхий найруулагчаар УГЗ Ж.Бүрэнбэх ажиллаж байгаа бөгөөд УДБЭТ-ын гоцлол болон найрал дуучид, симфони найрал хөгжим, Балетын жүжигчид оролцоно.
Алдарт “Кармен” дуурь нь “Удиртгал хөгжим”, “Тореадорийн дуу”, “Хабанера”, “Цэцгийн дуу” зэргээрээ хүн бүхний чихэнд хоногшсон бүтээл бөгөөд 1880 оноос хойш дэлхийн хамгийн алдартай дуурийн тоонд зүй ёсоор багтжээ. Тамхины үйлдвэрийн ажилчид, тэдний нэг болох үзэсгэлэн гоо, эрх чөлөөт, омог бардам зангаараа ялгарах цыган бүсгүй Кармен, түүнд ухаангүй дурласан цэргийн түрүүч Хозе нарын ээдрээт хайр сэтгэлийн түүхийг өгүүлдэг. Мөн 1820-иод оны Испанийн Севиль хотын амьдрал, хааны хатны тамхины үйлдвэр болох тухайн үеийн хамгийн сүрлэг байшинг тайзан дээр гайхамшигтайгаар дүрслэн харуулдаг.
www.urlag.mn