С.Гончиг 1909 онд Засагт-Хан аймгийн Цэцэн Сартуул хошуу, одоогийн Завхан аймгийн Цэцэн-Уул сумын нутаг Цэцэн Хайрхан уулын Модот ам гэдэг газарт малчин ард Сандагийн хоёр дахь хүү болон төржээ. Бага насаа эцэг эхийн гар дээр мал маллан өнгөрүүлж, аав Сандагаар төвд, уйгаржин монгол бичиг заалгаж сурсан бөгөөд таван настайдаа Цэцэн Сартуул хошууны Тэгшийн хүрээний Гэндэнпэлжээлин буюу Норвүлэгбалин хийдэд шавилан сууж, ах лам Гэндэнгийн дэргэд бурхны ном үзэж сахил хүртэн, их бага уншлага дүүргэжээ.
Улмаар бурхны шашны судар, дандарын номын ёсонд суралцан, олон бурхдын бясалгал бүтээлийг үйлдэн, дээдийн номын авшгийг хүртээд, 1924 онд Нийслэл Хүрээнд ирж, Дашчойнпэл дацанд шавилан сууж байгаад 1937 оны тухайн үеийн цаг төрийн байдлаас шалтгаалан их хэлмэгдүүлэлтийн жилүүдэд түр завсарлаад 1950 онд өөрийн хүсэлтээр өргөдөл гарган, дахин Гандантэгчинлэн хийдийн лам болжээ.
С.Гончиг нь Буддын цанид, Чойрын гүн ухааны номыг шургуу үзэж, бурхны шашны таван ухааны ном эрдэмд шамдан суралцаж, домын дамжаа барьж гэвш, улмаар гавжийн дамжаа барьж эдүгээ хүртэл олон жил хайлангийн хуралд морилон хурсан ач буянтай лам хуврага байлаа.
С.Гончиг лам 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хөдөлгөөнийг чин сэтгэлээсээ талархан дэмжиж, хувиасаа Монголын Ардчилсан Холбоонд хандив өргөсөн анхны хувраг хүн байсныг МоАХ-ны ерөнхий зохицуулагч С.Зориг баталгаажуулан талархсан баримт үлдээж байжээ.
Тэрээр тухайн үеийн Гандантэгчинлэн хийдийн хамба лам асан Данигай гуайн хүсэлтээр Дашчоймпэл дацанг сэргээн, шинээр барихад оролцож, хувийн хөрөнгөөр 300 гаруй бурхдыг бүтээн залж, бурхан тахилыг бүрдүүлж, жавдан олбог дэвсгэрийг хийлгэж өгчээ.
С.Гончиг гавж өөрийн санаачлагаар Буддын гүн ухааны гэвш цол хамгаалах эрдмийн үйл ажиллагааг явуулдаг Домын өргөөг дотор тавилга тохижилтын хамт иж бүрэн, мөн гэвшийн дамжааны үеийн нэгэн гол уламжлалт зан үйл Лянхын хуралд зориулж найман ханатай бүрэн тавилгатай гэр барьж өгсөн байна.
Гандантэгчинлэн хийдийн бурханч ламаар ажиллах хугацаандаа хийдийн гол шүтээн бурхдыг орон нутгаас залж, мөн Гэсэр сүм, Амарбаясгалант болон Эрдэнэзуу хийдийн хурал номыг сэргээхэд биечлэн оролцож, өөрийн хувь хөрөнгөөс нэмэр хандив оруулж байжээ.
Ач буянаа харамгүй хайрладаг тэрбээр Энэтхэг, Төвдөд алдаршсан Сартуулын Хорол цорж багшийнхаа захиасыг биелүүлэх зорилгоор өөрийн шавь нар, Завхан аймгийн болон Цэцэн-Уул сумын нутгийн ард олон сүсэгтнүүд, ах дүү, төрөл садан нарынхаа хамт Цэцэн Сартуул хошууны Тэгшийн хүрээний Гэндэнпэлжээлин буюу Норвүлэгбалин хийдийг хуучин байсан тэр янзаар нь сэргээн босгох чин санаа өвөрлөн зүтгэж, нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө гарган Завхан аймгийн Цэцэн-Уул сумын төвд орших Тэгшийн хүрээний туурин дээр Цогт цагийн хүрдэн сүм, Майдар бурхны сүм, Гурван цагийн бурхны сүм, Чойрын дацан, таван метр өндөр Мандшир бурхан, болон Бурхан багш мөн дүнчүүр маанийн хүрд, Бурхны чодон буюу найман суварга зэргийг бүтээн босгосон байна.
Дээрхи дацан, сүмүүдэд Шамбалын хаан буюу Рэгдэндагва бурхан, гурван метр өндөртэй Дүйнхэр бурхан, 2.5 метр өндөр Майдар бурхныг 2 шавийнх нь хамт, Дүйсүмсанжаа буюу гурван цагийн бурхад болох Одсүрэн бурхан, Бурхан багш, Майдар бурхан, Хорло цорж ламын зургаадугаар дүрийн гүнда буюу сэрэг дүр, Гонгор бурхан, 108 Аюуш бурхан, Өндөр гэгээн, Гомбо бурхан зэргийг бүтээн залж, ёс жаягийнх нь дагуу ёнзог буюу эрдэм төгс бүрдүүлэн аравнайлж, сүсэгтэн түмэн олны хүртээл болгожээ.
С.Гончиг гавжийн Монголын бурхны шашин, өв соёлд оруулсан гавъяа зүтгэлийг өндрөөр үнэлж Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор шагнасан байна. Багш таныхаа олон шавь нараа дээдийн зам мөрд хөтлөн оруулж, цаглашгүй их буяныг хураалгах ариун үйлсийг тань шавь бид нар нь сүслэн дээдэлж залбирч явах болно.
Эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан цаг үргэлжид амгалан жаргалан эдэлж, Багштайгаа төрөл тутамдаа хагацалгүй хамт учрах болтугай.
Ум ма ни бад мэ хум
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд,
Дашчоймпэл дацан, Тэгшийн хүрээний Норвүлэгбалин хийд,
Алтан жолоо групп, шавь нар